Х.Батсүх: ТҮЦ-ээрээ л өдөр хоногийг аргацааж суудаг юм...

Twitter Print
2019 оны 09-р сар 22-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарын захын Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийн борчуудын амьдрал бол яах аргагүй янз бүрийн худалдаа эрхэлж, Нийслэлчүүддээ үйлчилж байдаг Сүлжээ дэлгүүрээс эхлээд наад захын ТҮЦ ажиллуулж, өдрийнхөө хоолны мөнгийг аргалж суудаг, эхнэр нөхөр, зарим үед хүүхдүүд нь ч тэрхүү ажилд нь хутгалдан ордог нэгэн гэр бүлийн эх захгүй өрнөдөг их ажлаас тогтнож байдаг нь нууц биш билээ.    

Тийм учраас энэ удаа өдрийнхөө хоолны мөнгийг аргалж суудаг ч яах аргагүй Улаанбаатарын бас л нэгэн “Худалдаачин” болох нь тодорхой нэгэн ТҮЦ ажиллууллагч эрхэмтэй уулзаж ярилцлаа. Уулзаж ярилцсан залуугийн маань  орсон гарсан болгоныг халуун кофе, татах тамхи, бохь чихэр, ундаа, за тэгээд хүний хэрэгцээний бусад зүйлээр хангаж байдаг ТҮЦ нь Офицерүүдийн ордноос өмнө зүгт “Номин” агуулах худалдааны төвийн хажууханд юм билээ. Түүний хэлснээр ёстой л “Энэ ТҮЦ-ээрээ л аргацаан өдөр хоногийг өнгөрүүлж суудаг” нь  яах аргагүй үнэн бололтой.     

Хөөгдөж туугдан тэрхүү ТҮЦ-ээрээ амьдралаа залгуулж суугаа түүний нэрийг Х.Батсүх гэдэг юм байна. Тэрээр өнөөдрийн амьдралын бодит үнэний талаар шулуухан яриа өгөхөөс татгалзаагүй бөгөөд “Харин би яагаад ч зургаа авхуулахгүй шүү. Хэвлэл мэдээлэл дээр зурагтайгаа гарч олны доог тохуу болоод яах ва. Зүгээр л өдрийнхөө хоолны мөнгийг арай чамай аргалж суудаг энэ ТҮЦ-ийг тойрон гарч ирдэг гэнэтийн зовлон, тухайлбал  дүүргийн Газрын албаныхан мөн Татварын Хэлтэс, Цахилгаан түгээх сүлжээнийхний  заналхийллийн талаар ярьж өгч болох юм” гэснээр бид хоёр хөөрхөн хөөрөлдөөд авсан юм.

-Танай ТҮЦ энэ хавьдаа л хамгийн эрт онгойх юмаа даа. Өглөө эрт онгойлгохоор ашиг, орлого арай сайн байна биз?

-За яах ва даа. Өглөө долоон цаг жаахан өнгөрүүлээд л онгойлгодог юм. Тэр үед яах вэ дээ хичээлдээ явж байгаа хүүхдүүд орж ирж нэг чихэр, маруужин, жижиг ундаа энэ тэр л авдаг юм даа. Бас ажилдаа явж байгаа хүмүүс нэг шургаж орж ирээд эрчүүд нь ширхэгийн тамхи, за тэгээд ширхэг “Хаан” цай, ширхэг кофе, эмэгтэйчүүд бол жижиг ундаа, 00-ын цаас энэ тэр гээд жижиг сажиг юмнууд л аваад гарцгаадаг юм даа. Тэгээд өдөржингөө сууж гэмээнэ яахав дээ арай хоосон гэртээ сууснаас л дээр байдаг юм даа. Сүйдтэй овойж оцойсон ашиг, орлого олоод байдаг юм байхгүй дээ. Арай л гэртээ өдөржин гиеүрч сууснаас дээр байх юм даа.

-Өөрөө урьд нь энд тэнд ажиллаж байсан уу. Одоо тэгээд ажилгүй болчихоод энэ ТҮЦ-ийг ажиллуулж сууна уу?

-Аа нэг Барилгын компанид ажиллаж л байсан. Тэгээд тэр Барилгын компани чинь цалингаа хугацаандаа өгөхгүй байнга л унжиж байдаг болохоор өөрийнхөө дураар ингээд энэ ТҮЦ-нд сууж байх нь арай л илүү байх юм даа. Энд суулаа гээд дүүргийн Тохижилт үйлчилгээнийхэн болоод Газрын албаныхан, Татварын Хэлтэсийнхэн л жаахан дарамталдаг юм даа. Аа тийм бас нөгөө Тог Цахилгаан мэддэг нөхдүүд байнга л энэ цахилгааныг таслаад хаячихна. Энэ гадаа хойд шонгоос Цахилгаан татаж оруулсан байгааг харж байгаа биз дээ. Тэрийг бол байнга л таслаад хаяихна шүү дээ. Тэгээд ямар сайндаа л Лаа бариад сууж байх вэ дээ. Ер нь дүүргийнхэн их дээрэлхэнэ ээ. Татварынхан бол ер зүгээр байлгахгүй л дээ.

-Өвлийн хүйтэнд зүгээр ч нэг энд сууж байхгүй нь тодорхой л доо. Ямар ч гэсэн энд суугаад “Хоёр идэхгүй хоосон хонохгүй” болгоод байна биз?

-За яах вэ дээ. Бид нар чинь энэ бараа тараадаг машинд жаал юм захиж авчруулах юмуу, өөрсдөө ийшхэнээ Нарантуул руу гүйж очоод жаал бараа авч ирээд л тав, арван төгрөг нэмээд зарж суудаг юм. Ер нь бол энэ өвлийн хүйтэнд чичрэн дааран энд суугаад нэг их амьдрал дээшлээд, хоёр гурав идээд байдаг юм гэж огт байхгүй шүү дээ. Энэ бол ердөө л түр зуурын амь аргацаасан л амьдрал шүү дээ. Яах вэ нөгөө Орлого тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээнд ТҮЦ багтаж явдаг болохоор сүйдтэй Татвар нь бас арай гайгүй л дээ.

Сардаа 6-8 мянган төгрөгийн Татвар гэхүү дээ хураалгаад л сууж байдаг юм.

Хамгийн гол нь биднийг баллаад байдаг мөнгө нь энэ ТҮЦ-ний Түрээс гэж нэг айхтар юм байдаг. Одоо жишээ нь тэр хойд ТҮЦ-д манай хүү сууж байгаа. Би эндээ нэг юм ухнатаж суудаг ухаантай. Энэ хоёр ТҮЦ-ний сарын Түрээс гэхэд л 600.000-1.500.000 төгрөг төлнө шүү дээ. Мөн овоо тоо байгаа биз.

Хамгийн гол нь энэ хоёр Түрээсийн мөнгийг олох гэж л ёстой нэг махаа иддэг юм даа. За тэгээд нэг сарынхаа 2 сая гаруй төгрөгийн Түрээсийг төлчихвөл сая нэг юм санаа амардаг ухаантай. Мөн ч ярвигтай байгаа биз дээ.  Дээр хэд хоногийн өмнө дүүргийн Газрын албаныхан ирж тэр хойд манай хүүгийн сууж байгаа ТҮЦ-ийг ачиж явах гээд бөөн бужигнаан болсон шүү. Тэгээд яах вэ дээ. Бид нар Түрээсийг нь төлөөд суудаг болохоор жинхэнэ эзнийг нь дуудаж өнөөх чинь тэр дүүргийн Газрын албаныхантай бараг л барилцаж авч зодолдох нь холгүй юм болж байж нэг юм арайхийн ТҮЦ-ээ авч үлдэх шиг л болно лээ. Мөн хэцүү шүү дээ.

-Нийтийн эзэмшлийн талбайд буюу автобусны буудал дээр зөвшөөрөлгүй барьсан, буулгасан ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгийг буулгаж, газар чөлөөлж эхэлсэн нь аль 2016 оны зунаас эхэлсэн төр засгийн нэгэн сүрхий, сүржин ажил л даа. Мэдээж тэрхүү төрийн эзэрхийллийн золиос нь ТҮЦ ажиллуулж, арайхийн амьдралаа залгуулсаар ирсэн жирийн иргэд л болсон байдаг л даа. Тэр л тэгвэл танай хүүгийн сууж байгаа ТҮЦ-нд тохиолдож л дээ?

-Хэн мэдэх вэ дээ. Бодвол тэгсэн юм байгаа биз дээ. За тэгээд нэг 200 мянган төгрөгийн борлуулалт хийж гэмээнэ түүнээсээ 20 хувийг нь буюу 40 мянган төгрөгийг нь цааш нь хийн хадгалж 20-ийг нь Түрээсэндээ жоорлоно шүү дээ. Ер нь бага багаар нь цааш нь хийж жоорлож л суухгүй бол удахгүй л хэцүүдээд явчихдаг гэмтэй л дээ. Одоо жишээ нь Тог, хогондоо нийлүүлээд бас нэг 5 мянган төгрөг цааш нь хийж суух жишээтэй.

Өдөрт олсон хэдэн төгрөгнөөсөө орой нэг дээд тал нь 8 мянган төгрөгөөр гэртээ нэг жаахан мах, ногоо энэ тэр аваад л харьдаг юм даа. Тэгээд энэ дотор чинь өдөржингөө суудаг болохоор өөрөө бас өдөр нь нэг 3-5 мянган төгрөгөөр идэж ууж, тамхиа татахгүй бол үнэхээр хэцүү байдаг л даа. Тэгээд л өдрийн олдог нөгөө нэг 20 мянган төгрөг дуусна шүү дээ. Явдалтай явдалтай. Зун бол яах вэ дээ. Өдөртөө 300-аад мянган төгрөгийн орлого орж ирдэг л юм. Тэгээд яах вэ дээ нөгөө л Түрээс, бас жаахан татвар энэ тэр гээд яваад өгнө л дөө. Ер нь бол энэ ТҮЦ-ийг ажиллууллаа гээд овойж оцойтлоо мөнгө олоод, амьдралаа зохицуулаад, сайжруулаад байна гэж үнэндээ огт байхгүй. Зүгээр л өдөр хоногийг л аргацааж суудаг юм шүү дээ.

-Сая гуравхан хоногийн өмнө энэ хойно Офицеруудын ордны өмнөхөн байдаг ТҮЦ-нүүдээс лав л нэгийг нь хурааж, машин дээр ачаад явчихаж байсан. Ер нь ТҮЦ-ээ хураалгачихвал тэнд сууж байсан хүмүүст бас л багагүй бэрхшээл болдог байх даа?

-Хэдийгээр яг жинхэнэ амь амьдрал нь биш ч гэсэн бас ч гэж нэг айл гэрийг ам бүлийнх нь хамт тэжээж яваа жижигхэн ТҮЦ гэлээ ч гэсэн нөгөө талаар ТҮЦ-нээс үнэтэй амь гэж юу байх вэ дээ. Гэхдээ бас ч гэж тэнд сууж байсан хүмүүс  хаа дуртай газраа л зөвшөөрөлгүй ТҮЦ буулгаад, дотор нь өөрсдөө орж суугаад байдаг юм биш шүү дээ. Мэдээж бага ч гэсэн  зөвшөөрөлтэй газраа хууль дүрмийнх нь дагуу зөвшөөрөлтэй  л үйл ажиллагаагаа явуулж байсан болов уу даа. За яах вэ дээ. Мэдээж энэ нийслэлд чинь эзэн, дарга нар гэж байгаа л даа. ТҮЦ эрхлэгчдийн хувьд хэтэрхий дур зоргоороо амьдраад аашлаад байгаа зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ цаад нарийн  бүх л учрыг  нь би яаж мэдэх билээ.

Энд л гэж хэлэхэд Нийслэлд олон ТҮЦ байгаа. Ялангуяа автобусны буудал дээр шамбааралдсан олон ТҮЦ-ийг цэгцлэх хэрэгтэй нь ойлгомжтой л асуудал. Зарим нь ажилладаг ч үгүй, цонх нь хагарчихсан, хаалга нь хаалттай байдаг нь үнэн.

Ноднин зун намар манай энэ дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байсан олон ТҮЦ-үүдийг буулгаж л байсан. Мэдээж тухайн үед тэдгээрийг ажиллуулж байсан хүмүүсийг зүгээс нэлээд эсэргүүцэл үзүүлж, бүр зарим газар эмх замбараагүй байдал ч гарч л байсан байх. 

Лав л би нэг явж байгаад харахад Жуковын музейн өмнөх автобусны буудал дээр байсан нэгэн ТҮЦ эрхлэгч хүч хэрэглэж байгаа цагдаа болон хүчнийхэнтэй хэрэлдэж, сүүлдээ бараг л зодолдож байсныг харсан юмдаг.

-Ер нь Байнзүрх дүүргийн Худалдаа үйлдвэрлэлийн Хэлтэсийнхэн та нарт бас л нэлээн ширүүлхдэг байх даа? 

-За даа манай дүүргийн Худалдаа үйлдвэрлэлийн хэлтсийнхэн  “Та нар энд худалдаа хийж болно” гэж зөвшөөрөл гаргаж өгсөн хэрнээ дараахан нь  дүүргийн Газрын албаныхан “Манайх та нарт газрын зөвшөөрөл өгөөгүй” гээд л дайраад байдаг юм билээ. Тэр ч байтугай тэр Жуковын автобусны буудлын өмнөх ТҮЦ-ийг хүчээр буулгаж, хүч хэрэглэж ачаад аваад явж байсан юм. Ер нь бол дүүргийн Газрын албаныхан Үйлдвэрлэл худалдаа эрхлэх зөвшөөрлийг бол ямар ч зөвшөөрөл биш гэж үздэг юм шиг байна  лээ. Тийм зөвшөөрөл авах гэж бид өчнөөн төгрөг зарцуулсан. Газар эзэмших, ашиглах зөвшөөрөл гаргаагүй байна гээд л хүлээлгээд байдаг юм байна лээ. Төрийнхөн нь яагаад ийм хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг юм бол ёстой бүү мэд. Энд л гэж хэлэхэд Төрийн албаны ёс зүй гэж энэ цагдаа нарт байдаггүй юм байна лээ. Ер нь бол  бид нарыг  чинь нохойноос ч дор үзээд явчихдаг л даа. Үнэндээ бид нар энэ жаахан 10 м газар дээр ямар байшин барилга барих гэж байгаа биш дээ.

Хүмүүс ярих нь тэр Өргөө кино театрын  автбусны буудал дээр байсан ТҮЦ-үүдээс 3-ыг ачаад явсан л гэсэн. Тэдгээр ТҮЦ-нүүдэд сууж байсан хүмүүсийг нь  ТҮЦ рүү нь огт  оруулахгүй, хаалттай чигээр нь л ачаад явсан гэдэг юм. Хамаг зүйлийг нь эвдэлж сүйтгээд хүний юманд хамаагүй хандаж байгаадл ачаад явсан гэх юм билээ.  Тэгээд тэр байсан газраас нь ачаад Журмын хашаанд аваачаад хийчихдэг гэсэн. Бид бараагаа авъя гэхээр өдөрт 70 мянган төгрөг төлж ав гэж дарамталдаг юм байна лээ. Үнэндээ  “Яагаад ядарсан зүдэрсэн иргэдээ дээрэлхэж амьдардаг” төрийнхөн байдаг юм бол огт ойлгодоггүй.

Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй юм чинь газрынх нь зөвшөөрлийг авъя л даа гэж удаа дараа хүсэлт тавихаар хүлээж авдаггүй юм билээ. Зүгээр л урдаас “Та нарт газар олгох боломжгүй” л гэдэг. Яагаад амьдрах гэж яваа над мэтийн  иргэдийг алаг үзэж алагчлаад байгааг огт ойлгодоггүй. Бид нарыг зүгээр үх л гэсэн хандлагаар хандаж байгаа юм. Тиймээс бид нар өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй л юм байна лээ. Ер нь бол энэ хойтох Жуковын музейн автобусны буудлын өмнөх ТҮЦ-нүүдийг ажиллуулж байсан хүмүүс  “Бүгдээрээ өөр өөрсдийнхөө төлөө тэмцье, үзэлцье” л гэцгээж байхыг нь сонсож байлаа.

Яг тэр хавийн нэгэн ТҮЦ-ийг ажиллуулж байсан  нэг эмэгтэй “Би ТҮЦ-ээ ачуулмааргүй байна. Үүнийг зээлээр авсан. Өр зээлээ ч төлж дуусаагүй байхад хүч хэрэглэж ачлаа. Үнэхээр уур минь хүрч гомдолтой байна. Хаана хандахаа ч мэдэхгүй байна. Биднийг ажилгүйдэл рүү, ядруурал рүү түлхэж байна. Газрын албаныхан хүн чанаргүй хүнлэг бус хандаж байна. Та нарын ТҮЦ-ийг заавал ачуулна, харж байгаарай гэж ёжолж заналхийлсэн. Одоо сургууль соёл орлоо. Хүүхдүүдийнхээ дүрэмт хувцас хичээлийн хэрэгслийг авах гээд мөнгө төгрөг хэрэгтэй байхад бид нарын барааг ачина гэдэг үнэхээр гомдолтой байна. Бид нарын бараа бүтээгдэхүүнийг сүйтгэж эвдэлж хохироож байна. Ачсан ТҮЦ-нээс бүх зүйл нь хэмхрээд эвдрээд ирдэг” гэж байсан юмдаг.

Харин дүүргийн газрын албанаас хариуцаж, тэдгээр ТҮЦ-ийг ачуулж байсан  хүн нь болохоор “Ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Манай удирдлагуудаас ТҮЦ ачилттай холбоотой мэдээлэлээ аваарай” гээд халгаахгүй байхыг нь харж л байлаа.

Ер нь бол тэнд сонсож явахад нэг хүн ТҮЦ-ээ 6-10 сая төгрөгөөр авдаг бөгөөд бараа нь 5 сая төгрөгийн үнэтэй байх жишээний. Ядарсан ард иргэдийнхээ амь зуух гэсэн аргыг нь хумиж, ажилгүй болгож байна хэмээн бухимдагчид маш олон байсан юмдаг. Ийнхүү төр, хувийн хэвшилийнхний хооронд нь байнга алалцуулж байдаг нь ердөө л ТҮЦ болчихоод байсан цаг саяхан даа. Ийм байдлыг УИХ-ын гишүүд хараасай үзээсэй, байнга дарамтлуулж байна шүү дээ. Байсхийгээд л ачих гэж дайрах юм. Ядаж бид бүх бараагаа авчихаад, үгүй бол зарчихаад ачуулмаар байдаг л даа. Энд л гэж хэлэхэд “Битгий хүч хэрэглэж дайраад байгаачээ” л гэмээр байдаг даа.  За одоо болох уу. Баахан хаа хамаагүй юм бурчих шиг л боллоо.

Харин өөрийнхөө зураг энэ тэрийг авхуулахгүй шүү. Зураг авна гэж дайрвал харин өөртэй чинь барьцалдаж авч ч мэдэх нөхөр шүү би.   

Ийнхүү Офицерүүдийн ордноос нэлээн урагшаа “Номин” агуулах худалдааны төвийн арын автобусны буудал дээрх  ТҮЦ-ийг ажиллууллагч Х.Батсүх гэх эрхэмтэй гайгүй сайн ярилцаж, ТҮЦ ажиллуулаад олдог ашиг орлого хэмээх өчүүхэн зүйлийнх нь талаарх сэтгэлийн үгийг нь сонсож, зовлон жаргалыг нь хуваалцлаа. Үнэндээ “Худалдаачны алдар” бус “Өдөр хоногоо аргацаасан амьдрал” л дүнгэнүүлж суудаг эрхэм ажээ... 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.