
Коронавирусын халдварын дэгдэлтийг бууруулах зорилгоор Энэтхэгт тогтоосон хөл хорионы дэглэмийн улмаас өнгөрсөн 4-р сард 122 сая хүн ажилгүй болсон хэмээн Энэтхэг дэх эдийн засгийн судалгаа шинжилгээний төвөөс мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар Энэтхэгт ажилгүйдлийн түвшин түүхэн дэх хамгийн өндөр буюу 27.1 хувийн үзүүлэлттэй байгаа нь АНУ-ын ажилгүйдлийн түвшнээс даруй 4 дахин өндөр байгаа аж. КОВИД-19 өвчний тархалтыг бууруулах зорилгоор Энэтхэгт өнгөрсөн 3-р сарын 25-наас хойш хөл хорио тогтоосноор компани, аж ахуйн нэгжүүд ажилчдаа хугацаагүй амрааж, олноор нь халж эхэлсэн юм. Тус улсад ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 3-р сард 8.7 хувьтай байсан 4-р сард 23.5 хувь болон огцом өссөн байна. Энэ нь хөл хорионы дэглэмийн улмаас эмнэлгийн байгууллагууд, эмийн сангууд болон хүнсний дэлгүүрүүдээс бусад үйлчилгээний байгууллагууд бүгд хаагдсантай холбоотой юм.
Барилгын ажлууд зогссонтой холбоотойгоор хөлсний хар ажилчид хамгийн түрүүнд ажилгүй болцгоосон байна. Хөл хорионы дэглэм зөвхөн хөлсний ажилчдад нөлөөлөөд зогссонгүй. Хэвлэл мэдээлэл, агаарын тээвэр, худалдаа үйлчилгээ, автомашин үйлдвэрлэлийн салбарын томоохон компани, аж ахуйн нэгжүүд ч мөн адил үндсэн болон гэрээт ажилтнуудаа олноор халахад хүрчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын хугацаанд жижиг дунд бизнес эрхэлдэг олон тооны аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барих гэнэ. Ажилгүй болсон 122 сая хүний 91.3 сая нь жижиг худалдаа наймаа эрхлэгчид, хөлсний хар ажилчид байсан бол 17.8 сая нь тогтмол цалинтай иргэд, 18.2 сая нь хувиараа бизнес эрхлэгчид байжээ.
Нөгөөтэйгүүр ажилгүй болсон иргэд хямралын энэ цаг үед олноороо буцаад газар тариалангийн салбар луу орж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөл хорионы дэглэмийн Энэтхэгийн эдийн засагт учруулж буй хор хөнөөл улам бүр нэмэгдэх гэнэ. Энэтхэгт коронавирусын халдвар авсан 52 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа уг вирусын улмаас 1785 хүн нас бараад байгаа юм.
Эрх баригчид коронавирусын халдварын тохиолдол цөөн бүртгэгдсэн бүс нутгуудад хөл хорионы дэглэмийг сулруулж эхлээд байгаа ч КОВИД-19 өвчний тохиолдол ихээр бүртгэгдээд байгаа газруудад хатуу хөл хорио тогтоосон хэвээр байгаа аж. Тус улсад тогтоосон хөл хорионы дэглэм энэ сарын 17-нд дуусах байсан ч зарим мужууд хөл хорионы дэглэмийн хугацааг сунгах шийдвэр гаргаад байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.