
Парисчууд түрээсийн цахилгаан скүүтерийг хориглохыг дэмжжээ
Францын нийслэл Парис хотын оршин суугчдын дунд явуулсан бүх нийтийн санал асуулгад парисчууд түрээсийн цахилгаан скүүтерийг хориглохыг дэмжжээ. Өнгөрсөн ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгад Парис хотын 1.38 сая гаруй оршин суугчдын 103 мянган нь буюу дөнгөж 8 хувь нь л саналаа өгсөн ба санал өгсөн иргэдийн 90 орчим хувь нь цахилгаан скүүтерийг хориглохыг дэмжсэн байна.
Түрээсийн цахилгаан скүүтерийг хориглох эсэх бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах болсон нь Парис хотод сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтертэй холбоотой осол олширч, иргэд гэмтсэн, нас барсан тохиолдлууд бүртгэгдэх болжээ.
Парис хот нь цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлсэн анхны хотуудын нэг хэдий ч тус тээврийн хэрэгсэл нь сайнаасаа илүү муу үр дагавартай байна хэмээн шүүмжлэгчид үзэж байна.
Иргэд цахилгаан скүүтер унахдаа авто зам дээр машин хооронд сүлжиж явдаг, явган хүний замаар явдаг, зарим нь 17 км/ц хүртэлх хурдтай, хамгаалалтын малгайгүй явдаг, өсвөр насны хүүхдүүд их унадаг зэрэг зэрэг шалтгаанаас гадна гудамжинд байршуулсан түрээсийн цахилгаан скүүтерүүд нь замд садаа болдог хэмээн үзэж байгаа аж.
2021 онд 31 настай Итали эмэгтэй цахилгаан скүүтерт дайруулж амиа алдаж байжээ. Парис хотын дарга Анн Идальго иргэдийг бүх нийтийн санал асуулгад оролцож, цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээг дэмжих эсэхээ илэрхийлэхийг уриалсан юм. Түүний хэлснээр цахилгаан скүүтер нь түрээслэхэд үнэтэй, дээр нь байгальд ээлтэй биш, зам тээврийн олон тооны ослын шалтгаан болж байгаа аж.
Санал асуулгад залуусыг идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалан, цахилгаан скүүтер түрээсийн Lime, Dott, Tier компаниуд өнгөрсөн ням гарагт иргэдэд скүүтэрээрээ үнэгүй үйлчилжээ.
2019 онд хэрэгжүүлж эхэлсэн хуулиар цахилгаан скүүтер унаж байгаа хүн замын хөдөлгөөнд оролцож буй бусад хүмүүст харагдах тод өнгийн хувцас өмсөх ёстой ба скүүтертэйгээ эсрэг урсгалаар зорчсон иргэн 135 евро, хурд хэтрүүлсэн иргэн 1500 еврогийн торгууль төлөхөөр заажээ.
Түүнчлэн түрээсийн скүүтерийг тодорхой заасан зогсоолууд дээр тавих ёстой журам байгаа ч иргэд скүүтерүүдээ цэцэрлэгт хүрээлэн, зам талбай дээр дураараа тавьж орхидог нь асуудал болоод байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.