Бага насны хүүхдэдээ уур бухимдлаа илэрхийлж болох эерэг аргуудыг зааж сургаарай

Twitter Print
2023 оны 06-р сар 08-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Бага насны хүүхдүүд уурандаа орилж хашгирах, тоглоомоо шидэх, хүн цохих, хазах гээд янз бүрийн сөрөг аргаар уур бухимдлаа илэрхийлдэг. Та “ингэж болохгүй” гэж нэг тайлбарлаж хэлнэ гуйж нэг үзнэ,  загнаж нэг үзнэ, орилж нэг үзнэ, сүүлдээ цохиж нэг авна. Энэ бүхэн давтагдсаар л... Болохгүй гэж хэлээд байхад хийдэг үйлдэл нь давтагдсаар байх үед албаар таныг уурлуулах гэж тэгж байгаа мэт хүлээн авдаг эсвэл үгээр ойлгохгүй бол биед нь мэдрүүлээд өгье гэж боддог.

Ийм тохиолдолд та ойлгуулахын тулд улам чанга хашгирч улам хүчтэй зодох магадлалтай. Хүүхэд айснаасаа болоод хүн цохихоо болилоо ч таныг байхгүй үед буцаад цохиод эхлэх эсвэл өөрийгөө цохих ч юм уу өөр ямар нэгэн сөрөг аргаар илэрхийлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл нэг сөрөг үйлдлийг өөр сөрөг үйлдлээр сольдог тийм болохоор багаас нь яаж зөвөөр илэрхийлж болохыг нь заах хэрэгтэй. Та л заахгүй бол хэн ч заахгүй. Насанд хүрсэн ч гэсэн уурандаа хүн рүү юм шиддэг хүн цохидог хүмүүс байдаг.

The Destroyer: 8 Ways to Help Kids Express Big Feelings in a ...

Эцэг эхчүүдийн гаргадаг гол алдаа

  • “Болохгүй” гэж хэлээд орхичихдог харин яаж болохыг нь заадаггүй

  • Зааж эхлээд хүүхэд сурахгүй байна гээд дундаас нь хаядаг

  • Айлгаж сүрдүүлээд таньд таалагдахгүй байгаа үйлдлийг болиулах илүү хялбар тул та ч мөн хүүхэдтэй адилхан өөрийн сурсан сөрөг аргаа ашигладаг.

  • Шинэ зүйл сурахад хүүхдэд хугацаа хэрэгтэй. Та одоо бага байгаа дээр нь сургавал таны хүүхдэд болон таньд цаашдаа хялбар байх болно. Ирээдүйд хүүхдээ бэлтгэе.

Яагаад цагдаагийн ерөнхий газраас “1 хором” гэдэг хөдөлгөөнийг түрүү жил эхлүүлэв. Уураа зөв илэрхийлж чадахгүй насанд хүрсэн хүмүүс ихэссэн. Шалтгаан нь юу бол? Яагаад уураа сөргөөр илэрхийлдэг хүмүүс их байна вэ? Таны хүүхэд уураа зөв илэрхийлж чадахгүй бол ирээдүйд яах бол? “Зодож болохгүй гэдгийг зодож заах”- та логикоор нэг бодож үзээрэй. Үүнээс юу сурах бол?

Understanding ADHD Children and Anger

Өөрийн туршлагаас хуваалцъя

Охиндоо 1 настайгаас нь эхлэн сэтгэл хөдлөлөө нэрлэх таньж мэдэх хэрхэн зөвөөр илэрхийлж болох аргуудыг заасаар байна. Миний инстаграм болон пэйж хуудсыг маань эртнээс дагадаг хүмүүс мэдэж байгаа байхаа. Одоо охин маань уур нь хүрэхээрээ ” Амина ууртай байна шүү” гээд хэлдэг. Энэ үед нь уураа илэрхийлж болох зөв аргуудыг нь сануулдаг хааяа өөрөө зөвөөр илэрхийлдэг. Намайг гайхалтай төгс хүн гэж битгий бодоорой. Би хүн л юм чинь хааяа нилээн чанга загнадаг байсан гэхдээ мэргэжлийнхээ ачаар хурдан алдаагаа зассан. Одоо бол чанга дугарах гээд байвал шивнэж ярьдаг. Миний хувьд үр дүнтэй байгаа.

Хоёр настай охиндоо уур бухимдлаа илэрхийлж болох миний заасан эерэг аргууд

  •  Зөөлөн өвтгөхгүй зүйлийг цохих (диван) -1 настайгаас нь заасан

  •  Хөлөө дэвсэх

  •  Арслан шиг архирах (Хүүхэд хэд хэд архирангуут нь “айлаа айлаа, ямар аймар арслан бэ?” Гэж та хэлээрэй. Мөн та уурласан үедээ ч архираарай. Хүүхэд тань айлаа, айлаа гэх үед юун уур хүрэх инээд хүрдэг шүү). Хоёр гарын хуруунуудаа нугалаарай, маажих гэж байгаа юм шиг.

  • Өөр амьтдын дуу авиагаар уураа илэрхийлж болно. Нохой шиг хуцах, баавгай шиг хүрхрэх гэх мэт.

  • Гараа чанга атгах

  • Тоглоомоо чанга тэврэх (охин маань өөрөө зохиосон, би заагаагүй)

Одоогоор энэ хэдэн аргыг ашиглаж байна. Том болох тусам өөр аргууд нэмэгдэнэ: тоо тоолох , гүнзгий амьсгаа авч зөөлнөөр гаргах, уур хүргэсэн зүйлээ зураад хаях гэх мэт...

Сэтгэл зүйч Г.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.