Улаанбаатарын энэ их түгжрэлд учир их бий...

Twitter Print
2019 оны 09-р сар 22-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Хоёрхон хоногийн өмнө Замын цагдаагийн газрын дэргэдэх буюу Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол Улсын гудамж руу буух 477 метрийн урттай гүүрэн гарцын хөдөлгөөнийг  жигтэйхэн хөл хөдөлгөөн болон нээсэн билээ. Манай өмнө зүгийн мөнхийн хөрш БНХАУ-ын Засгийн газраас бэлэглэсэн 42 сая гаруй ам.долларын өртгөөр босч байгаа энэхүү гүүрийг мөн л их хөршийн барилгачид голлон сүндэрлүүлж байгаа бөгөөд тэдний зүгээс 100 жилийн найдвартай баталгаа гээчийг гаргаад байгаагаа ч тухайн нээлтийн үеэр жавхлантайгаар мэдэгдэж, хөөрхий дөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн маань магнайг тэнийлгэж байхыг Монголчууд цэнхэр дэлгэцээрээ ширтэн харцгаасан. Ер нь бол Улаанбаатарын төв замын өнөөдрийн их ачааллыг 30 хүртэлх хувиар бууруулна хэмээж байгаа Замын цагдаагийн газрын дэргэдэх гүүрэн гарцын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцож нүүр дүүрэн мишээл тодруулцгаан ёслолынх нь туузыг  хайчилцгаасан юм даг. За яах вэ уг гүүрэн гарц эхнээсээ ашиглагдаж эхэлснээр тун удахгүй “Тэг зогсолт”-нд боогдож, таг зогсож ч магадгүй болчихоод байгаа Улаанбаатарын замын өнөөдрийн нүсэр ачааллыг тэрүүхэн хавьдаа жаахан ч болтугай торгоож эхлэх болов уу л хэмээн горьдоцгоож байгааг сануулахад илүүдэхгүй.

Гэхдээ хамгийн осолтой бөгөөд харамсалтай дүр зургийг өдөр тутам дэлгэсээр байгаа Улаанбаатарын энэ их түгжрэлийг өдөр тутам хөдөлгөөнд оролцож байгаа 550 гаруй мянган авто машин эзэмшигчид л тарьж байгаа билээ.

Тэгвэл тэрхүү 550 мянган авто машин эзэмшигчдийн 20 орчим хувь нь Улаанбаатарын энэхүү нүсэр түгжрэлд өдөр бүр оролцдог хөдөө орон нутгаас хашгиралдсаар нийслэлд ирэгсэд эзэлж байгаагийн учрыг даруйхан олж, нэг тийш болгох цаг нь болжээ. Монгол Улсын нийт хүн амын яг тал нь буюу 1,6 сая нь Улаанбаатартаа чихэлдэн амьдарцгааж байгаа ч ганцхан сард 1200-1400 хөдөөгийн иргэд нийслэлд дүрвэн ирж байгаагийн гол учир нь  амьдарч байсан орон нутаг нь бэлчээрийн доройтолд орж малаа барсан, төрийн албанд шургалж өнөөдрийн энэ олон авлигач албан хаагчдын жишгээр амьдралаа хөл дээр нь босгох гэсэн харалган бодолд дөрлүүлэгсэдээр Монголын хөдөө амьсгалж байгаагаас үүдэлтэй нь тодорхой болжээ.

Уг нь бол нийслэлийн Захирагчаар ажиллаж байсан С.Батболд 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хөдөө орон нутгийн иргэдийг  Улаанбаатарт  шилжин ирэхийг нь хориглох захирамж гаргаж байсан байдаг. Тэгээд ч тэрхүү Захирамжаасаа өмнө 2017 оны нэгдүгээр сарын 09-нд гаргасан Захирамжаараа “Хөдөө орон нутгийн иргэдийг 2018 оны нэгдүгээр сарын 01 хүртэл Улаанбаатарт шилжин ирэхийг хатуу хориглож байна” гэснээр тухайн оных нь эхний 11 сарын байдлаар хөдөө нутгаа эзэнгүйдүүлэн нийслэлдээ чихцэлдэн шилжин ирэгсдийн тоо даруй 11,500 орчим хүнээр багасч байсан байдаг.

Гэтэл өнөөдөр хөдөө орон нутгаа эзэнгүйдүүлж, “Монгол хүн хаа хүссэн газраа амьдрах бүрэн эрхтэй” хэмээн хашгиралдсаар Улаанбаатар хотод ганцхан сард 1300 орчим хөдөөгийн иргэд дур зоргоороо нүүдэллэн ирж, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийг улам л тэлэн дүүргэж байгааг  Үндсэн хуульдаа дорвитой, зоригтой шинэчлэлт өөрчлөлт оруулах замаар зохицуулах цаг болсон санагдана. Өнөөдрийн энэ их түгжрэл, Улаанбаатар хотын оршин суугчдын хэтэрсэн өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд гойд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил ихсэх, замын хөдөлгөөнийн өнөөдрийн  хэт түгжрэл, хүн амын эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтох, нийгмийн халамж, үйлчилгээний салбар үлгэн салган аргацаах, цахилгаан станцууд нь ч ачааллаа дийлэхээ болих зэрэг эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулж, нэг ёсондоо гамшиг нүүрлэсэн Улаанбаатартаа нийт Монголчуудын тал нь багтаж ядан чихцэлдэх өнөөдрийн гамшгийн үүдийг нээж байна.   

Яг энэ асуудлаар нэлээн ухаалаг, зоригтой ажиллаж байгаа улстөрчдөөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг нэрлэхэд олон нийт төдийлөн дургүйцэхгүй л болов уу. Тухайлбал өчигдөрхөн УИХ-ын дарга Г.Занданшатар нэгэн чухал мэдээлэл хийсэн нь “Төрийн албан хаагчид нь авлигалд идэгдэж, нийгмийн хөгжлийг гацааж байгаа өнөөдрийн хуулийн цоорхойг үгүй хийх, Монголын нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хуульд захирагддаг, нийтээрээ шударга ёсны төлөө тэмцдэг сэтгэлгээтэй болгохын тулд авлигал авсан төрийн албан хаагчдын тухай мэдээллийг цаг тухайд нь өгч, тэрхүү мэдээлэл нь хууль шүүхээр  нотлогдвол тэрхүү мэдээллийг өгсөн иргэн аж ахуйн нэгжийг тухайн авлигалаар хураагдсан мөнгөн дүнгийн 10 хувиар шагнаж урамшуулдаг тогтолцоотой болох хуулийг энэ намрын чуулганаар батлахаар ажиллаж эхлээд байгаа. Тэгээд ч манай ажилтнууд өдөр хоногтой уралдан маш шаргуу боловсруулж байгаа тэрхүү туйлын чухал хуулийн төслийг намрын чуулганаар заавал батлах болно” гэсэн нь ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийн урмыг сэргээсэн тун ч чухал мэдээлэл мөн. Учир нь Монголын хөдөөд авлигал, хээл хахууль Улаанбаатараас ч дутуугүй язганалдаж, Замын-Үүдийн Гааль, Тавантолгойн нүүрс тээвэрлэлт, Монголын 330 сумдын төрийн албанд ямархуу авлигал цэцэглэн хөгжиж байгааг ялангуяа манай хөдөөгийн иргэд маш сайн мэдэж, мэдэрцгээж байдаг тул тэрхүү хууль батлагдвал хөдөөгийн иргэдийн Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг багагүй бууруулах жолоо цулбуурын нэгээхэн хэсэг болох магадлалтай юм.

Түүнээс гадна Монголын хөдөөг чиглэсэн маш олон зоригтой шинэчлэлт, томоохон бүтээн босголтууд, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын цогц шинэчлэлтүүд, малчин иргэдийн цалин урамшууллыг ХХI зууны өнөөдрийн цаг үе, нийгмийн хөгжил, амьдралын хэв маягтай нийцүүлэн тодорхой хэмжээгээр буюу Улаанбаатарын иргэдтэй адил хэмжээнд болгон нэмэгдүүлэх зэрэг маш олон зоригтой алхамуудыг цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн түүнчлэн ард иргэд нь маш олноороо нутаг орноосоо дүрвэн Улаанбаатар болон Дархан, Эрдэнэтийг зорих болсон Завхан, Говь-Алтай зэрэг аймгийн ундны усыг эрүүлжүүлэх, тэдгээр аймгийн иргэд маш олноороо ходоод, элэг цөс, сахарын өвчинд нэрвэгдэж байгаа гол нөхцөл нь болсон хлор ихтэй  ундны усыг нь 100 хувь шүүж, цэвэрлэдэг цэвэрлэх байгууламжуудыг нь ч нэн яаралтай барьж байгуулах шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газар анхаарлынхаа төвд авах шаардлагатай байгааг  ч дурдах ёстой. Хамгийн гол нь нутаг орноо эзэнгүйдүүлэн Улаанбаатарт шилжин ирж байгаа хөдөөгийн иргэдийг тогтмол ажилтай, байнгын оролготой болгох үндсэн нөхцөл болсон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг олноор нь байгуулах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангамжийг эрс нэмэгдүүлэх зэрэг зоригтой бүтээн байгуулалтуудыг  2020 оноос хэрэгжүүлж эхэлвэл ойрын 5 жилээс Улаанбаатарыг чиглэсэн хөдөөгийнхний их нүүдэл тодорхой хэмжээгээр хумигдах, яваандаа Улаанбаатараас хөдөөг зүглэсэн нүүдлийн цуваа ч тогтмолжиж  болзошгүй.

Related image

Хэдийгээр Улаанбаатарын өнөөдрийн их түгжрэлийн 20 хувийг бүрдүүлж, хөдөө нутгаа орхиж нийслэлд шилжин ирэгсдийн олонхийнх нь амьдрал сайжирч байгаа мэт боловч шилжин ирэгсэд ямар хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг нь сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар дэлгэрэнгүй тодорхойлогсоор л байгааг дурдах учиртай болов уу.  Ер нь бол Монголын нийт хүн амын сайн сайхан амьдрах чин хүслийн биелэл болсон томоохон хотуудыг чиглэн нүүдэлсэн нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх цаг аль хэдийнэ болжээ. Харамсалтай нь зөвхөн өөрсдийнхөө аж амьдралыг л авлигал, хээл хахуулиар цэцэглүүлэхээр сүүлийн 20 гаруй жил улайран хөөцөлдөхөөс өөрийг хийх чадваргүй болчихсон Монголын өнөөдрийн улстөр, түүнийг гардан хэрэгжүүлэгчид болох УИХ, Засгийн газар, төрийн албан хаагчдыг үндсээр нь өөрчилж, төрийн албаны хууль дүрмэндээ ч зоригтой өөрчлөлт шинэчлэлт хийхгүйгээр Монголын хөдөөгийн хоосрол, Улаанбаатарын энэ их бөөгнөрлийг зогсоох, багасгах боломж тун бага гэдэг нь хэнд ч ойлгомжтой, туйлын хамамсалтай үнэн баримт  юм.

Image result for хөдөөнөөс шилжин ирэв

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын төр засгийн эрхийг барьж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын 75 гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын зүгээс Зүүнбаян-Ханги Мандал, Тавантолгойн төмөр замын ажлаа ОХУ-аас зээлэх 100 тэрбум рубль, мөн БНХАУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээлүүдээр санхүүжүүлэн эхний ээлжинд барьж байгуулахаар яарч байгаа ч дэлхийн зах зээл болон манай гол худалдан авагч БНХАУ-ын зүгээс нүүрсний импортоо шат дараалан бууруулсаар байгаа нь Монгол Улсын эдийн засаг, валют санхүүгийн цаашдын байдалд тун ч адармаатай, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгоод байгаа билээ. Мэдээж Монгол Улсын экспорт эрс багасаж, манайх руу чиглэсэн валютын урсгал гацаанд орвол Монголын хөдөөгийн хөгжилд тун ч муугаар нөлөөлж, нутаг орон маань эзэнгүйдэж, ард иргэд нь хот бараадах нүүдэл улам л өсч болзошгүй юм. Энэхүү аюултай нөхцөл байдлыг одооноос тооцоолж, ОХУ-ын Владивостокын боомтоор нүүрсээ тээвэрлэн, гурав дахь зах зээлд гаргана гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын “Мөрөөдлийн үлгэр”-ийн оронд хөдөө орон нутгийн иргэдээ эрчимтэй сургалтанд хамруулж, Эгийн голын Усан цахилгаан станц,  тун удахгүй ажил нь эрчимжих Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдэд тодорхой хэмжээгээр хамруулж чадвал Улаанбаатарыг чиглэсэн өнөөдрийн их нүүдэл багасч, хөдөөгийн иргэдийн амьдрал ч багагүй баталгаажих үндэстэй юм. Хамгийн гол нь эхний ээлжинд малаа эрүүлжүүлэх, экспортонд гаргах хонь, үхрийн махныхаа амьдын жинг нэмэгдүүлэхийн тулд 5-7 жил хий дэмий л өсгөж, тэжээхийн оронд хурга төлөг, тугал бяруу байхад нь дорвитойхон тэнхрүүлээд гадагш нь олон тоогоор гаргаж, Монгол Улсынхаа экспортын орлогыг нэг тэрбум гаруй ам доллараар нэмэгдүүлэх бодит бололцоо нөхцөл байгааг ярьж эхлээд байгааг ажил хэрэг болгохын тулд Засгийн газрын зүгээс зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй юм.  Энэ том төсөл, арга хэмжээний эхлэл нь мэдээж хөдөөгийн малчин иргэдийнхээ гар дээрээ тоолж авдаг өнөөдрийн цалин хөлсийг Улаанбаатарын төрийн албан хаагчид, ард иргэдийн авдаг цалин хөлсний хэмжээнд ойртуулан нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх, ойлгон дэмжих шаардлагатай байгаа юм.

За тэгээд 330 сум бүртээ барьж байгуулж, бүтээн босгож чаддаггүй юмаа гэхэд дор хаяж 100 гаруй сумдыг 3-5 сургууль, цэцэрлэг, яслитай болгож, тэнд ажиллах багш сурган хүмүүжүүлэгч, тогооч, туслах ажилчдын цалин хөлсийг олигтойхон нэмж өгвөл Улаанбаатарын энэ олон их дээд сургуулийг төгссөн ч ажил төрөлгүй хий дэмий л цаг нөхцөөж суудаг олон залуус хөдөө орон нутгаа зорьж, хүн шиг амьдарцгааж, Монголын хөдөө Швейцарийн хөдөө шиг болох цаг ойрын 10 жилд бүрэлдэн тогтох бүрэн боломжтой билээ. Тэр сайхан цагийг ойртуулж, Монгол Улсын 3.2 сая иргэний тал нь буюу 1.6 сая нь Улаанбаатартаа чихэлдэн амьдарсан болж, өдөр тутмын энэ их түгжрэлийн дунд хараалаа урсгаж яваа өнөөдрийг үгүй болгохын тулд Монголын улстөр, хууль шүүхийг нэн даруйхан зоригтой цоо шинэчлэх шаардлагатай байгааг дурдсанаар энүүхэн тэмдэглэлээ өндөрлүүлж байнам.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.