
“Монголын тэргүүн хуульч” ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бараг л жил гаруй хав дарсан Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт бүхий хуулийн төслөө өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь өдөр буюу 17-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж олон хүний “Нүдийг нь орой дээр нь гаргасан” билээ. Гэтэл Ц.Нямдорж сайдын тун ч удаан хав дарсан Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн удааширлаас хамгийн их цаг хугацаа хожин завшицгааж, ихээхэн гэм нүгэл, хийж хэрэгжүүлсэн гэмт хэрэг, үйлдэлүүд нь ямар ч ял зэмгүй өнгөрцгөөж байгаа этгээдүүд нь Монголын улстөрчид, эрх мэдэлтнүүд, албан тушаалын гэмт хэрэгтнүүд гэдгийг Монголчууд хэнээр ч заалгахггүй маш сайн мэдэрцгээж байгаа.
Монголын төрийн албыг хамгийн их будлиантуулж, ард иргэдийнхээ итгэл найдварыг хөл дороо дэвсэлсэн байгууллагуудаар хууль шүүх, прокурор, хил гааль, банк санхүүгийнхэн тодроод багагүй хугацааг өнгөрүүлж байгааг Монголын жирийн ард түмэн бараг л орой бүр цэнхэр дэлгэцээрээ ширтэн харцгааж, хэлэх муу үгээ барцгаадаг билээ.
Гэхдээ өнөөдөр тэдгээр авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглаж улс эх оронд болон жирийн ард иргэдийнхээ амар тайван, хөрөнгө санхүүгийн хувьд халдашгүй баталгаатай амьдрах, маргаашдаа итгэх итгэлийг нь хэн дуртай нь хөл дороо дэвслэн байдаг тэдгээр төрийн албадаас Монголчуудыг хамгийн ихээр хохироодог, харин эрх мэдэлтнүүд, “Цагаан захтан”-уудыг үйлдсэн бүх л гэмт хэрэг, авлига хээл хахуулийн аварга том сүлжээг нь цаг ямагт “Цээжээрээ халхалж” байдаг Монголын хууль шүүх, нэн ялангуяа тэдгээрийн толгойд цаг ямагт сууж л байдаг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн увайгүй үйлдийн талаар баримт сөхөн өгүүлэхээр шийдсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдрөөс таван сарын өмнө Ц.Нямдорж сайдад “Эрүүгийн хууль тогтоомжуудын гажуудлыг засах асуудлаар санал дүгнэлт”- ээ өргөн мэдүүлж байсан билээ. ХЗДХ-ийн сайдад өргөн мэдүүлж байсан тэрхүү санал дүгнэлтэд “Эрүүгийн хууль шинэчлэгдэн, мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг хуулийн зарим заалт эрүүгийн эрх зүйн нийтлэг жишиг, суурь зарчимтай илт зөрчилдсөнөөс гадна хүний эрх, нийгмийн шударга ёсны хэм хэмжээ, агуулгыг алдагдуулах ноцтой үр дагавартай байсан нь тодорхой болоод байна. Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг заасан нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалттай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж заасан атлаа уг хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан нь хуулийн хэрэглээнд ойлгомжгүй, хүндрэлтэй байдал бий болгосон. Дээрх хоёр нөхцөл байдлыг чухам алинаар нь тооцох эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл бий болсон. Чухам ямар тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд хамруулах нь тодорхойгүйн дээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг яллагдагчаар татсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаанд хэрхэн орж тооцох эсэхийг эрх зүйн ямар ч зохицуулалтгүй орхисон байна. Зүй нь ийм хоёрдмол утгатай заалт орсон тохиолдолд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нь тогтоогоод хэргийг нь ял өгөхгүйгээр хэрэгсэхгүй болгох хандлагатай. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд, доод хязгаараас өөрөөр хуульчлагдсан нөхцөл эрүүгийн хуулийн тусгай ангид нь цөөнгүй тусгагдсан нь хөөн хэлэлцэх хугацааг тооцох, хэрэглэхэд түвэгтэй байдлыг бий болгосон. Жишээ нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх) 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Энэ гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны алийг авах нь ойлгомжгүй, эргэлзээтэй. Үүнтэй адил төстэй гэмт хэргүүдэд (17.1.1, 17.2.1, 17.3.1, 22.10.1 г.м) хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломж алдагдсан. Эрүүгийн хуульд хуульчлагдсан 209 төрлийн гэмт хэргээс 84 зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь эргэлзээтэй, хийдэл, зөрчилдөөнтэй байна” хэмээн маш топорхой үндэслэлүүдийг сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн албан бичгээрээ илэрхийлсэн байдаг.
Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын тэрхүү тодорхой асуултуудад өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүйгээр барахгүй харин ч Эрүүгийн хуульд оруулсан Хөөн хэлэлцэх хугацааны тухай нэмэлт өөрчлөлтөөр эдлэх ёстой ялаасаа чөлөөлөгдсөөр байгаа Монголын эрх мэдэлтнүүд, “Цагаан захтан”-уудыг улам давруулсаар байгааг дараах баримтаас харж болох юм.
Ер нь бол Ц.Нямдорж сайдыг “Монголын тэргүүн хуульч, чигч шударгын туйл болсон хүн” гэсэн тун ч хачирхалтай ойлголт Монголчуудын олонхид байдаг нь гарцаагүй үнэн билээ. Гэтэл өнөөх “Чигч шударгын туйл" болсон сайд маань Эрүүгийн багц хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тас атгаж, өнөөдрийг хүртэл урагш нь ганц алхам ч ахиулахгүй байгааг ард иргэдийн олонхи нь мэдэхгүй шахам л явцгаасан. Гарцаагүй үнэн баримт нь Ц.Нямдорж сайд толгойлж, хууль шүүхийн зарим эрх мэдэлтнүүд эвлэлдэн нэгдэж урагш нь огт хөдөлгөхгүй байсан хуулийн төслийг баталчихвал олон авлигач, төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчдад зохих хариуцлагыг нь ногдуулах, бусдад нь болон ирээдүйн авлигач, албан тушаалын донтонгуудад ч хатуухан сануулга болох нь ойлгомжтой юмсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.10.2 буюу Хөөн хэлэлцэх тухай заалтыг даруйхан үндсээр нь өөрчлөх зайлшгүй шаардлага Монголын өнөөдрийн нийгмийн байдлаас урган гараад удаж байгаа юм. Хамгийн тодорхой баримт нь Эрүүгийн хуулийн энэхүү заалт нь Монголын хуулийг хөл дороо дэвслэн авлигал, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг цэцэглүүлж байгаа “Цагаан захтан-уудад ял завших хамгийн таатай нөхцөл болоод байгааг олон шударга хуульч, өмгөөлөгч, цөөнгүй улстөрчид ч батлан яриад удаж байгаа. Гэвч хуулийн шинэчилсэн хувилбарыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж толгойтой эрх бүхий албан тушаалтнууд гацаанд оруулан таг дараад мөн ч олон сарыг өнгөрүүлчихлээ. Хамгийн сүүлд тодорхой болсон мэдээллээр Ц.Нямдорж сайд тэргүүтэй Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурор зэрэг эрх мэдэлтэй газарт бугшсан албан тушаалын донтнуудын тарьж байгаа балгаас болж “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү болон түүний хамсаатан хэмээн нэрлэгдээд байгаа ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат тэргүүтэй албан тушаалтнуудын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, тэдэнд хамаарах хэрэг хэрэгсэхгүй болоход тун ойртлоо.
Шулуухан дүгнэхэд Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан Ш.Батхүү тун ч удахгүй “Ямар ч ял зэмгүй” өнгөрөх нь бараг л тодорхой болчихлоо. Товчхондоо бол энэ оны гуравдугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр тэдний хэргийг прокурорт нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байдаг. Учир нь “Эрдэнэт”-ийн хэрэгт хутгалдсан этгээдүүд ээлж дараалан гомдол гаргаж, мөрдөн байцаалтаа улам бүр сунжруулж, чадлынхаа хэрээр удаашруулсаар өнөөдрийг хүрээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, бүтэн зургаан сар өнгөрөөд байхад уг хэрэг мөрдөн байцаалтын шатандаа гацсаар байгаа. Үүнтэй холбоотой ХЗДХ-ийн яамны дэд сайд асан хуульч Б.Энхбаяр “Эрдэнэтийг дааж давшгүй их өрөнд оруулсан Ш.Батхүү хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хүлээх, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй саатуулах үүргийг Ц.Нямдорж хариуцан хэрэгжүүлж байгаа нь хаашаа ч булташгүй үнэн” хэмээн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн нь оргүй хоосон гүтгэлэг биш билээ.
Ер нь бол ХЗДХ-ийн яамны дэд сайд асан Б.Энхбаярын нотолж байгаагаар ганцхан Ш.Батхүү ч биш Монгол Улсад маш их хэмжээний хохирол учруулсан цөөнгүй төрийн албан хаагчид, авлигач, хээл хахуулийн гэмт хэрэгтнүүд тарьсан гэмт хэргүүдийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хоног тоолон хүлээж, гадуур байцаагдсан болж, хавтаст хэргүүд нь хэн нэг мөрдөгчийн ширээний нүдэнд бат найдвартай хадгалагдаж байгаа нь хаашаа ч бултахын аргагүй бодит үнэн юм. Мэдээж тэдгээр гэмт хэрэгтнүүдийн нэрсийг дурдвал Хөгжлийн банкны хэрэг, 60 тэрбум, УИХ-д өнөөдөр ч уулийн хамгаалалт дор бугшиж суугаа ЖДҮ-чид, офшор, АСЕМ гэх мэт дуулиантай, олон том хэргүүдийг давын өмнө нэрлэх ёстой.
За тэгээд Ц.Нямдорж сайдын нүдний харц, дохио зангаагаар дархлагдсан гэмт хэрэгтэн этгээдүүд, тэднийг “Цээжээрээ хамгаалагчид”-ийн урт цувааг цааш нь хөврүүлвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох 700 гаруй сая төгрөгийн хохиролтой гэмт хэргийг шүүн хэлэлцсэн болоод “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод хаячихсан байх жишээтэй.
Тун удахгүй Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл, түүний ганц хүү Б.Чулуудай нарт холбогдох ихээхэн хэмжээний авлигал, хээл хахуулийн гэмт хэрэг ч мөн л Эрүүгийн хуульд оруулсан “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх хачирхалтай өөрчлөлтөөр хав дарагдаад өнгөрөх нь тодорхой болчихлоо. Энэ мэт цөөнгүй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсаар л байна. Үнэн хэрэгтээ үүний цаана эрх ашиг бүхий албан тушаалтан, улстөрчид “Иймэрхүү хэргийг ингэж шийдвэрлэвэл олон нийт хэрхэн хүлээж авах нь вэ” хэмээн тандаж, нөгөө талаар ийм шийдвэрт ард иргэдийг дасгах бохир механизмаа хэрэгжүүлсээр өнөөдөртэй золгочихлоо. Дээрх хуулийн заалтыг өөрчлөн засахгүй, хэвээр үлдээчихвэл энэ мэт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон цагаан захтнуудтай холбоотой хэргүүдийн хэд нь “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болохыг хамгийн сайн мэдэрч, түүний төлөө албан тушаалаараа түрий барьсаар өнөөдөртэй золгосон “Тэргүүн хуульч” эрхэм сайд Ц.Нямдорж танд ер нь ямархан наймаалцал, алс хойчоо харсан “Далд санаархал” нуугдана вэ.
Хамгийн харамсалтай нь Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас 40 сая ам доллар зээлж, улсыг тэр хэмжээгээр хохироож амжсан “Жаст”-ын Т.Батхүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь тун удахгүй буюу энэ есдүгээр сард дуусах нь тодорхой болчихсон. Гэтэл томоохон гэмт хэрэгтэн Т.Батхүү ямар ч ял зэмгүй сугарч үлдэх гэж байхад Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хав дарсан хуулийн төслөө өнөөдрөөс зургаахан хоногийн өмнө буюу 17-ны өдөр УИХ-д өргөн барьсан Ц.Нямдорж сайд та чухам юуны төлөө, хэний эрх ашгийг хамгаалсаар өнөөдөртэй золгосон хэрэг вэ. Энэ талаар тун удахгүй өөртэй чинь уулзаж ард иргэдэд үнэнд жаахан ч болтугай ойртсон мэдээлэл түгээхийг эрмэлзэнэ дээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Irgen
(107.72.162.120) 2019-09-23 15:38Zov
Хариулах