УИХ-ын гишүүд суусан модны мөчрөө өөрсдөө хөрөөдөхөөр завдаж байгаа нь Монголд маань юуг авчирах бол...

Twitter Print
2019 оны 09-р сар 25-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Өр, хямрал, өсөрхөл

-Гарам дээр морио сольдоггүй ч, гармын шувтарганд морио солих нь бүүр осолтой-

Энэ гурван аймшиг Монголыг маань багалзуурдах нь ээ. Гадаад өр 29, 5 тэрбум доллар. "Маршал доллар" мань дэн дун дэнжигнэж яваа Монголыг байтугай аварга гүрнүүдийг эдийн засгийн цунамид автуулдаг. "Тэнэгийн дотор уужуу" гэдэг шиг санхүүгийн эрх мэдэлтнүүд "Өрийн дарамтгүй" гэж хэнэггүй хэлэх нь хачирхалтай. Үнэхээр ч өргүй юм шиг туйлж байна.Тэгвээс тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсөө дориухан шиг нэм л дээ. Мөнгө ч байх нь байгаа юм шиг. Тав хоноод л нэг олон улсын семинар хурал... Бөөн бөөн зардал.. Бөөн бөөн бичиг цаас... Хэн ч түүнийг шагайхгүй.

Юу болоод өнгөрснийг хэн ч санахгүй. Танай Монгол энэ олон хурал семинараар хөгждөгсөн бол манайхаас ч давуу хөгжихөөр байна гэж АНУ-ын элчин сайд Дингер ч билүү хэн ч билээ хэлж байсан. Түмэн олон нь ядуу, зарим нь идэх хоол, өмсөх хувцасгүй ажилгүй, хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс аваад, банкны өр зээлийн сэтгэл санааны асар их дарамтад байхад тэгэхээс тэгэх шиг өөрсдөө өрийг бараг зохиож, олж байна.

"Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар ард түмний дунд асуулга явуулна" гээд толгойд багтахааргүй хэдэн тэрбумыг зарлагадахаар болов. Ерөөс Ард түмэн гэж хэн бэ? Би ч, та ч, нам ч биш... Ард түмэн гэдэг нь улстөрчдийн бэлэн зугаа үг, өөрийгөө хамгаалах муу арга заль, худал хайр зарлахад шүлстэй жавьжнаас нь унадаг үг. Харин ямар нэгэн үндэсний үнэт зүйлд нэгдээд, нэг үзэл санаанд автаад авбал ард түмэн гэж болно. Их Монгол, Чингис хааны Монгол, монгол бахархал гэвэл нэгэн тийм бишрэл дор нэгдэж болох ч олон намууд олон тийш нь чангааж улам эвдэрцүүлж байна.

"Үндсэн хуулийг" тэр ард түмэн гээд байгаа бодлогогүй бөөгнөрөл сөхөж үзэх байтугай УИХ-ын зарим гишүүн ч нэг бүрчилэн мөр дарж уншаагүй, эзэмшээгүй байх царайны.Тэр жил "Манай Ерөнхийлөгчдийн боловсрол овоо ахиж байгаа шүү. Манай Валенса бага ангийн боловсролтой байсан бол дараачийн ерөнхийлөгч маань техникумын боловсролтой" гэж наргиж ёжилж байцгаасан. Гэвч Валенсийн дараачийн ерөнхийлөгч Үндсэн хуулиа цээжээрээ мэддэгээрээ гайхагддаг, түүнээ барих, мөрдүүлэх талаар ч сайн байсан. "Үндсэн хуулийн шинэчлэл" гэгч уг хэрэг дээрээ сүртэй юм биш.

30 жил шалгагдаад явцгүй нь тодорхой болчихсон хэдхэн зөрчилтэй заалт хэн хүний нүдэнд өртөж, толгойд буугаад байдаг. Парламентын засаглал гэгч нь хэрүүл шуугиантай ч гэлээ олны олон цэн юм даа. 6О оны Үндсэн хууль дээр Ю.Цэдэнбал дарга ганцаараа сууж байсан баримт бий. Олон талаас нь хэлцсэн л дээ. Болдогсон бол, 1О-хан тулхтай, номтой мэргэн, саруул ухаантай, монголдоо хайртай, тал талын өргөн мэдлэгтэй дундач залуувтар, ахимаг егзөр хуульч, улс төрч, эдийн засагч, уламжлал шинэчлэлээ хослуулсан стратегич хагас сар суухад л болчих зүйл. Даанч ийм бололцоо үгүй юмсанж.

УИХ-аа тараахаар бараг шийдэв бололтой. Эхэндээ энэ УИХ-д баярлаж байсан... Овоо сэлбэлээ шүү... Аятайхан улс залуус ороод ирж гэж... Засгийн газраа байгуулаад эхэлсэн тэр өдрөөс л мордохын хазгай болсондоо. Нэр хүнд нь сэгэлдрэгэ болжээ. 2,5 хувь л дэмждэг гэсэн судалгаа үнэн бол ч "улстөрийн үхдэлүүдийн оромж" болжээ. УИХ тарна гэдэг улстөрийн түр зуурын мэх, ээлжит тоглоом уу? Гэхдээ хямрал хямралын дотроос хамгийн аймшигт хямрал бол "ПАРЛАМЕНТЫН ХЯМРАЛ"... Төсвөөс аваад төрийн бодлого бүх салбар хөдөлгөөнгүй болж, салаа мөчрөөрөө мөсөн бүрхүүлээр хучигдана. Хөлдүү байшин шиг царцана. Сүйрэл... Аягүй бол эргээд Засгийн газраа унагаана.

Тэгээд бүрмөсөн улс орон толгойгүй болно, дампуурна. Үймээн самуунд автана. Жинхэнэ өөдгүй амьтад, хог новшууд хожино. Өнөөгийн 3О шахам тэрбумын өр бараг тал хувиараа нэмэгдэнэ. УИХ тарахад ард түмэн ч хожихгүй...Монгол улс ч хожихгүй...олон намууд ч хожихгүй. Гадаад харилцаа бүүр ч хожихгүй. "Гарам дээр морио сольдоггүй гэдэг ч, бүүр гарамын шувтарганд морио солих" бүүр ч осолтой. Уг нь жил хүрэхгүй хугацаа...Нэг намынхан байж гэдсэндээ хөлөө жийлцээд өс хонзонгийн олсоор бие биеэ чангааж байгаа болохоос басчиг нэг давирвал хугацаа байнаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх алдсан ч эндсэн ч, зоригтой шийдмэг байгаа... Бүдгэрүүлэвч хийж байгаа, хийх ажил ч байх шиг.

Даанч дунд, доод шатныхан нь горьгүй нь гэрээс гараад Хороон дээр очиход л мэдрэгддэг. Мэдлэг чадвартай, зүтгэлтэй үнэнч шударга залуус бөөнөөрөө цутгаж орж ирэх шиг сайхан юм байхгүй. Гэхдээ нэг үеийнхэн гэдсэндээ хөл жийлцэхдээ илүү байдаг шүү. "Оймс элээнэ" гэдэг бол хоцрогдол биш. Туршлага заримдаа улс төрд хоцрогдол мэт боловч бас хожил нь илүү ч байж магад. Ерөөсөө өсөрхөл хонзогнол, атаархал, өшөө авалт, хуйвалдаан, алалцаан чинь нэг үеийнхэн дотор бүр ч хүчтэй байдгийг дахин дахин сануулах ёстой. Наанаа нэг үеийнхэн гээд л ууж идээд л, наргиж цэнгээд л, сайн сайхан үг шидэлцэж тэврэлдэвч "Чиний тийм явсныг чинь ямар мэдэхгүй биш" гээд л алалцана. Японы парламенчдын араас нь харахад 70 гаруй хувь нь дун цагаан толгойтнууд байсан, 90-ээд онд шүү.

УИХ-ын гишүүд өөрсдийн суусан модныхоо мөчрийг өөрсдөө хөрөөдөхөөр завдаж байгаа нь энэ Монголд маань юуг авчирч, юуг ёрлож, юуг мэдрүүлэх гээд байгаа юм болоо. "Лай бололгүй зай больё" гэж үнэнээсээ бодож байна уу? Аль эсвэл... Сайн ч, муу ч 4 жилийнхээ ачаа, хариуцлагаа даасан шиг даагаад дараа үеийнхэндээ зайгаа тавьж өгвөл буян болохсон. Гаднаасаа биш шүү, МАН дотроо намаа идсэн улсууд....

СГЗ сэтгүүлч, зохиолч До.Цэнджав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.