Өдөр бүр таны эрч хүч, энергийг сорж байдаг зүйлс

Twitter Print
2022 оны 09-р сар 09-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

-Таны байнга ядруу байж, өвчин зовлонд ээрэгдэх өдөр тутмын энгийн шалтгаанууд- 

Ажлын өдөр дууслаа. Та арай ядан гэртээ ирэнгүүтээ л унаад өглөө. Таны амьдралын эрч хүч хаашаа одов?

Хүн амьдралынхаа эрч хүчийг алдана гэдэг санхүүгийн байдал доройтохоос ч илүү аюултай гэж судлаачид үздэг байна. Эрч хүчтэй байхын тулд мэдээж амьдралын зөв хэвшил, эрүүл хооллолт, байнгын биеийн хөдөлгөөн хэрэгтэй. Гэсэн ч энерги, эрч хүчээ хий дэмий зүйлд алдахгүйн тулд сайтар төлөвлөж байх хэрэгтэй юм байна. Энэ нь хэрэггүй зүйлд эрч хүчээ зарснаар таны бие байнга ядруу болж өвчин зовлонд нэрвэгдэх үндсэн шалтгаан болдог гэж тэд үзжээ.  

Амьдралынхаа эрч хүчийг дэмий, хоосон зүйлд үрэхгүй байхын тулд дараах хэдэн зүйлийг мөрдлөг болгоорой.

1. Дуусгаагүй ажлууд

Эхлээд дуусгаагүй орхисон зүйлс энергийг бохирдуулж, сэтгэлийг сэвтээдэг. Тэр байтугай зүүдэнд ирж, дуусгаагүй зүйлээ дуусгахыг сануулах зэргээр энергид нөлөөлдөг. Иймд аливаа зүйлийг хийж дуусгах хангалттай цаг бий эсэхээ тооцоолж байж эхлэх эсвэл хийхийг хүсэхгүй байгаа ажлаа бүү эхэл. Дуусгаагүй ажлын тоонд хүнд амлаад хэрэгжүүлээгүй зүйлс, хүнээс аваад эргүүлж өгөөгүй эд юмс, мөнгө төгрөг хүртэл орно. 

2. Хуурах

Хичнээн ихээр худлаа хэлнэ тэр хирээр амьдралын энерги тарж сарниж байдаг. Иймд худал хэлж, хоосон амлахгүйгээр зөвхөн өөрийн хийж чадах, биелүүлж чадах зүйлийг амлаж, хэлж байвал бүх зүйл нарийн төлөвлөгөөтэй эмх цэгцтэй байна. Худлаа хэлээд мартаад яваад байхын хэрээр өөртөө уул овоо шиг их сөрөг энерги хуримтлуулж, эрч хүчээ алдаж байна гэсэн үг. Иймд хүмүүстэй үнэн сэтгэлээсээ харьцаж, шударга бай. Дүр эсгэхээ боль. Аврагчийн дүрд тоглож хүмүүст итгэл найдвар төрүүлж гомдоохоо зогсоо. 

3. Айдас, дайсагнал, үл итгэх 

Айдас нь худал хэлэхийн адил амьдралын эрч хүч, энергийг асар их сордог. Хүнд үл итгэх, дайсагнаж үзэн ядах зэрэг нь бие организмыг стресс бухимдалд оруулдаг бөгөөд сөрөг энергийг асар ихээр хуримтлуулахад хүргэдэг. Мөн худал хуурмаг зүйл хийх, хуурах, дайсагнах, худал цуу тараах, хэн нэгнийг хорлох зэрэг үйл хийгээд түүнээсээ болж айдастай амьдрах нь бүхэлдээ хүний амьдралын энергийг үрдэг. 

4. Байгаль эхтэй хангалттай харьцахгүй байх

Хот газрын амьрал хүний эрч хүчийг байнга сорж байдаг. Иймд эрч хүч энергиэ цэнэглэхийн тулд аль болох байгальд гарч, харьцаж эерэг энерги авах хэрэгтэй. Мод, цэцэг навч, ургамал, нар салхи, бороо, цас, горхины шоржигнох чимээ, шувуудын жиргээ, ялаа дүнгэнэх аль нь сайхан энерги, эрч хүч өгдөг. Хот газрын энергигүй орчинд удаан байсан хүний энергийг сэтгэл судлаачид шахаад хаясан нимбэгтэй зүйрлэдэг нь хоосон зүйл биш.

5. Санаа зовинох, хэтэрсэн ачаалал, үүрэг хариуцлага  үүрэх

Хэтэрсэн үүрэг хариуцлагын улмаас байнга санаа зовинож, бодож явах нь амьдралын эрч хүчийг асар ихээр сордог. Үүнээс болж стресс дарамтанд орсноор дотоод эрхтнүүд хямралд орж, өвчин эмгэг тусна. Бүх өвчний эхлэл сэтгэлийн хямрал, дарамтаас эхтэй гэдгийг үргэлж санаж яв.

6. Хий хоосон яриа

Танд ч, нөгөө ярилцагчид ч сайн, хэрэгтэй зүйл авчирахгүй хий хоосон дэмий яриа хайран цаг, хайран энергийн гарз гэдэг нь тодорхой. Хэрэв энэ яриа ямар ч хэрэггүй, ашиггүй, зүгээр цаг үрсэн хоосон чалчаа гэж мэдэрвэл та дариу зогсоох хэрэгтэй. Үүнээс ичиж зовох хэрэггүй. Иймэрхүү хоосон чалчаа яриагаар цагийг өнгөрөөхөд амьдрал хэтэрхий богино, хайран гэдгийг ойлго. 

7. Гомдол

Хүнийг өршөөж уучилж чаддаггүй зан, байнга өөртөө гомдол тээж явдаг хүний бие, сэтгэл, ажил хэзээ ч өөдтэй байдаггүй. Хүнд хар санаж явна гэдэг өөрийнхөө энергийг "алж" байна гэсэн үг. Тиймээс сэтгэлдээ бугласан гомдол, хар сэр, атаархал энэ бүхнийг сэтсэрч хаяад урагш харан явах хэрэгтэй.

Хүнийг өршөөж чадахгүй байна гэдэг өөртөө сөрөг энерги бий болгож, түүгээрээ биеэ, сэтгэлээ тэжээж юуны түрүүнд өөрөө өөрийгөө хорлож байгаатай адил. Иймд эрүүл бие, эрч хүч, баяр баясгалантай амьдарья гэвэл сэтгэлдээ хар бараан бодол бүү тээ. 

8. Өөртөө амралт өгөхгүй байх

Бие махбодь болоод сэтгэлээ амрааж, тайвшруулахгүй бол ер нь амьдрах эрч хүчээ хаанаас авах болж байна?! Цагийн хуваариар ажиллаж, амрах цагтаа амарч, баясах цагтаа баясч, ажил амралтаа зөв зохицуулснаар таны биоритм хэвийн байна. Хэрэв ажил амралтаа зохицуулж чадахгүй бол биоритм алдагдаж ажлын бүтээмж буурч, сэтгэл санаа доройтно. Иймд ажилласан шигээ амарч чаддаг бай. 

9. Хортой зуршилууд

Хүний биед хор хүргэдэг олон муу зуршил бий. Архи, тамхи, хар тамхи гээд хамгийн аюултай гэж үзэгддэг зуршилуудаас гадна бидний мэддэггүй олон муу зуршил байдаг. Үүнд хэрэгцээнээсээ илүү их идэх, биеийн эрүүл мэндэд хор хөнөөл хүргэх хүнсийг хэтрүүлэн хэрэглэх, бусдын хэрэгт хошуу дүрэх, эргэн тойрноо, бусдыг байнга шүүмжлэх, дорд үзэх, материаллаг байдлыг хэт шүтэх, өөрийнхөө азгүйтэлд бусдыг буруутгах, биеээ тоох г.м. 

Та эрүүл хооллож чадахгүй тааралдсанаа иддэг, хэр хэмжээгээ мэдэхгүй идэж, уудаг бол бие организм тэр чинээгээр хортой бодисоос салах гэж их ачаалал үүрдэг. Ганц архи ч биш хэтрүүлэн хооллох, уух нь биеийг цэвэршүүлж байдаг элэг болон бөөрөнд ачаалал өгч улмаар өвчний эх суурь болдог. Ингэснээр мэдрэлийн системийн үйл ажиллагааг хямрааж, бие болоод сэтгэцийн хямралд ордог. 

10. Өвчин зовлон болон гадаад нөлөөлөл

Амьдралын эрч хүч алдагдаж доройтоход нөлөөлдөг гадаад хүчин зүйлс гэж бий. Энэ нь өөрөөс тань хамааралгүйгээр гудамжинд таагүй зүйлтэй учрах, хэрүүл шуугианд оролцох, таагүй хүмүүстэй харилцах хэрэг гарах зэргээс шалтгаалж бухимдаж амьдралын эрч хүчээ алддаг байдал юм. Иймд бид эдгээр гадны хүчин зүйлийг засч залруулах арга байхгүй ч өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, урт амьсгаа авч, тайван байдлаар хүлээж авснаар амьдралын эрч хүч, энергиэ хадгалан үлдэж болно. Уурлаж хэрэлдэж бусдын хаясан өгөөшийн золиос бололгүй, тааламжгүй, сөрөг энергитэй хүнтэй муудалцаж харц болон үг солилцохгүй байхыг хичээгээрэй. 

Зөвлөгөө: Хэрвээ амьдралынхаа эрч хүч энергийг хэрхэн зөв хуваарилах тал дээр асуудалтай байвал та мөнгө санхүүгээ яаж зохицуулдаг яг түүн шигээ хуваарь төлөвлөгөө гаргаад нэг үзээрэй. Ямар зүйлээс энерги авч, юунд энергиэ зарцуулах тухай жагсаалт ч гаргаж болно шүү дээ. Жишээ нь, амралтаар гэр бүлээрээ хаа нэг тийшээ явж амрана гэдэг бол энерги эрч хүчээ хуримтлуулна гэсэн үг. Сургуулиа төгсч буй хүүдээ сайн сургуульд ороход нь туслаж, бүх бололцоогоороо мөнгө төгрөг хуримтлуулж, шалгалт шүүлгээ сайн өгөхөд нь туслана гэдэг танаас ямар нэг хэмжээгээр эрч хүч үрэх шаардлага гарах ч дараа нь танд эерэг үр дүн, эерэг энерги авчирна. Энэ бол зөв зүйлд зарцуулж буй энерги юм.

Хайран сайхан хуримтлуулсан энергиэ хүнтэй муудалцаж, хөрштэйгөө үл ялих шалтгаанаар мэндлэхээ болих зэрэгт зарцуулбал энэ таны амьдралын эрч хүч доройтохын эхлэл болж мэдэх юм. Иймд эрч хүч авах, зарцуулах зүйлээ ухаалгаар төлөвлөж, аль болох ашигтай, үр дүнтэй зүйлд зарцуулаарай. Ингэж чадвал та эрч хүчээр дүүрэн байж, бүх зүйлд амжилттай байх болно. Танд амжилт хүсье!

Эх сурвалж: http://www.brainum.ru/

Орос хэлнээс орчуулсан:

  Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

  E-mail: mongolcom.mn@gmail.com 
  Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.46.87) 2020-06-16 11:34
      • 0
      • 2

      bayarlalaa

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.3) 2020-06-16 10:57
      • 0
      • 3

      Ямар гоё юм бэ. Их зүйл мэдэж авлаа. Надад энэ бүхэн яг болоод байна.

      Хариулах