Баруун, зүүн дөрвөн зам, Саппоро болон Нарантуулын уулзваруудаа эхний ээлжинд бариад аваач

Twitter Print
2019 оны 09-р сар 17-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Замын түгжрэл гэж шийдвэрлэхэд бэрх асуудал байнаа, Улаанбаатарчууд бидэнд. Асуудлыг шийдвэрлэх хамгийн том шийдэл бол ерөөсөө л ЗАМЫН УУЛЗВАР юм. Уулзваруудыг олон төвшний, хоорондоо нэг хавтгайд үл огтлолцох байдлаар шийдсэн тохиолдолд асуудал шийдэгдэнэ. Мэдээж дараа нь орц гарцуудыг өргөтгөх шийдэл байна.

Бат-Үүл даргын үед уулзваруудыг өргөтгөсөн боловч Батболд даргын үед тэр нь приусны түрэмгийлэлд өртөж хүчин мөхөстөв. Харин Амарсайхан даргын үед сайхан уулзвар гүүрнүүд ашиглалтад орж таарав. За энэ л бидний хүсээд буй шийдэл шүү дээ. Нэг том гүүрэн уулзвар бүтээн байгуулахад монгол мөнгөөр 100 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа юм уу даа. Болж байна шүү дээ, одоо үргэлжлүүлээд баруун зүүн дөрвөн замуудаа, Саппоро болон Нарантуулын уулзваруудаа эхний ээлжинд бариад аваач. Тавантолгойн нүүрсний энэ жилийн ашгаасаа хангалттай барихаар байна. Хэчнээн хүний ажил цаг тухайдаа амжиж, хэчнээн хүн ажлаа тараад гэртээ эрт харьж үр хүүхэд хань ижилтэйгээ цагийг хамт өнгөрөөж, хэчнээн хүний хэр их хөрөнгө мөнгө хэмнэгдэх болоо. Үүнийг л жинхэнэ бодит бүтээн байгуулалт гэж хэлнэ биз дээ.

ДОЛОО ХЭМЖИЖ НЭГ ОГТОЛ гэж ардын үг ямар үнэ цэнэтэй юм бэ, бүр асар их үнэ цэнэтэй. Одоо ашиглалтад орж буй замын цагдаагийн гүүрэн зам хэдийгээр маш хэрэгтэй боловч бас л дутуу хэмжсэн юм шиг санагдаж байна. Гүүрийг хоёр давхраар нь явуулсаар байгаад ядаж HOME PLAZA-ийн уулзваруудыг өнгөрүүлчихсэн бол... Одоо байгаа замуудыг нь тулгуур баганануудын дундуур хангалттай үлдээж болох байлаа. Бусад улсад бол гүүрэн замыг дандаа тулгуур багана ашиглаж босгодог, шороон далан ашигладаггүй. Манайд харин гол огтлолцол дээрээ тулгуур багана гаргаад бусад хэсэгтээ шороон далан босгоод байгаа, цаашид бодох л ёстой.

Замын хөдөлгөөний соёл бас нөлөөтэй гэж ярьж байгаа хүмүүст би ҮГҮЙ гэж хэлнэ. Хүн ер нь аливаа дутуу зүйлрүүгээ л шунадаг. Хэрэв тухайн зүйлийн хэрэгцээ хангагдаад бялхаад ирвэл шунахаа болино биз дээ. Түгжрэлд хүн хамгийн түрүүнд цаг хугацаагаа алдаж байгаа. Тэгэхээр тэр цаг хугацаагаа нөхөхийн тулд яарна, цаг хугацаанд шунана. Ийм хүн хэнд ч зам тавьж өгөхийг хүсэхгүй. Харин эсрэгээрээ зам түгжрэлгүй хүссэн цагтаа хүссэн газраа хүрч байгаа нөхцөлд ганц хоёр машин оруулчих цагийг хэн ч харамлахгүй, ялангуяа манайхан шиг тайван хүмүүс.

Эцэст нь автобусны мөнгө ч хомс хирнээ автомашинтай айлууд их байна. Энэ бол манай нийгмийн гаж хөгжил шүү, эмчлэх шаардлагатай.

Сайн ноён

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.