ТЭНГЭРИЙН ХААЛГА ба УСТАЖ БУЙ ЦӨӨН ТООТ ҮНДЭСТЭН

Twitter Print
2020 оны 05-р сар 28-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Тэнгэрийн хаалга нэрээрээ бидний танил болсон өмнөд Хятадад 1800 метрт сүндэрлэх Тианмен уулыг та нар маань мэдэх байх. Хаана ч байхгүйгээр жуулчдын адерналиныг ялгаруулах дэлхийн хамгийн урт 7 км агаарын машин, айдас гайхширал мэдрүүлэх шилэн гүүр гээд тоочоод барахгүй байгалийн сайхантай эл газраас сургамжлаад барахгүй хоёр үндэстний уусал мөхлийг харлаа.

Дэлхий даяар Хятадын бахархал болоод байгаа үзэсгэлэнт сүрлэг Тэнгэрийн хаалгатай Хунан муж бол Тужиа болон Миао гэх хоёр өөр үндэстний нутаг. Гэхдээ өнөөдөр шинж чанарын хувьд энэ хоёр үндэстэн оршиж буй мэт боловч мөн чанарын хувьд хэлний мөхлөө дагасан соёлын уусалд живж, оюун санааны тусгаар тогтнолоо алджээ.

Тоог нь асуувал Тужиа үндэстэн 8, Миао үндэстэн 9.6 сая гээд нийлээд 18 сая шахуу хүн амын тоо хэлж байгаа нь гурван сая бид хэдэд бол атаархам тоо санж. Гэтэл үндэстэн мөхөх, сэхэх нь хүн амын тоотой хамаагүй ажээ.

Image result for sky door, china tujia an miao

Тужиачуудын оромж

Эл газар ирэхэд гоёмсог хийцтэй үндэсний хувцастай Тужиа, Миао бүсгүйн зурагтай “Манай нутагт тавтай морил” гэсэн зурагт хуудаснаас эхлээд, үхрийн шүтээн барималууд гээд зэрвэс харахад бахдам боловч үнэндээ хуурмаг бэлэгдэлүүд хаа сайгүй таарна. Яг л Өвөр Монголд хот хөдөөгүй Хятадын аялал жуулчлалын яамны төлөвлөгөөгөөр босгосон хоосон шүншигтэй Чингис хааны эзэнгүй баримлууд шиг.

Энэ үндэстний өөртөө засах тосгон гэж байх бөгөөд үнэн чанартаа яваад очихоор музей маягтай тохижуулсан сайхан үзмэр байна. Гоёмсог мөнгөн хийцтэй үндэсний хувцсаар гоёсон Тужиа залуус ардын урлагаараа зочидоо угтах хэдий ч энэ үзүүлбэрийн цаана Хятад эзэнтэй жуулчлалын компани бүх бизнесийг атгаж байгаа нь хэдэн үг солих төдий л мэдэгдэнэ.

Image result for sky door, china

Өвөр Монголын төв Хөх хотод музей гэлтэй Монгол баатарын сүрлэг хөшөө, морин хууртай аварга гүүр, босоо монгол бичгээр битүү дүүрсэн гудамж талбайд алхдагч цаанаа л нэг Хятад хүмүүсийн дунд амьдрах эрхшээлийг мэдрүүлэх хүйтэн орчинг санагдуулдагтай ижил.

Тужиа, Миао үндэстний ингэж нутаг орондоо бодит эзэн биш хүчин мөхөс байдлын үндэс суурь нь ҮНДЭСНИЙ ЭХ ХЭЛЭЭ алдсанаас эхтэй. Тусгаар улс байхын үндэс нь хэл, соёлын дархлаа байдаг билээ. Төрөлх хэлгүй соёл бол хөөстэй адил хагарч замхарсаар.

Image may contain: 2 people, people smiling, people standing, mountain, outdoor and natureӨнөөдөр Хятaдууд 56 үндэстний өлгий гэж өөрсдөөрөө бахархах ч үнэндээ ихэнхи нь аль хэдий нь Хятадын зөөлөн бодлогод ууссаар, зарим нь зохиомол үндэстэн төдий тоо бөглөжээ. Жишээ нь Манж үндэстэнг 10 сая хүнтэй гэж албан ёсны эх сурвалжуудад танилцуулах ч өөрийгөө Манж үндэстэн гэж танилцуулсан нэгэн их сургуулийн ажилтны хэлснээр Манж хэлээр ярьдаг 50-иад хүн л бүх Хятад даяар байдаг аж. Тиймээс Манж үндэстний хүн ам 50 хүнтэй ялгаа юу байна.

Хэдий Өвөр Монгол ахан дүүсийн тоог 5 сая гэх статистик тоо байдаг ч үүн дотор хэд нь цэвэр цусны Монгол байгаа бол. Хөх нуур, Дээд, Юань гүрнээс тасарсан өмнөд нутагт амьдрагч гээд бүх Монгол угсаатан дээр, нэр усаа сольсон Хятад хүн бүрийг оролцуулаад энэ тоо гарсан байдаг. Бодит байдал дээр Монголоор ярьдаг Өвөр Монгол хүний тоо бүдүүн барагаар 2 сая гаруй. Хэлээ мэдэхгүй Монгол хүнийг Монголд оруулан тоолох, маргааш үхэх хаврын ядарсан малыг тоонд оруулан данслах хоёрт чанарын ялгаа байхгүй.

Гэтэл Хятадын мөнгөн тэмдэгт дээр Босоо Монгол бичгийг хамгийн түрүүнд тамгалан бичсэн нь Хятад орныг цөөн тоот үндэстний хэл соёлыг хачин сайхан хамгаалж, зэрэгцэн оршдог гэж дэлхий даяар шагшина.
Бид энд Хятадын төрт ёсны дархлаа болж дотоод, гадаадад харилцан нөлөөлөх Зөөлөн Хүчний бодлогыг буруушаах гэсэнгүй. Хятад, Орос, АНУ гээд хүчирхэг байгаа хэн ч гээд араатны араншинтай нь жам.

Тиймээс бид яах вэ гэдэг хамгийн том асуудал. Гаднаас ирэх дайралт бол чухал биш харин дотроо хатуу дархлаатай байх нь хамгаас чухал.

Энэ дархлаа бол МОНГОЛ ХЭЛ. ХЭЛ СОЁЛ бол уурхай шиг нөхөн сэргээж, мал шиг нөхөн төлжиж болдоггүй дэндүү эмзэг. Хэл соёлоо алдсан Тужиа, Миао үндэстэн өнөөдөр үндэсгүй мод болж Хан үндэстний хэл соёлын далайд хөвөх 18 сая зомгол болон бүдгэрсээр.

Related image

Миао үндэстний дүүрэг

Ээжийгээ байхад эрхийн тэнэгээсээ хагацдаггүй шиг эх хэлээ байхад үнэ цэнийг нь ойлголгүй лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй гээд хазгай муруй баахан хэл үр хүүхдүүддээ үлдээж болохгүй аж. Бяцхан тархийг нь харийн соёлоор угжин тэжээх нь тэднийхээ ирээдүйд амьдрах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолыг өөрийн гараар бусниулж буйтай агаар нэг мэт.

Ингэж л болохгүй юм шүү гэдгийн нэгэн тод жишээг бид Тужиа, Миао үндэстний хөөс мэт оршихуйгаас харлаа. Эх хэлээ тойрон нэг дор бөөгнөрөх шаардлагагүй болсон Тужиа, Миао нар өдгөө өмнөд Хятадаас хойд Харбин хүртэл 9 мужийг дамжин тархан тарамдагджээ.

Эх хэлний дархлаа үндэстний баталгаа гэдгийн нэг том жишээ бол өнөөдрийн Израйль. Тэд төрөлх хэлээрээ соёл, оюун санаагаа уламжлуулж үлдээж чаддаг учраас газар нутаггүй 2000 жил золбирсон ч үндэстэн хэвээрээ үлдэж чадсан. Тэдний хүч чадлын эх булаг бол Хибру хэлээр дамжин ирэх Жүүдийн соёл. Жүүдийн соёлын эх үндэс Хуучин гэрээ гурав. Харь хэлийг гарамгай эзэмшсэн Израйль оюутнууд Хибру аялгатай хатуу Англи хэлнээсээ ичих биш бахархаж чанга ярина.

Өнөөдөр Хятадын 56 үндэстний цөөнхийн хамгийн олон хүн амтай нь Зуанг үндэстэн 18 саяулаа. Үүний араас Хуй үндэстэн 10.5 сая, Манж 10.3 сая, Миао 9.4 сая, Юи 8.7 сая, Тужиа 8.3 саяулаа атал өөрийн гэсэн хэлгүй шахуу учраас түүхийн хуудаснаас арчигдаж ч мэдэхээр байна.

Image result for sky door, china

Гэтэл эдний заримтай нь ижил, заримаас нь цөөн Уйгур, Монгол, Төвд гурав Хятад дотор бусадтайгаа харьцуулвал илүү нөлөөтэй, бие даасан, цэвэр талдаа байгаа нь эх хэлний ач, хүч юм.

Эх хэлээ төгс эзэмшиж чадсан хүн л харь хэлийг төгс эзэмшдэг гэдэг. Өнөөдөр бидний цөөхөн Монголчууд илүү олон хэл мэдэх тусам гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцана. Монгол хүүхэд бүр Англи, Хятад, Орос гэсэн гурван хэлийг төрөлх хэл шигээ өндөр түвшинд сурах ёстой. Гэхдээ үүнээс урьтаж язгуур Монгол хэлний бат дархлаатай болох хэрэгтэй.

Энэ нь хэлээ дархалж байгаагаас илүү тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа хэрэг. Хүн ер нь аль хэл дээр суурилж бодно тэр л үндэстнийхээ нэг хэсэг болдог уусалтай.

Энэхүү аялалынхаа тэмдэглэлийг энд жаргаая. Баяртай Хунань мужийнхаан.

Үүлс зүсэн сүндэрлэх уулсын сайхан Тианмен уул чиний оргил Тэнгэрийн хаалгатайгаа үзэсгэлэнтэй ажээ.
Үнэлж баршгүй ухаарал өгсөн бэл дэхь амьдрал чинь сонирхолтой байлаа.

Буянаагийн Ган-Очир

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.