
Энэ удаа ХIII зууны үеийн “Цаасан мөнгөн тэмдэгт”-ийн талаар товч өгүүлье. Уг цаасан мөнгөн тэмдэгтийг модны холтос, зарим ургамлын навч зэргийг хольж, тусгай аргаар боловсруулан гарган авчээ.
Хубилай хааны зарлигаар Юань Улсын гүйлгээнд гаргасан тул түүний хаанчлалын оны цолоор буюу “Жи Юань” хэмээн нэрийдсэн байна.
Түүнчлэн “Хоёр күан” буюу “Хоёр хэлхээ” хэмээн нэрлэх нь ч бий. Энэ нь цаасан мөнгөн дээрх хоёр хэлхээ нь хоёр мянган ширхэг зоостой тэнцэх үнэлгээтэй гэсэн утгыг агуулна. Тухайн үед мянган ширхэг зоосон мөнгөний хэлхээг “хэлхээ” гэж нэрлэдэг байжээ.
Мөнгөн тэмдэгт дээрх ихэнх бичээсийг хятадаар бичсэн боловч тэмдэгтийн гол хэсгийн баруун, зүүн талд “Бүх нутаг дэвсгэрт гүйлгээний эрхтэй” хэмээн дөрвөлжин бичгээр бичиж, их хааны сангийн тамга даржээ.
Мөн тэмдэгтийн доод хэсэгт “Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэл цаазаар авна. Гэмт этгээдийг мэдээлсэн хүнд таван лан мөнгөөр шагнана. Энэ мөнгө нь хааны албанаас баталсан өндөр эрхтэй. Бүх орон нутагт хугацаагүй гүйнэ” гэсэн хятад бичээстэй.
Уг цаасан мөнгө нь Юань Улсын мөнгөн тэмдэгтүүдээс хамгийн өндөр номиналтай тэмдэгт гэдгээрээ онцлог ажээ.
Б.Отгонбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.