Төгсбуянтын зурхайг 1911 онд Монгол улс тусгаар тогнолоо зарласныхаа дараа төрийн зурхай болгосон

Twitter Print
2022 оны 02-р сар 09-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Юм нэлээд цэгцтэй замбараатай, шалгуур өндөртэй, хуучны учир мэдэх хүмүүсийн уг шаг хараахан тасарчихаагүй байсан 1987 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс С.Бадамхатан тэргүүтэй эрдэмтэд "БНМАУ-ын угсаатны зүй" гэдэг 3 боть ном хэвлүүлсэн.

Энэ номын 1-р ботийн 307-308 дахь талд монголчууд жилийн улирлыг эртнээс нааш хэрхэн тогтоож байсныг их тодорхой бичсэн. Монгол цаг тооллын тухай асуудал хөндөгдөхөд манай эрдэмтэд энэ талаар дуугүй байхыг хичээдэг. Тэнд:

"1. Өвлийн сүүл буюу бар сар хаврын урь ордог, саванд хийсэн ус хөлдөхөө болино.

2. Хаврын тэргүүн сар ичигсэд хөдөлнө. Өдөр шөнө тэнцэнэ, харз ус гарна.

3. Хаврын дунд сар хонь хургална. Ханш нээнэ.

4. Хаврын сүүл сар. Зуны амьсгал орно. Үнээ тугаллана. Тариалангийн хур бууна.

5. Зуны тэргүүн сар. Буудай боловсроно. Нар буцна. Хөхөө донгодно.

6. Зуны дунд сар. Их халуун зуны туйл.

7. Зуны сүүл сар. Намрын амьсгал [орж], сэрүүн болно.

8. Намрын тэргүүн сар. Цагаан хяруу, намрын өдөр шөнө тэнцэнэ.

9. Намрын дунд сар. Хүйтэн шүүдэр бууна.

10. Намрын сүүл сар. Өвлийн амьсгал орно. Бага цас.

11. Өвлийн тэргүүн сар. Их хүйтэн.

Өвлийн дунд сар. Их цас, нар буцна" хэмээн бичсэн байдаг. Монгол хүний сэтгэлд цав хийтэл буугаад ирнэ дээ, их ойлгомжтой.

Хавар намрын өдөр шөнийн тэнцэл, өвөл зуны хамгийн урт богино өдөр шөнөөр улирлууд нь эхэлдэг тооллыг нүүдэлчин ард түмнүүд маш эртнээс хэрэглэж байгаад өөр цаг тоололд шахуулан орхисон ч ардын амьдрал ахуйд ул мөр нь хадгалагдсаар ирсний илрэл нь монголчуудын намрын цагаан сар, киргиз казахуудын хаврын баяр буюу наурыз, якутуудын зуны исэгээр сацал өргөх баяр буюу Ысых, өвөр монголчуудын өвлийн тэргүүн сарын 3-нд хийдэг Тасмын тахилга зэрэг юм.

Сар болгон 30 хоногтой, Дэлхий Нарыг тойрох тойрог замын цүлхэнгээс хамаараад 3 сарын 22-ноос 9 сарын 22 хүртэлх хагаст нь 5 хоног, өндөр жил 6 хоног тунадаг, түүнийг нь Илүү сар, Битүүн зэргээр нэрлэдэг. Их ойлгомжтой, тодорхой тоолол юм.

Энэ тооллыг сэргээнэ гэж туйлшрах хэрэггүй, зүгээр л үнэнийг үнэнээр нь ярьцгаая л гэж байгаа юм шүү.

Сүмбэхамба Ишбалжир ( 1704-1788 ) монгол нутгийн онцлогт тохируулсан төгсбуянт тооллыг 18-р зууны сүүлээр буюу 1747 онд шинэчлэн зохиосон. Сарын 15-нд заавал тэргэл сартай байхаар зохиосон болохоор түүндээ бариулахын тулд зарим өдрийг давхцуулж, заримыг алгасдаг онцлогтой.

Түвэд, хятад, лалын цаг тооллын системүүдийг бүгдийг харьцуулж, авахыг нь авсан юм гэсэн. Төгсбуянтын зурхайг 1911 онд Монгол улс тусгаар тогнолоо зарласныхаа дараа төрийн зурхай болгосон.

Манжийн мэдэлд байхад төрийн хэрэгт хятад зурхайг мөрдүүлж, бээжингээс хэвлэн ирүүлдэг байсан ч ардын дунд уламжлалт тоолол нь хадгалагдсаар байсныг илтгэх баримтууд бас байдаг юм аа.

Б.Галаарид

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.