
Бид хүүхдийнхээ цахиурыг хурдхан ургаасай гэж хүсдэг атлаа шүдлэж эхлэнгүүт нь чихэр, амттанаар тэжээж хорхойтуулдаг.
Хоолоо өөрөө иддэг болоосой гэж яаран яаран бодох атлаа яг өөрөө идэхээр нь асгалаа, цутгалаа, хувцас хиртүүллээ гэж уурлан ам руу нь хурдхан халбагадаж эхэлдэг. Бид хүүхдээ хурдхан хөлд ороосой гэж хүсдэг. Яг хөлд оронгуут нь удаан алхаж байна эсвэл ойчно гээд тэвэрчихдэг.
Бид хүүхдээ хурдхан хэлд ороосой гэж хүсдэг. Гэвч ярьж хэлэнгүүт нь хүүхдээ тоож ярилцдаггүй. Бид хүүхдээ хувцсаа өмсөж сурч байхад удаан байна гэж яаруулан өөрсдөө хувцасладаг. Хурдхан тусд ороосой гэж яардаг. Гэвч чадах чинээгээрээ туслахыг хүсэх үед нь "битгий, боль, унагана, асгана, хагална" гэж түлхдэг. Хүүхдийнхээ төлөө ажиллаж, амьдарч байна гээд тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөөдөггүй.
Ийнхүү өсөж, хөгжих, суралцах, бие дааж хийх бүх цаг үед нь саад болсоор том болонгуут нь яаж эрүүл, санаачлагатай, өөртөө итгэлтэй, хариуцлагатай, бие даасан хүн болгох вэ гэж санаа зовж эхэлдэг. Гэвч хүн болох багаасаа гэдэг үгийг томчууд аль хэдийн мартсан байдаг.
А.Найгалмаа
Хүүхдийн зохиолч, судлаач
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.