Та бүхэн минь туслаач

Twitter Print
2019 оны 09-р сар 16-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

-Бүх нийтийг хамарсан лобби-

Өнөө орой намайг энэхүү жижигхээн бичвэрийг бичиж , дараа нь та бүхэн үүнийг уншиж байхад Монгол улсад минь 12-15 хүн хавдрын өвчний улмаас нас барж буй. Энэ үг үсгийг хэлхэж суухад хэн нэг нь хайртай бүхнийхээ элгийг эмтлэн энэ хорвоогоос буцсан ч байх.

Манай улс элэг, ходоод, нойр булчирхай , умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Жил бүр 6000 хүн энэ өвчнөөр өвдөж 4000 нь нас барсаар байгаа. Жил тутамд 4000 хүн нас барна гэдэг бол Халхын голын дайнд үрэгдсэн хүнээс олон байна гэсэн үг.

Хамгийн аймшигтай нь, хамгийн харамсалтай нь энэ өвчнөөр өвдсөн бүхэн эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Манай улсад хавдрыг илрүүлж эмчилдэг цорын ганц ХСҮТ нь ачааллаа даахаа больсон. Эмчид үзүүлэх, оношлуулах, хагалгаанд ороход 14 хоногоос 2 сар хүртэл хүлээ шаардлагатай болдог.

“Та хорт хавдраар өвдсөн” гэчихээд 2 сар хүлээхэд хүн сэтгэл зүйн хувьд ямар болох вэ. Хөнгөвчлөх тасаг бол ёстой л азтай одтой нь хэвтдэг. Учир нь энэ тасаг ердөө 16-хан ортой. Уг нь хорт хавдраар өвдсөн л бол эмчилгээ нь төрөөс үнэгүй байх ёстой. Монгол улсын иргэн бид өвдсөн бол эмчлүүлэх, амьд явах эрхтэй. Бас эмчлүүлж байгаад бурханы оронд очих эрхтэй. Гэтэл өнөөдөр энэ эрхүүд маань хөсөр хаягджээ. 1937 оны хэлмэгдүүлэлтээр айл бүхэн нэг хүнээ алдсан байдаг бол өнөөдөр өрх бүрт энэ өвчин сүүдрээ тусгажээ.

Та бүхэн Хавдрын эмнэлгээр ороод харвал тэнд өр өвдөм нөхцөл байдлыг олж харах болно. Нарантуул захаас ч олон хүн холхиж, дугаарлаж тэр бүхний харц бүгдийн доогуур бөхөлзөж, царайчилан нулимс нь тунарч , аргагүйдэн цөхөрч явааг үзэх болно. Учир иймээс сэтгүүлч миний бие өөрийн нөхдийн хамт “Элэг нэгт монголчууд сан”-гаараа мөн ХСҮТ- ийн хамт олонтой “Хавдрын шинэ эмнэлгийн цогцолбор” барих ажлыг эхлүүлж ТЭЗҮ -г нь хийж УИХ- ын гишүүн Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн.

Энэ эмнэлэг баригдвал Зүүн Азийн хэмжээнд оношилгоо эмчилгээний хамгийн том төв болох юм. Хорт хавдрыг өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө сэргийлэх боломж нээгдэнэ гэсэн үг. Мөн эрдэм шинжилгээний кабинетууд бий болно. Монголчууд бид гадагшаа өндөр үнэтэй эмчилгээнд явахгүй эх орондоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авч болох юм. Нийт өртөг 113 сая ам.доллар буюу 303 тэрбум төгрөг. 2020 оны төсөвт 60 тэрбум, 2021 оны төсөвт 120 тэрбум, 2022 онд 41,7 тэрбум төгрөгийг суулгахын тулд УИХ дээр лобби бүлэг байгуулахаар оролдож байна.

Харин хамгийн том хүч бол ард түмэн та бүгд шүү дээ. Бид нэгдэж чадвал УИХ ын гишүүдийг, Засгийн газрын гишүүдийг хөдөлгөж чадна. Хайртай бүхнийхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө хорт хавдрын аюулыг цогцоор нь шийдэж чадах шинэ цогцолбор эмнэлгийн төлөө хамтын хүчээр зүтгэе. Төрд мөнгө байхгүй биш, байгаа. Тэд Жастын Батхүү, Эрдэнэтийн Ганзориг нарын Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд тавьсан 109 сая долларыг энэ төр төлж чадсан.

Нэг Хавдрын эмнэлэг барих өртөг байж. Оюутолгой татварын өр 1 тэрбум 300 сая доллар байсныг Сайхбилэг хэрэгсэхгүй болгосон. 10 хавдрын эмнэлэг байж. Энэ төрд мөнгө бий, гагцхүү тэд ард олноо гэсэн сэтгэл үгүй учраас аөдөлгүй байгаа юм. Одоо бид өөрсдийнхөө төлөө хөдлөх хэрэгтэй. Та бүхэн энэ бичвэрийг шейрлэж, бидний үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхэд л юугаар ч хэмжишгүй тус болох юм. Бид эмчлүүлэх эрхтэй. Бид амьд явах эрхтэй. Бид өвдөхгүй байх эрхтэй. Бид эрхийнхээ төлөө тэмцэх эрхтэй.

“Элэг нэгт монголчууд сан”-гийн тэргүүн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Удирдах зөвлөлийн гишүүд ХСҮТ ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн

МУГЖ поп дива Т.Ариунаа

МҮОНТ ийн хөтлөгч Б.Гантигмаа

ХҮСТ ийн хүний их эмч Р.Мөнхбат

ХҮСТ ийн хүний их эмч Ч.Мөнхдэлгэр

БНСУ ын Күүкминийн Их Сургуулийн хуулийн доткорант, багш Ц.Өнөрзаяа

Хуульч О.Мягмарсүрэн нар та бүхнээс хичээнгүйлэн тусламж хүсч байгааг хүлээн авна уу.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • нарангэрэл

      (150.129.141.34) 2019-09-16 21:43
      • 0
      • 0

      дэмжиж бна маш зөв алхам бнаа

      Хариулах

    • Demjigch

      (64.119.22.224) 2019-09-16 14:13
      • 0
      • 0

      Demjii ard tumneesee handiw aw buh zuilee shilen bailga munh baysgalan chi uunii hiiwel mun saihnaa ard tumendee hand

      Хариулах