Романтик бай

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

...Намайг их залуу байхад дотно байсан хүмүүс минь "Энэ их романтикаа" гэж шоолдог байж билээ. Романтик гэдэг маань гутранги бодол санаанаас, өөдрөг хүсэл мөрөөдөл рүү тэмүүлэх тэмүүлэл юм уу даа. Нэг их гоё роман уншиж дуусаад л надад учиргүй таалагдсан гол баатрынх нь дүр дээрээ өөрийгөө төсөөлөөд л, нэг уужим амьсгаа авч байгаад тэнгэр рүү ширтэж, гараа салаавчилж гэдэргээ харж хэвтээд мөрөөдөх ямар сайхан гээч.

Бас болоогүйгээ, өөртөө таалагдаагүй тэр хэсгийг өөрийнхөөрөө өөрчлөөд л "би бол тэгэх байсан даа" гэх мөрөөдөл минь тэртээд хөвөх үүлсийн чанадад намайг аваачдагсан. Яг л үүл шиг сэтгэлд минь хөвөх мөрөөдөл дундаа өөрөө хөвөөд л, энэ ертөнцийн хязгаар дунд эргэж ирэхгүй юм шиг л бодол санаа минь холын холд хөвдөг сөн. Их л гоё мэрдэмж дунд, дээрээс тусах нарны гэрэл солонгороод л, миний сэтгэлийг хаа нэгтээ үүл шиг л дагуулаад л хөтөлж оддогсон. Миний сэтгэл эргэж ирэхгүй холын диваажинд намайг дагуулж оддогсон. Сэтгэлд минь төсөөлөгддөг диваажин гэгч миний сэтгэлийн романтик урсгал.

Амьдралд дунд урсах их зовлон шаналал дунд намайг гэгээрүүлж, холын холд аваачдаг романтик мөрөөдөл, намайг дандаа гэгээлэг сайхан руу хөтөлдөг сөн, яг л холын хол дахь элсэн манхан дунд жингийн тэмээд зэрэглээн дунд алсран холдох шиг. Хайрлаж дурласандаа сэтгэлдээ бэтгэрч, санаж мөрөөдөн тачаадан хүсэх сэтгэл минь үүлэн дээгүүр хөвөн хөвж, алсын алсад одох шиг мэдрэмж. Яг л лусын гүнж мэт гоо бүсгүй миний гар дээр алгаа зөөлхөн тавьж, миний нүдний цөцгий рүү эгц харан ялдамханаар инээмсэглэх мэт.

Өнөө цагт орных нь тэртээх дөрвөн буланд лаа асааж, тэрхүү бүдэг гэрлийн анивчаанд чинийхээ уруулыг тэмтрэн хайх мэт. Эсвэл цав цагаахан өргөөнд цав цагаахан төгөлдөр хууран дээр цав цагаахан хуруугаараа сонгодог аясыг товшин бүжиглэх өндгөнд тань бүлээхэн амьсгалаа түгжин байж, ихэмсэгхэн нь аргагүй сөгдөн уруулаа хүргэх мэт. Их л гэгээлэг мөрөөдөл дунд дандаа хайрыг сэтгэлдээ дүрсэлж, тэнгэрийн олон оддыг тоолох шиг мэдрэмж, миний сэтгэл дунд оддын урсгал дунд уусан одох мэт. Харин ухаарч мэдрэхдээ ганцаар байгаадаа би ердөө ч гутардаггүй, яагаад гэвэл би гэгээн мөрөөдөл дундаа өөрөө сэтгэл минь ханадаг болохоор.

Амьдралын олон өнгө дундаас цав цагаахныг нь олж сэтгэлдээ мөрөөдөж бай. Яагаад гэвэл сэтгэлд дундрах дутууг тань дүүргэдэг болохоор. Нэгхэн ч хором өөрөө лусын хаан байж, нэгхэн ч хоромд лусын дагинатай нөхцөж байж, дотор мөрөөдөлдөө сэтгэл тань амардаг юм. Сэтгэлийн их амар амгалан дунд "дундуурыг нь дүүргэж, дутууг тань нөхдөг" юм. Хэрвээ романтик хүсэл мөрөөдөлгүй бол, "чи хэн юм бэ?".

Амьдралын их урсгал дунд романтик хүсэл мөрөөдөл, голын хүчит урсгал шиг хүмүүний сэтгэлийг дагуулдаг юм. Хаа хүрэхийг нь хэн ч мэдэхгүй ч, хаана зогсохыг нь сэтгэлийн багтаамж тань мэддэг юм. Сэтгэл тань ядуухан бол урсгал нэгэн чулуунд тээглэдэг юм, сэтгэл тань аугаа бол хадан халил дунд урсаад л өнгөрдөг юм, мөрөөдөл тань. Бид романтик мөрөөдөлгүй бол зүгээр л нэг үхээнц амьтад, хэрэв романтик мөрөөдөлтэй бол жигүүрхэнтэй хүчтэй эр бор харцага.

Амьдрал санаснаар тань болохгүй байж болноо, гэхдээ сэтгэлдээ алив сайхныг мөрөөд, түүн рүүгээ тэмүүл. Амьдрал тань санаснаар болж болноо, бүр ихийг мөрөөд, магад биелж болноо. Зүгээр л үхээнц амьдарснаар гэгээлэг мөрөөдөж амьдар, магад чи бүргэд шиг дэвэх болно. Тэр өндөр дээрээс амьдралыг арай л өөрөөр харж, арай л өөрөөр мэдрэнэ дээ.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.