"Мандат хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй"

Twitter Print
2013 оны 12-р сар 03-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс дараахь асуултад хариулт авлаа.

-Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар та хоёрын мандатыг хүчингүй болгох асуудлыг СЕХ-нд тавьсан. Энэ асуудал хэдийгээр эцэслэгдэх юм бол?

-УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа бид хоёр гишүүнийхээ тангаргыг өргөсөн. Ардчилсан намаас нэр дэвшсэн Т.Мэндсайхан, Д.Нямхүү хоёр Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь гурван шатны шүүхээр  орж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хэрэгсэхгүй болсон шүү дээ.

Харин АН-ын зүгээс өнгөрсөн есдүгээр сарын 15-нд шинээр үүссэн нөхцөл байдлаас үүдэн Захиргааны хэргийг анхан шатнаас нь хэлэлцүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан юм билээ. Шүүхээр энэ хүсэлтийг хүлээж аваагүй.

-Сонгуулийн ерөнхий хороо асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэхээр зэхэж байгаа биздээ?

-Би хуульч биш. Гэхдээ ямар үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хороо мандат татах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж яриад байгаа юм. Уг нь аль 2012 оны долоодугаар сард СЕХ шийдвэрээ гаргасан. Ард түмэн сонголтоо хийсэн шүү дээ.

-Мөнгө тараасан асуудал бол шүүхээр тогтоогдсон байх аа?

 -Мөнгө тараасан асуудал огт байхгүй. Туслахууд ч мөнгө тараасан зүйл байхгүй ээ.

-Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэсэн үг үү?

-13 иргэнд ямар үндэслэлээр мөнгө өгснийг нь би мэдэхгүй. Би өгөөгүй. Надаас тэр мөнгийг нэхэмжлээгүй. Би жудагтай байгаасай гэдэг үгийг Т.Мэндсайхан, Д.Нямхүү хоёрт хаягламаар байна. УИХ-ын 2012 оны сонгуулиар Ч.Хүрэлбаатар гишүүн 57, би 53.5, Д.Нямхүү 33, Т.Мэндсайхан 31 хувийн санал авсан. Би хоёроор Д.Нямхүү гурваар гарсан юм шүү дээ.

Т.Жаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.