
Туркийн нийслэл Анкарад болж буй Сирийн хямралыг зохицуулах тухай гурван талын чуулга уулзалтанд оролцож буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын эрх баригчдад ОХУ-аас С-400 болон С-300 пуужингийн системийг худалдан авахыг санал болгожээ.
Тэрээр өнгөрсөн бямба гарагт Саудын Арабын газрын тосны үйлдвэр дроны халдлагад өртсөн явдалтай холбоотойгоор ийнхүү мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар Саудын Арабын эрх баригчид Иран болон Туркийн эрх баригчдын адилаар ОХУ-аас С-400, С-300 пуужингийн систем худалдаж авах "ухаалаг шийдвэр" гаргахад хангалттай аж.
Оросын төрийн тэргүүний онцолсоноор С-400 болон С-300 пуужингийн систем нь Саудын Арабын бүхий л дэд бүтцийг найдвартай хамгаалж чадах гэнэ. Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын оролцож буй гурван талт чуулга уулзалтын үеэр талууд Йеменд үүссэн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Йеменд маш ноцтой хүмүүнлэгийн хямрал үүссэн хэмээн Оросын талаас тусламжийн гараа сунгахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Йемений хямралыг шийдэх хамгийн оновчтой, үр дүнтэй арга зам бол зөрчилдөж буй талууд зөвшилцөлд хүрэх юм гэдгийг онцолсон байна. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Саудын Арабын газрын тосны үйлдвэр лүү халдсан асуудлын талаар өөрийн байр сууриа мөн илэрхийлсэн байна.
Түүний хэлж байгаагаар Йемений ард түмэн өөрсдийгөө хамгаалах эрхтэй бөгөөд "Йемений газар нутгийг өдөр бүр бөмбөгдөж, гэмгүй иргэд үхэж байна. Саудын Араб руу өдөр бүр зэвсэг нийлүүлж, Йемений эсрэг ашиглаж байна. Ийм учраас йеменчүүд үүнд хариу барихаас өөр аргагүй болсон. Тэд өөрсдийгөө хамгаалж байна" гэжээ.
Тэрээр Йемений асуудлыг улс төр, гадаад харилцааны замаар шийдэх нь зөв хэмээн Йеменд аюулгүй, тогтвортой байдал тогтсоноор тухайн бүс нутагт газрын тос олборлож, үйлдвэрлэх нь ч аюулгүй болно гэсэн байна. Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Йеменд цэргийн ажиллагааг хэн анх эхлүүлсэн, хэн анх Йеменийг бөмбөгдсөнийг санахыг уриалжээ. Чуулга уулзалтын үеэр гурван орны тэргүүн санал нэгтэйгээр Сири дэх Вашингтоны бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
В. Путины хэлж байгаагаар АНУ-ын цэргийн хүч Сирийн нутаг дэвсгэрт байгаа нь хууль бус ба АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сириэс цэргүүдээ гаргах шийдвэрээ бүрэн хэрэгжүүлнэ гэж найдаж байна гэжээ. Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханигийн хэлж байгаагаар АНУ-ын цэргүүд Сирийн нутаг дэвсгэр дээр байгаа нь НҮБ-ын гишүүн орон болох Сири улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хараат бус байдалд заналхийлж байгаа аж.
Эх сурвалж: newsru.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.