Улааныхан ба харынхан

Twitter Print
2019 оны 09-р сар 24-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Эрхэм уншигчид маань хэсэг чимээгүй байснаа гэнэтхэн гараад ирсэн намайг “Улааныхан ба харынхан” гэсэн аль эрт ХVIII зууны дундаас дэлхийд нэр алдраа цуурайтуулсан Францын их зохиолч Анри Бейль буюу Стендалийн агуу романы нэрийг тавиад бужигнуулж эхлэснийг харангуутаа “За энэ нөхөр чинь хоёр хуваагдан хатуу ширүүнээр байлдаж, нэгийгээ үгүй хийсэн товаришуудын тухай бичих нь дээ” хэмээн тэрхэн зуур сэтгэн бодож болзошгүй юм. Гэхдээ би энэ удаа ХVIII-XIX зууны зааг завсарт болон сүүлд нь XIX-XX зууны эхээр “Улааныхан ба харынхан” болон хоёр хуваагдаж, цэрэг зэвсгийн хүчээр хэн нэгийгээ зэрлэг догшноор нухчин дарж байсан түүхийг одоочилж, Монголынхоо өнөөдөртэй хутгалдуулахдаа арай өөр өнцгөөс бодит үнэнийг өгүүлэх л гэсэн гол санааг агуулсан билээ.

Өнөөдрийн Монголын улстөр, эдийн засгийн бодит нөхцөл байдал, эрх баригчдынх нь  төлөв байдал бол үнэндээ хоёр талд буюу “Улааныхан ба харынхан”-д хуваагдан тэмцэлдээд бараг л 30 жил болж байна санж. Тэгвэл яг өнөөдөр Монгол Улсын эрх баригч МАН-ын гишүүдийг хоёр хувааж “Улааныхан ба харынхан” болгон ил далдаар тэмцэлдүүлж эхлээд байгаа “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийг дэмжих эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулахад 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл долоохон сарын дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд бас дахин 30 гаруй сая төгрөг төсөвлөхөөс өөр аргагүй. Монгол Улсын ядуухан төсвийг сөхрүүлэх ийм их зардлыг хэмнэх үүднээс УИХ-ыг даруйхан тараагаад ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн дараагийн УИХ-ын сонгуулийг явуулъя” хэмээсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  санал, шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар шулуухан дэмжээд байгаа.

Өнөөдрийн эрх баригч МАН-ын “Толгойны бөөс” хэмээгдээд байгаа дээрх дөрвөн даргын маргаашийн өдрөө урьдчилан харж, амьдралынхаа баталгааг л үргэлжлүүлэн гартаа бат найдвартай атгаж суух гол санаархал нь ядуухан Монголын төсвийн мөнгийг хэмнэж арвижуулах гэсэндээ ч биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой болчихсон нь өнөөдрийн бодит үнэн билээ. Хамгийн гол нь төр засгийн толгойд бөөгнөрч суугаа тэдний гол зорилго, чиг хандлага нь ямар арга замаар МАН-ыг Монголын төрийн толгойд өнөөдрийнхөөр нь “Туших” вэ, ямар арга мэхээр өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг тасралтгүй үргэлжлүүлж болох бол, яажшуухан өнөөдөр цатгалан сайхан амьдарч байгаа улстөрийн энэхүү амьдралаа уртасгах вэ, хэрхэн яаж өнөөдрийнхөө гялалзсан сайхан албан тушаалдаа улиран сонгогдох боломж нөхцөлийг бүрдүүлэх вэ гэдгээ л эцэст нь тултал ярилцаж, УИХ-ыг ямар ч үнээр хамаагүй тараах шийдвэр, санал дүгнэлтээ гаргацгаажээ. Яг өчигдрийн байдлаар нэлээн сайн тандалт хийхэд хууль тогтоох дээд байгууллага буюу өнөөдрийн эрх баригч МАН-ын 64 товариш алдаг оног сууж харагддаг УИХ-ын 45 эрхэм Ерөнхий сайдын санаачилж, түүний дохио зангаагаар хөдөлдөг гурван даргынх нь шийдвэрийг үг дуугүй дагахаа илэрхийлж, УИХ-ыг яаралтай тараах шийдвэрт гарынхаа үсгийг зурцгаасан байна лээ. Тэгээд ч тэрхүү УИХ-ыг тараах тухай бичигт гарын үсгээ зурчихсан гэдгээ ХХАА-н сайд Ч.Улаан, Х.Болорчулуун, Л.Энхболд, Т.Аюурсайхан, О.Содбилэг, Н.Оюундарь зэрэг гишүүд  ил тодоор зарлачихсан.

Тэдний хувьд буюу өөрсдийн “Хууль баталсан болж суугаа” УИХ-ыг тараахаар санал нэгдээд байгаа дээрх 45 гишүүний ихэнх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг байнга л дэмждэг, тэдний талыг баримталдаг, дарга нарынхаа зүгээс гаргасан аливаа санал санаачлагуудыг хэзээ ч эсэргүүцдэггүй, цаашид ямар нэгэн эрх мэдэл, албан тушаалын өндөрлөгт гарцгааж, хамтран ажиллах боломжтой гэж тооцоолсон эрхмүүд  байгаа юм билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй байнга л тааламжгүй харилцаатай байдаг, түүний гаргасан санал санаачлагуудыг цаг ямагт эсэргүүцдэг Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ зэрэг эрэгтэй гишүүдтэй нийлээд Өмнөговиос гарч ирсэн УИХ-ын 13 эмэгтэй гишүүний нэг Н.Амарзаяа болон Монголын улстөрийн “Эмээ” болж суугаа Д.Оюунхорол нар УИХ-ыг тараахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээсэн. Тэдэн дээр хоёулаа л “Монголын улстөрийн өвөө” нар болж яваа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, саяхан л УИХ-ын толгой дээр нь сандайлж суусан М.Энхболд нар яалт ч үгүй нэмэгдэж таарна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ыг тарааж, ард нийтийн санал асуулгатай нэгтгэхээр “Чармайн хөөцөлдөж байгаа” энэхүү үйл ажиллагааг өнөөдрийн байдлаар арлын Японд ажлын айлчлал хийж, Тавантолгойн коксжих нүүрсийг ахиухан хэмжээгээр Японд экспортлохоор дарга нартай нь ярилцан тохиролцож яваа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар яагаад ч дэмжихгүй нь тодорхой. Учир нь сүүлийн үед Ерөнхий сайдтайгаа байнга шахуу зөрөлдөх болсон Д.Сумъяабазар сайдын хувьд өнөөдрийн олонхи гишүүдийн Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан дарга нартайгаа сэмхэн хийгээд яваа “Хүссэн тойргоо өөрийн болгох” тохиролцоо, наймаалцлын төлөө тэгтлээ нэг их улайрахгүй л болов уу. Яагаад гэвэл түүний хувьд амьдралаа аль эрт “Хөл дээр нь бат найдвартай босгочихсон” хөрөнгө мөнгө, санхүүгийн хувьд тэгтлээ бүдрээд байхааргүй нэгэн билээ.

Ер нь бол эрх баригч МАН-ын өнөөдрийн байдлаар “Улааныхан” бүлэгт харъяалагдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг даган намирч УИХ-ыг нэн даруйхан тараахаар бөөгнөрөөд байгаа товаришууд бол дараагийн сонгуульд бат найдвартай нэр дэвших эрх, аль нэг аймаг, дүүргийн сонгуулийн нэг тойргоор бүрэн эрхийнхээ жил шахмын хугацааг солилцоо хийж байгаа нь тодорхой юм. Тэгээд ч тэдний тархи толгойд нь “Ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн  УИХ-ыг яаралтай тарааж, энэ намартаа нөхөн сонгууль хийж чадвал манай нам бүрэн дүүрэн ялалт байгуулах нөхцөл бололцоо нь бүрдэнэ. Тэгээд ч хэдхэн сарын дараа болох ээлжит сонгуулиас хамаагүй илүү олж ашиг авч ирэх нь тодорхой” гэсэн атгаг санаа л оволзож байгаа нь тодорхой.

Харин эрх баригч МАН-ын “Харынхан” буюу намынхаа дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эсрэг эвлэлдэн нэгдэж, одоогоор “Далд тэмцэл” өрнүүлж яваа тэднийг Дарханаас тодорсон өнөөх Д.Хаянхярваа, нэг хэсэг Монгол Улсын гадаад харилцааг гадарлаж явсан бас нэгэн өнөөх Ц.Мөнх-Оргил за тэгээд алдарт 60 тэрбумийн ЖДҮ-ийн зээлээс суйлагчид буюу Баянзүрх дүүргийн Тэнгэр худалдааны төвийн хажуугийн тойрог дээр нэг их сүрхий “Нохойн хөшөө”-г бараг л 2 тэрбум төгрөгөөр сүндэрлүүлж орхисон өнөөх Б.Батзориг нар толгойлж байгаа юм билээ.

Мэдээж эдгээр “Харынхан” дөнгөж гурвуулаа биш шүү. Тэдний араас бөх барилдаж явахдаа бас нэгэн аварга Г.Өсөхбаяраа “Бөлдөгдөж” явсан өнөөдрийн ЖДҮ-чин А.Сүхбат, Өмнөговь аймгийн хамгийн баруун захын Гурвантэс сумын Тост Тосон бумбын нурууг өөрийн мэдлийн “Сауд гоби коэл транс” компаниар саяхныг болтол “Газартай тэгшилж” явсан өнөөх Б.Чойжилсүрэн, БСШУС-ын сайдаас огцорч байсан Ц.Цогзолмаа, Өмнөговийн сонгогчдыг “Мөнгөөр угжиж” байгаад хууль тогтоох дээд байгууллагад ороод ирсэн ч байнга л “Эсрэг кноп дардаг” өнөөх Н.Амарзаяа, Хөвсгөлөөс гарч ирж байсан өнөөх Б.Энх-Амгалан гээд “Харынхан” олон бий.

Хамгийн гол нь “Улааныхан ба харынхан” болж хоёр хуваагдан ил далд тэмцэлдэж эхлээд байгаа эрх баригч МАН-ынхны өнөөдрийн энэ аяг байдал Монголчуудад ямар ч олигтой хөгжил, дэвшил авч ирэхгүй, харин ч эдийн засаг, мөнгөний бөөн их  хямрал дагуулахаас өөр гялтайх зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ “Улааныхан ба харынхан” болон хуваагдан тэмцэлдсэн МАН-ынхны дотроос сэмхэн төрийн өндөр албан тушаал, эрх мэдэлд давшлан гарч ирэх дараагийн “Хулгайч, авлигач нар”-ын л шинэ үе давхаргыг ядуухан Монголын ард түмэнд тулган хүлээлгэж, нүүр дүүрэн танилцуулах л уршигтай.

Нөгөөтэйгүүр “Улааныхан ба харынхан” болж хоёр гурав хуваагдан тэмцэлдэж, эрх мэдэл, албан тушаал, их мөнгөний төлөөх ил далд тэмцэлд дан ганц эрх баригч МАН-ынхан ч үзэлцээд байгаа хэрэг биш билээ. Тэднээс гадна Монголын улстөрийн сөрөг хүчин гэгддэг АН дотор ч “Улааныхан ба харынхан”-ы ил далд тэмцэл өдөр алгасахгүй өрнөсөөр л өнөөдөртэй золгоод байгааг ухаа орсон 6,7-р ангийн хүүхдүүд ч дуржигнатал яриад өгч чадна. Тэгээд ч Монгол оронд Ардчилсан нийгэм гэгчийн эх үндсийг тавьсан өнөөдрийн АН-ынхан битүүхэн дотроо хуваагдан тэмцэлдэж, эрх мэдэл, албан тушаал, их мөнгөний төлөө нэгэн хамтран зүтгэгч, басхүү удирдагч нь ч байсан С.Зоригынхоо амь насыг  бүрэлгэчихсэн ч байж болзошгүй л юм.

Ийнхүү “Улааныхан ба харынхан” болж хоёр хуваагдан ширүүхэн тэмцэлдэж байгаа эрх баригч МАН-ын УИХ дахь Бүлгийн 51 гишүүн нь өнөөдрийн УИХ-ыг тараахыг дэмжчихвэл буюу одоо зөвхөн зургаан гишүүн л гарын үсгээ зурчихвал УИХ-ын сонгууль энэ өвөл явагдах анхны шалгуурыг давчихаж байгаа нь тэр юм. Гэхдээ хамгийн гол нь ид зуны улиралд явуулахад дөнгөн данган ирц нь бүрддэг УИХ-ын сонгуулийн ирц энэ өвлийн хүйтэнд бүрдэхгүй байх тун их магадлалтай билээ. Хэрвээ өвлийн хүйтэнд гэрээсээ гарах дургүй Монголчууд залхуурч, бас “Улааныхан ба харынхан” болж хуваагдан тэмцэлдээд байгаа МАН-ынхнаас олигтой үр дүн хүлээдэггүй нь тэрхүү сонгуулийн ирцээр батлагдвал Үндсэн хуулийн өөрчлөлт талаар болж, хийсэн одох болно.

Түүнээс гадна хамгийн түгшүүртэй нь Монгол Улсад  тогтворгүй байдал үүсч, эдийн засаг, санхүүгийн хувьд ч хүнд байдалд орохыг үгүйсгэх аргагүй болчихно. Тогтвортой байдлыг бий болгох зорилготой Үндсэн хуулийн өөрчлөлт ийнхүү тогтворгүй байдлын эхлэл болох тун ч магадлалтай юм. Хэдийгээр ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн УИХ-ын сонгуулийг хугцаанаас нь өмнө амжилттай зохион байгууллаа ч гэсэн яваандаа тэр нь Монголын улстөрд ихээхэн ядаргаатай, туйлын муу жишиг тогтоож ч болзошгүй.

Урьд нь Засгийн газруудаа хүссэн үедээ л онхолдуулж байсан шиг, эрх мэдэл, албан тушаалд дурласан УИХ-ын 51 гишүүн хүссэн үедээ л парламентыг тараагаад хаячихдаг болчихвол хэзээ ямагт “Улааныхан ба харынхан” болон хуваагдан тэмцэлдэж, өөрсдөө л давын өмнө эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө санхүүгийн өндөрлөгт гарахыг улайран хүсч, түүнийхээ төлөө юу ч хийж магадгүй болцгоочихдог Монголын улстөрч хэмээгдэх этгээдүүдээс юу ч хүсч мөрөөдөж, хүлээж найдах хэрэггүй болчихно.Өнөөдрийн Монголын улстөрийн “Улааныхан ба харынхан”-ы талаар товчхон дүгнэхэд нэг иймэрхүү л дүр зурагтай юмсанж.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.