Чихрийн цаас

Twitter Print
2019 оны 09-р сар 21-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

...Чихэр болгон янз бүрийн амттай. Зарим нь салахын аргагүй амтлаг, зарим нь зүгээр дажгүй, зарим нь идэхээс ч дургүй хүрэм. Бас хатуу, зөөлөн, бурамтай, гашуун, зажилбартай, аманд уусдаг гэхчилэн янз бүр, бодвол технологоосоо болдог байх. Бүх чихрүүдийг янз бүрийн цаасанд боодог. 

Чихрийн амтандаа ч биш, үйлдвэрлэсэн эзэн нь чихрээ борлуулахын тулд элдэв чамин цааснуудыг бодож олдог. Чихрийг нь бусад хүмүүс худалдаж авч байх нь эздэд хамгаас чухал. Учир нь тэр чихрүүд эзэддээ мөнгө болон буцаж очдог болохоор. Тийм болохоор эзэд нь чихрийн амтаас нь үл хамааран, аль болохоор гоё цамин цаасанд чихрээ боохыг хичээнэ.

Учир нь нүд ам хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай. "Зай ч байна, лай ч байна" гэдэг хэллэг бий. Нүдээр харж сонирхсон гоёмсог цаастай чихрийг задлан ам руугаа хийх хүртэл тэр хэрийн хугацааг элээнэ гэсэн үг. Монголчууд бид нэрэлхүү болохоороо нэгэнт авч задлаад ам руугаа хийсэн чихрийг өөртөө таалагдсан эс таалагдснаас үл хамаараад зөндөө олноор нь худалдаж авах нь бий. Амт нь онцгүй байлаа ч ядаж гаднах цаас нь гоё ганган болохоор үгүйдээ л бусдыг "нүдээ хужирлаг" хэмээн бодох. 

Өнөө цагт бидний ихэнх нь чихрийн амтыг бус, гаднах цаасанд нь их ч ач холбогдол өгдөг болж. Гаднаа л гоё харагдаж байвал доторх амт нь ч яамай. Будмал бүсгүй булган шуба дороос мишээж байвал, сэтгэл доторх хөө нь тэгтлээ хамаагүй. Ядаж л олны газар дагуулаад алхаж байвал хүмүүс эргэн харж, өөрт нь атаархсан харцаар дагуулан харна гэж төсөөлдөг болохоор. Угийн мунхаг, онгиргон тэр залуу баар саванд баярхаж онгирч байвал, түүний яаж баяжсан нь тэгтлээ хамаагүй. Ядаж л харш дотор заларч, хар өнгийн "жееп" дотроос бууж байвал, үеийн бүсгүйчүүд нь түүнд атаархсандаа "муужирч унана" гэж мөрөөддөг болохоор.

Ерөөсөө хөдөлмөрлөж үзээгүй "цагаан гартан" УИХ д суугаад хэл амаа билүүдэж байвал, түүний мэдлэггүй мунхаг нь тэгтлээ хамаагүй. Ядмагхан их зангийнх нь өмнө яаж ч чадалгүй найзууд нь зусардан "долигононо" гэж бусад нь мэддэг болохоор. "Найраад" ч болов нэр алдарт хүрсэн нэгэн сагаж байвал, яаж ингэж чадсан нь бусдад тэгтлээ хамаагүй. Нэр алдар нь хуурамч ч гэлээ түүнд зусардагсад олон болохоор, түүнийг магтан мандуулагсад мундахгүй. Бид хэзээд чихрийн гоёмсог цаасыг хараад их үнээр худалдаж авах хэрнээ, хэзээ ч чихрийг жинхнээр нь амталж таашаалж, тамшаалж чаддаггүй. Бас ялгаж муухайг нь нулимж чаддаггүй, сайныг нь амталж чаддаггүй.

Уг нь байна шүү дээ. Чихэр болгон амтандаа таарсан цаастай байдаг бол? бид юундаа ч мунгинаж будилах билээ. Үнэхээр амттай, хүн болгоны хүслийг татсан бол маш гоёмсог цаастайгаа, хэрэв амт нь төдийлэн сайнгүй бол ядаж түүнээс тааруухан цаастай, бүр муухай амттай бол салбарч сэмэрсэн цаастай байдаг бол? Гэхдээ чихрийг үйлдвэрлэж байгаа хүмүүс үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч, даган мөрдөхгүй л дээ. Зарим нь чин сэтгэлээсээ хөдөлмөрлөн зүтгэж байхад зарим нь зүгээр л урсгалаараа явж, зарим нь зүгээр бусдыг "хулхидаж", эцсийн дүндээ бүгдээрээ л их мөнгө олохыг хүсдэг. Харин төр болоод нийгэм нь үүнийг стандартаар, бас хуулиар зохицуулж чадахгүй бол "мөнгө цагаан нүд улаан" хэллэгээр бэртэгчингүүд хожиж, бид хохирсоор л байх болно.

Элдэв тэнэг мунхаг зүйл дунд "нүд чих дасахаар", эцэстээ бид "уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцэхгүй" болж орхиход цөхөрч орхино. "Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий" гэдэг хэллэгээр, бид хэзээ ч чихрийн амтыг нь амтлахгүйгээр гаднах өнгөнд нь хуурагдан "гоё амттай юмаа" хэмээн зусардаж, нүв нүцгэнээрээ олны дунд алхах эрх мэдэлтэнгүүдийг харахдаа "манай хаан ямар гоё хувцастай юм бэ?" хэмээн орилолдох болно. Нүд чих хоёрын хооронд бас л дөрвөн хуруу зайтай гэдэг юм билээ. Гунигтай байгаа биз. 

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.