
Туркийн төрийн өмчит Анадолу мэдээллийн агентлагаас мэдээлснээр Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хуудаснуудын 96.15 хувийг тоолж дууссан ба санал хураалтын дүнгээр тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сонгогчдын 49.44 хувийнх нь саналыг авч тэргүүлсэн бол түүний гол өрсөлдөгч Кемаль Кылычдароглу 41.82 хувийнх нь саналыг авсан байна.
Турк улсын хуульд зааснаар сонгуульд нэр дэвшигчдийн аль нь ч сонгогчдын 50 хувийн саналыг авч чадаагүй тохиолдолд сонгуулийн 2-р шатыг зохион байгуулах ёстой сонгуулийн 2-р шатыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар тогтжээ. Ерөнхийлөгч Эрдоган ялагдал хүлээсэн тохиолдолд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байж магад гэж зарим ажиглагчид үзэж байгаа ч өнгөрсөн баасан гарагт Эрдоган сонгуулийн санал хураалтын үр дүнг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн юм.
Түүний өрсөлдөгч 74 настай Кемаль Кылычдароглу нь сөрөг хүчний 6 намын эвслийг төлөөлөн нэр дэвшсэн социал-демократ юм. Тэрээр Турк улсыг дахин парламентын засаглалтай болгож, төв банк зэрэг төрийн өмчит байгууллагуудын хараат бус байдлыг сэргээж, инфляцийг бууруулах амлалтыг өгсөн юм.
Кемаль Кылычдароглу Турк улсыг дахин ХБНГУ болон Европын холбоотой харилцаагаа сэргээж, цагаачлалын бодлогыг чангатгах ёстой гэж үздэг аж.
Сүүлд олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар Турк улсыг 20 жил удирдсан Эрдоган болон өрсөлдөгч Кемаль Кылычдароглу хоёрын рейтинг ижил төвшинд очсон байсан юм.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзая
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.