С.Эрдэнэ: Намын даргын тамга, түр эрхийг дэд дарга Ц.Туваанд шилжүүлж байна

Twitter Print
2020 оны 06-р сар 25-нд 18:55 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан нам 11 суудал авч, ялагдал хүлээсэн. Сонгуулийн үр дүнгийн талаар тус намын удирдлагууд мэдэгдэл хийж, намын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээн огцорч буйгаа мэдэгдэв.

АН-ын дарга С.Эрдэнэ "2020 оны УИХ-ын сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарч, бүртгэгдсэн. Түүнийг СЕХ, хууль хяналтын байгууллага шийдвэрлэх байна. АН төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Намын үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээж, намын даргын ажлаа өгч байна. Би өргөдлөө өгсөн, шийдвэрлэх байх. 

Энэ сонгуулийг толгойлж орсон хүний хувьд хэдийгээр намын нөхөдтэйгээ зөвшилцөж шийдвэрлэсэн ч надад алдаа, оноотой шийдвэрүүд байсныг би хүлээн зөвшөөрнө. Ардчилсан хүчний намууд нэгдэж, нягтарч ажиллах нь цаашдаа үр дүнд хүрэх юм байна. Тархай бутархай хэвээр явбал байнгын хүсээгүй үр дүн гарахыг энэ удаагийн сонгууль харууллаа. Ардчиллын төлөөх намууд нэг нам, нэг улстөрийн хүчний хэмжээнд ажиллах нь туйлын чухал гэж би АН-ын даргын хувьд үзэж байна.

АН-аас нэр дэвшиж сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцож, хамтарч нэг баг болж шаардлагынх нь түвшинд ажиллаж чадаагүй нь энэ сонгуулийн бас нэг том боломжийг алдсан гэж харж байна. Монголын ард түмэн, сонгогчдынхоо итгэл хүлээж чадаагүйдээ Та бүхнээсээ уучлалт хүсэж байна. Цаашид ардчиллын төлөөх намууд нэгдэж ажиллах нь зөв гэж харж байна. Би журмын нөхдөдөө итгэдэг. Намын даргын тамга, түр эрхийг дэд дарга Ц.Туваанд шилжүүлж байна. Үлдсэн хугацаанд Ц.Туваан намын даргын дараагийн дотоод сонгууль явуулж, намын даргыг сонгох, ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд оролцох ажиллагааг удирдан зохион байгуулна гэж бодож байна. Намын Үндсэн дүрмийн дагуу намын даргын сунгаа 90 хоногт явагдана.  

АН-ын 200 мянга гаруй гишүүнээсээ хүлцэл өчиж байна. Энэ намыг эрх баригч нам болгохын төлөө та бүхэнтэйгээ хамтарч ажиллах болно оо" хэмээлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.