Амьдралын зорилгыг доогуур тодорхойл

Twitter Print
2020 оны 11-р сар 22-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Чамгүй олон шавь нар маань “Тан шиг мундаг орчуулагч болно” гэж хэлж байхыг хараад залуу багын араншин даа гэсэн шүү юм бодоод өнгөрдөг байсан л даа. Би өөрийгөө мундаг орчуулагч уу, муухан орчуулагч уу гэдгээ яг таг хэлж чадашгүй нь. "Лүшань уулнаа насаараа бясалгасан дияанч лам Лүшань уулынхаа хэлбэр хэмжээг үл мэдмүй" хэмээх эртний нангиадын шүлэг байдаг нь хүн өөрийн дотоод сэтгэлийн эрдмийн хүрсэн төвшинг багцаалж чаддаггүйг илтгэсэн утгатай юм.

Мөхөс би байтугай архадын зэрэгт хүрсэн Бурхан багшийн хоосон чанарыг тэргүүнд онож таньсан Сүбитү хүртэл “Бурхан багш маань намайг хүслийг огоот таягдан хаях тал дээр тэргүүн архад хэмээн магтдаг. Би өөрөө тэр нь чухам ямар төвшин болохыг хэлж чадашгүй.” хэмээн алдарт «Доржзодов» судар дээр өгүүлсэн байдаг шүү дээ. Энэхүү бичлэг дээрээ би тэгтлээ их шашин, гүн ухаан номлохыг урьтал болгох гээгүй юм шүү.

Залуу хүн амьдралын зорилгыг учиргүй том тавих нь тийм ч сайн хэрэг биш байх аа. Бүр хэлд ороогүй хүүхдээ ерөнхийлөгч болоосой гэж боддог залуу эцэг эхчүүд олон байж таарна. Тэдний гэгээн сайхан хүслийг буруутгах аргагүй. Болдогсон бол залуу эцэг эхчүүдийн төрүүлсэн хүүхэд болгон нь ерөнхийлөгч, ерөнхий сайд болоосой. Даанч тэр албан тушаал нь ганц ганц л юм даа. Хүн болгонд ерөнхийлөгч, ерөнхий сайд болох боломж туйлын хомс хир нь хүн болгонд сайн хүн, улс нийгэмдээ хэрэгтэй хүн болох боломж тэгш дүүрэн байгаа шүү гэдгийг хэлэх байна.

Залуу эцэг эх таны хүүхдээ ерөнхийлөгч болгох холын мөрөөдөл чинь бяцхан үрсээ «сайн хүн болгох» хамгийн учир утгатай үүргийг чинь мартагнуулчихдаг юм биш биз дээ? «Нэг сайн эцэг зуун сайн багшаас илүү» хэмээх англи ардын зүйр үг байдаг. Өөрөөр хэлбэл та хэлд, хөлд ороогүй бяцхан хүүхдээ сайтар ажиглаж, өдөр болгон сайн ажиллаж, хамгийн гол нь биеэрээ үлгэрлэн дагуулагтун гэдэг гүн нарийн ёсонг алс холын арлын орны Англи улсын эртний мэргэд олж харсан нь энэхүү зүйр үгэнд утгачлан буусан хэрэг болов уу?

Үр хүүхдээ мундаг том хүн болгохоос гадна Америк зэрэг хөгжингүй улс оронд хөлөө олоод аав ээжийгээ сайхан амьдруулахсан гэдэг бас л магтууштай сайхан хүсэл мөрөөдөл залуу хүн болгоны цээжний гүнд хадаастай явдаг л даа. Гэхдээ зөөлөн зөөлөн замбуулинд зөв сайхан алхаж гишгэн явж чадах бөгөөс аав ээжийн сэтгэлд Америк байтугай «Ангараг гаригийг үзүүлснээс» илүү сайхан тааламжтай мэдрэмж төрүүлж байдгийг чухам хэд нь ухааран ойлгосон байдаг бол?

Би ч гэсэн дээр өгүүлсэн хоёр том эргийг залуу зандан цагтаа толгой түрүүгээрээ чамгүй олон удаа мөргөсөн нэгэн болохоор өдий насны өндөрлөгөөс бага сага ухаарч сэхээрсэн зүйлсийг багачууд залуустаа үгсийн эрхийг холбоолон өгүүлж суугаа нь энэ бөлгөө. Чиний ганц чадах нь өдгөө хийгээд өнөөдрийнхөө эзэн байх боломж бүрэн дүүрэн байгааг ухаараасай. Өглөө эрт босож, орой оройхон унтаж сураасай.

Харин энэ тал дээр нангиадад дээрхитэй бараг эсрэг гэмээр нэг сургаал байдаг нь өглөө эрт босож, орой эрт унтаж байхыг сургасан байдаг. Хэрвээ чаддаг бол үүнийг хэрэгжүүлсэн ч өөрт чинь бас л үр шимээ өгөх болно. «Муу амьд явахаар сайн үхэх» тухай манай ард түмэн сургасан бол эртний нангиадад «Сайн үхэл муу амьдрахыг гүйцэхгүй.» хэмээсэн байдаг нь өнгөн талаас нь эсрэгцэж байгаа мэт боловч үнэн чанартаа манай өвөг дээдэс «Амьд л явбал алтан аяганаас ус уух» тухай сургасан нь эргээд бодоход эртний нангиадын сургаалтай утга чанар нийцэж байгаа хэрэг болой.

Амьдралд сайн анд нөхөр гэдэг гарын арван хуруунд байтугай таван хуруунд багтахаар цөөхөн байдаг гээд хэлчихвэл зарим эмзэгхэн номын садангууд намайг бүү буруутган зэмлээрэй. Сайн найз нөхдийн тоог гарын арван хуруунд багтаа гээд хэлчих гээд байгааг минь ойлгож байна уу? Миний ухааран ойлгосон энэхүү сонин ёсон яг таг үр дүнтэй эсэхийг зоригтой батлан хэлж чадахгүй боловч энэхүү аргыг хэрэгжүүлж үзсэн гайгүй сайн шавь нар маань муугүй үр дүнд хүрснээ чихний үзүүрт өгүүлэн хэлэхийг цөөнгүй удаа сонсож байсан шүү.

Та бүхний мундаг том их сургуульд үзсэн мэдлэгийн 50 хувийг багш тань өвлүүлсэн бол тэрхүү мэдлэгийн дөнгөж хорин таван хувь нь л амьдралд хэрэг болдог тухай дээхнэ би уншиж байсан удаа бий. Тийм болохоор амьдрал гэдэг өөрөө маш том их сургууль байдаг тул аливаа бүхнийг тулхтай лавдуун ажиглаж, дүгнэж цэгнэж сурах нь уг чанартаа маш том мэдлэг байдаг ажгуу.

«Төрөө засахын тулд гэрээ зас. Гэрээ засахын тулд биеэ зас. Биеэ засахын тулд эрдэм сур. Эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо. Сэтгэлээ тогтоохын тулд бодисыг ажиглан шинж.» хэмээн Күнз Богд өгүүлсэн нь цаад утгаараа бодит ертөнцийг бодитой сайн ажигла гэсэн хэрэг байх л даа. Аливаа хүмүүний хувьд юу сурсан үр дүн төдийлөн чухал биш харин түүнийг яаж сурсан арга номын аньс учиг чухал шүү гэдэг үгээр энэхүү бичлэгийг өндөрлөсү!

Д.Болдбаатар

"Гэгээ" сургалтын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.