Газар нутгаа алдсан гашуун түүх

Twitter Print
2020 оны 09-р сар 03-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

Монголчууд Эзэн Богд Чингис хааны үед 33 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, дөчин улсын нэгтгэсэн дэлхийд хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан байлаа. Богд хаант төрийн үед монголчууд Өвөр Монгол, Урианхайн хязгаар ороод 3.3 сая квадрат км газар нутагтай байв.

Өвөр Монголын Баарин, Харчин нутгаар дамжиж Номхон далайд гарах гарцтай байв.Гэвч монголчууд өөр хоорондоо дайсагнаж дайн дажин хийж улс орноо сул дорой болгосон юм. Монголчууд Өвөр Монголыг 1947 онд улаан Хятадад алдаж, 5 сая монгол хүн, 100 сая мал сүрэг, 1.2 сая квадрат км газар нутгаа өмнөд хилээрээ таслууллаа. Өвөр монголчууд хятадад харьяалагдах тун дургүй байв. Гэвч Ар монголчууд өвөр монголоо аварч чөлөөлөх талаар юу ч хийж чадсангүй.Монголчууд 1670 оноос эхлэн Байгаль орчмын газар нутгаа оросын казакуудад алдсаар байв.Буриадууд оросын казакуудыг эсэргүүцсэн боловч ялж чадсангүй.Түшээт ханы халх цэргүүд Оросын казак цэргийг эхлээд буцаан хөөж чадсан боловч Ойрдын Галдан Халх Монголд гучин мянган ойрд цэрэг дагуулан халдсан тул Түшээт ханы цэрэг яаран нутаг буцав.Энэ чөлөөг ашиглаж оросын казакууд өвөр Байгалийн Буриад Монголыг 1689 онд бүрмөсөн түрэмгийлэн эзэлжээ.

Ийнхүү хоёр зуу гаруй алтны ордтой, байгалийн баялаг, ан амьтан, ой мод, рашаан ус, Байгаль далайтай баян нутаг тэр үед Түшээт ханы нутаг байсан, одооны Буриад Монгол минь харийн гүрний мэдэлд очлоо. 1688 онд Ойрдын Галдан 30 000 цэргээрээ Халх Монголыг уулгалан довтолж Түшээт ханы 20 000 халх цэргийг хөнөөсөн гутамшигт үйл явдал Монголд боллоо. Галдан Төв Халхыг түрэмгийлэн эзэлж сүйтгэснээс болж монголчууд сульдан доройтож Орос, Хятадын шахалтад орж өчүүхэн жижиг улс болох замдаа оров. Галдан Төв Халхыг эзэлж Түшээт хан, Өндөр гэгээнийг албатуудынх нь хамт Манжийн Долнуур хот хүртэл шахаж хөөв. Галдан өөрийнхөө хорь гаруй ах дүү саданг хөнөөгөөд зогсохгүй, Халхын Түшээт хан, Далай багшийн дэргэд Бурханы номонд хамт сурч байсан Өндөр гэгээнийг хөнөөхийг завдаж байлаа.Галдан зөвхөн алтан ургийн хөвгүүд монголын хаан болдог ёсыг үл тоож тэрбээр өөрөө монголын их хаан болохыг далдуур санаархаж байлаа.

Энэ хорон санаа нь алтан ургийн хөвгүүд алсдаа нэгдмэл хүчирхэг монголыг байгуулах үйл хэргийг мухардуулж монголыг бутруулан сарниулж байлаа.Хэрэв Манж Чин улсын Энх Амгалан хаан монголын ван, ноёдын хүсэлтээр Галдантай байлдаж ялаагүй бол монголын Байгаль далайгаас Цагаан хэрэм хүртэлхи уудам газар нутаг Ойрд хийгээд Оросын мэдэлд бүрэн очих байлаа.Энх Амгалан хаан Халхын нутгийг ойрдын цэргээс чөлөөлж нутгаасаа хөөгдсөн Түшээт хан,Сэцэн хан,Засагт ханыг нутагт нь буцаан авчирч бүх хэргэм цолыг нь олгож нутаг орондоо ард иргэдтэйгээ амар амгалан амьдрах нөхцлийг нь хангаж өгөв.Гэвч монголчууд газар нутгаа хоёр том гүрэнд ээлж дараалан алдсаар байв.Хиагтын 1915 оны гэрээгээр монголчууд Орос, Хятадад үлэмж их хэмжээний газар нутаг, хүн ард, мал сүргийн хамт алдав. Алт мөнгө элбэгтэй, ой мод, рашаан ус бүхий үзэсгэлэнт Урианхайн хязгаарыг булаан авах ажиллагааг оросууд 1910 оноос идэвхжүүлж улмаар 1944 онд улаан оросын коммунистууд тэр үед Монголд элчин сайд байсан Молотовоор дамжуулан Монгол улсыг шахаж Урианхай- Туваг булаан авав. Тувагийн ноёд, удирдагчид Монгол эх орноосоо урваж Орос улсад тун дуртайяа нэгдэв.Үүнийхээ төлөө Тувагийн удирдагч Салчиг Того оросуудаас Лениний одонгоор 7 удаа шагнуулсан гэдэг.

Ийнхүү 1689-1958 оны хооронд Монгол улс хөрш хоёр их гүрэнд хоёр сая шахам хавтгай дөрвөлжин км үлэмж их газар нутгаа алдсан түүхтэй.Монголчууд өөр хоорондын хэрүүл тэмцэл, дайнаас болж ийнхүү хүчирхэг гүрнээ харийн орны идэш болгон сарниулсан түүхтэй. Одоо орчин үеийн Монгол улс дөнгөж гуравхан сая хүн амтай, 1.5 сая квадрат км газар нутагтай үлдэж, Номхон далайгаас 1200 км алслагдан шидэгджээ.Бид түүхийн алдаагаа давтмааргүй байна.Бид азийн хоцрогдсон бүдүүлэг, ядуу дорой орон болмооргүй байна.

Монголчууд бид улс орноо өндөр хөгжилтэй,хүчирхэг улс болох нь чухал байна. Үр хүүхдүүд маань өндөр хөгжилтэй Монгол улсын боловсролтой, мэдлэгтэй, ажилтай орлоготой, хангалуун чинээлэг иргэд болоосой хэмээн ерөөж байна.Дэлхийд ганцхан Монгол минь үүрд мөнх оршиж цэцэглэн хөгжих болтугай.

До.Сүхбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.31.211) 2019-09-17 19:32
      • 0
      • 0

      Нүдээ олжээ, юуч хийж мэдэх хүн шүү

      Хариулах