Нийслэл хот 1639 оноос хойш 28 удаа буурь сэлгэж, 1778 онд Алтан тэвшийн хөндийд нүүн буудаллажээ

Twitter Print
2022 оны 10-р сар 28-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ойн өдөрт зориулан их хотынхоо түүхээр товч бичвэр оруулъя.

1639 онд Халхын нөлөө бүхий язгууртнууд Ширээ цагаан нуур хэмээх газарт цуглан чуулж Түшээт Хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнд өргөмжилж Шар бөсийн орд байгуулсан үйл явдлыг Улаанбаатар хотын түүхийн эхлэл хэмээн тооцдог.

Энэ үе буюу 17 зуун (1600-1699)бол Европын аялагчид Америкт тивд таун барин суурьшиж, Португаль Испаний араас Англи, Голландууд газарзүйн их нээлтийн аянд нэгдэн алдарт Дорнод Энэтхэгийн компаниа байгуулж, суут одон орон судлаач Галилей дуран авайгаа зохион бүтээж, сансар огторгуйг ажиглан ертөнцийн төв нь дэлхий биш нар юм хэмээн Коперникийн “тэрслүү” үзлийг үргэлжлүүлж, Ньютон газарт унасан алимнаас санаа аван таталцлын хуулиа нээж Шекспир уран бүтээлээ туурвиж байсан үе юм.

Монголчуудын хувьд 1368 онд Юань гүрэн мөхсөнөөс хойш уугуул нутагтаа суурьшин хэдэн зууны нүүр үзсэн ч дотооддоо эв нэгдэлгүй бутран сарних байдал (феодалын бутрал ч гэдэг) газар авч 17 зуун гэхэд Халх Монгол, Ойрад Монгол, Өмнөд Монгол болон гурван том хэсэгт хуваагдаж ялангуяа Халх Ойрадын зөрчил гүнзгийрч байлаа. Дотооддоо эв түнжингүй, эмзэг энэ цаг үед гадаад нөхцөл байдал улам бүр түгшүүртэй болж байв. Өмнөдөд Зөрчид угсааны Манж нар огцом хүчирхэгжиж Мин гүрнийг эзэлж улмаар 1636 онд Өмнөд Монголыг буулган авлаа. Умардад Романовынхны хаанчлал эхэлж Оросууд Сибирь рүү тасралтгүй газар нутгаа өргөтгөн тэлж Байгаль нуурын орчимд гацаа суурин барин бэхжиж байлаа.

Дээр өгүүлсэнчлэн 1639 онд Түшээт Хан Гомбодоржийн хүүг Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилж, орд өргөө байгуулж өгсөн явдал бол дотоод, гадаадад түгшүүртэй чухам энэ цаг үед Монголын элит хэсэг дотоодын эв нэгдлээ хангаж, тухайн үед түгэн дэлгэрч байсан шарын шашныг ашиглан оюун санаа, үзэл суртлын хувьд нэгдмэл байж харийн түрэмгийлэгчдийг сөрөн зогсох гэсэн бодлогын илрэл юм.

Ийнхүү нийслэл маань анх үүссэн цагаасаа эв нэгдэл, тусгаар тогтнолын үзэл санааны цөм нь байсан бөгөөд он цагийг туулан өнөө цаг үед ч Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг, баталгаа нь болон оршсоор байна.

1639 оноос хойш 28 удаа буурь сэлгэн нүүж байгаа 1778 онд Дөрвөн уулын дунд Хатан туулын эрэг, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт нүүн буудалласнаас хойш өнөөг хүрчээ. Өргөө олонтаа нүүж сууж байсныг өвсний сөл, усны тунгалагийг дагадаг Монголчуудын уламжлалт нүүдлийн ахуйтай холбон тайлбарладаг. Мөн дээдсийн бие лагшин тавгүйтэх, ган зуд болох зэрэгт сүжиг бишрэлийн чанартай нүүдэллэх нь ч байлаа.

Энэ зуур Монгол нутаг Манжийн эрхшээлд бүрэн орж хэдэн зууныг туулж 1911 онтой золголоо. 18-19 дүгээр зуунаас Барууны хүчирхэгүүд Азийг тэр тусмаа Манж гүрнийг ихэд сонирхон худалдааны давуу эрх бүхий нөхцлүүдийг элдвээр шахан тулгаж эхлэх нь тэр. Тэр бүү хэл Англичууд Энэтхэгт хар тамхи тариалаад түүнийгээ Хятадад борлуулж их хэмжээний ашиг олж эхлэв. Хар тамхинд хамгаа тавиад тууж байгаад Манжийн төр дургүйцэж хязгаарлалт тогтоомогц Англи зэвсгийн хүчээр хашраав. Үүнийг түүхэнд хар тамхины дайн гэдэг. Орос улс Англитай эвлэрүүлэхэд зуучилж өгнө гэсэн нэрээр Манжаас Приморийн хязгаарыг булаах шахам авчихав. Солонгост нөлөөний хүрээгээ алдахгүй гэж Японтой зодолдоод балрав. Ялагдсан дайн бүрийн тоогоор нөхөн төлбөр төлөв. Дорны хүчирхэг Манж Улс үндсэндээ цаасан бар болох нь тодорхой болов. Манжууд нөхцөл байдал бишидсэнийг ойлгож 20 дугаар зууны эхэнд улс төр эдийн засгийн шинэ бодлогыг явуулж эхэлсэн нь бүр буруудав. Манжийн төр, шинэ засгийн бодлогын хүрээнд хувийн хэвшилд тулгуурлан үйл ажиллагаа нь явагдаж байсан төмөр замыг хаант засгийн өмчид авч орлого олох гэж оролдсон ч эсэргүүцэлтэй тулгарч тэр нь Манжийн төрийг эсэргүүцэх Хан үндэстний тэмцэл болон хуурай өвсөнд ноцсон гал мэт хоромхон зуур Хятад даяар дэгдэж, Цинхайн хувьсгал гарч Манжийн хаант засгийг түлхэн унагаав. Цинхай нь Монголоор бол цагаагчин гахай гэх оны нэр юм.

Энэ үед Манжийн шинэ засгийн бодлогыг эгдүүцэн хүлээж авсан Монголд ч Манжийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж хүрээнд сууж байсан Манж амбанг зайлуулснаар 1911 онд 8 дугаар Богд Жавзандамбыг хаан ширээнд залж тусгаар тогтнолоо сэргээн мандуулав. Үүний дараахан шинэ тулгар Монгол Улсын Дотоод хэргийг захиран шийтгэх яамнаас Богд хаанд хүрээг Улсын нийслэл болгох тухай хүсэлтийг айлтгасны дагуу Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын нийслэлээр тунхаглан зарлав.

Ийнхүү Өргөө, Хүрээ, Номын хүрээ, Их хүрээ, Да хүрээ хэмээн олон янзаар нэрлэгдэж ирсэн энэ хот албан ёсоор нийслэлийн статустай боллоо. Энэ цагаас хойш өнөөг хүртэл Монгол Улсын нийслэл хот төдийгүй захиргаа, улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын төв нь байсаар байна.

Ардын хувьсгал ялсны дараа 1924 онд улсын анхдугаар их хурлыг зарлан хуралдуулж Бүгд найрамдах Бүрэн эрхт Монгол Ард Улсыг тунхаглан зарлаж анхны үндсэн хуулийг соёрхон батлав. Мөн Улсын анхдугаар их хурлаас нийслэл хүрээний нэрийг Улаанбаатар хэмээн нэрлэсэн байдаг.

Парисын коммун буюу хүний төрөхлхтний түүхийн анхны пролетари засгийн үед улаан далбаа мандуулж байсан байдаг. Үүнээс хойш улаан өнгө 1917 онд болшивек хувьсгал ялснаас хойш социализм, коммунизмын бэлгэдэл өнгө болон тодорчээ. Улаан талбай, улаан арми, Улаан үд, Кызыл (Тувагаар улаан гэсэн үг) зэрэг нэрс манай ах нар өнгөрсөн зуунд улаан өнгөнд нугасгүй байсныг харуулна. Чухам ийм л концевцоор Коминтернээс манайд сууж байсан төлөөлөгч Турар Рыскуловын санал оруулснаар Улаанбаатар хэмээн улсын анхдугаар их хурлаас соёрхон баталсан билээ.

Энэ цаг үеэс хойш Улаанбаатар хэмээх энэ л үг Монголчууд бидний зүрх болон цохилж Монголын түүхийн олон чухал үйл явдлын орон зайн гэрч нь болон буурал түүхийн шастирыг зузаалсаар байна.

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт Нийтээр тэмдэглэх өдрүүдэд “Монгол Улсын нийслэлийн өдөр”-ийг багтаасан байдаг.

Зарим судлаачид нийслэлийн түүхийг Ширээ цагаан нуурын үйл явдлаас эхлүүлэн тооцож буйд шүүмжлэлтэй ханддаг. Учир нь Монгол Улсын нийслэлийн түүхийг зөвхөн Улаанбаатар хотын түүхээр биш 13 дугаар зуунд Их Монгол Улсын нийслэл Хар хорум хот үүсэн байгуулагдсанаас эхлэн тооцох ёстой гэж үзэж буй хэрэг юм.

Үнэхээр ч 13 дугаар зуунд тархай бутархай байсан олон аймаг овгийн дундаас Хамаг Монгол тодрон гарч Монгол хэмээх тугийн дор Монгол туургатныг нэгтгэж төр улсыг төвхнүүлэн байгуулсан нь түүх, угсаатны зүйн хувьд өнөөгийн Монгол Улс, Монгол үндэстнийг үүсгэн бүрдүүлсэн түүхэн чухал үйл явдал мөн. Чухам бид Монгол хэмээх энэ нэрээр овоглож, огшиж, дүрэлзэж явдаг маань тэртээ 13 дугаар зууны энэ л үйл явдлын үр дүн болой.

Бид Их Монгол Улс байгуулагдсаны тэдэн жилийн ой хэмээн тэмдэглэх атлаа Монгол Улсын нийслэлийн түүхэнд Их Монгол Улсын нийслэлийн түүхийг оруулж тооцохгүй байгаа нь шүүмжлэлийг дагуулж байна уу гэлтэй.

Тиймийн учир Тулгар төрийн тэдэн жил, Их Монгол Улсын тэдэн жил, Ардын хувьсгалын тэдэн жил хэмээдгийн адил Их Монгол улсын нийслэлийн тэдэн жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тэдэн жил хэмээн хамтад нь ярьж, ойлгож хэвшвэл ямар бол.

Жигжидсүрэнгийн Гантулга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.