Арга билиг тэмдэгийн тухай

Twitter Print
2022 оны 10-р сар 11-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

АРГА БИЛИГ ТЭМДЭГИЙН ТУХАЙ

Бид ертөнцийг үзэх үзэл, амьдралын утга учрыг арга билиг хослуулан тайлбарладаг ард түмэн. Тиймдээ ч Монгол Улсын төрийн далбаан дээр Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбын голд бие биеэ эргэсэн хоёр загасны дүрс байдаг. Загасыг эртний Монголчууд нүдээ аньдаггүй амьтан хэмээн сонор соргогийг бэлгэддэг байв. Хоёр загас зурсан нь арга билиг буюу эр, эм хэмээсэн утгатай аж.

Монголчууд үр хүүхдээ хүний зэрэгт хүргэж, аж амьдралын болон шашин, соёлын баялаг уламжлалыг өвлүүлэхдээ арга билиг, авах гээхийн ухаанаар ханддаг. Энэ нь уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулах ухаан билээ. Бидний амьдарч буй нийгэм хурдтай хувьсан өөрчлөгдөхийн хэрээр бидний боломжгүй гэгддэг байсан зүйлс ердийн үзэгдэл болж байгаа нь технологийн эрин үед амьдарч буйтай холбоотой. Ийм эрин үед бид уламжлал, ёс заншлаа технологийн шийдлүүдтэй хослуулан хадгалан өвлүүлэх арга ухааныг эрэлхийлэх нь зүй. Түүхийн үнэт ховор, музейн үзмэрүүдийг залуу хойч үедээ таниулахын тулд VR ашиглан бодит мэт мэдрүүлж, тайлбарлан үзүүлэх нь үүний нэгэн жишээ. Монгол бичгийн хэл соёлоо түгээхийн тулд теле хичээлээр дамжуулан заах, үг зөв бичсэн эсэхийг тодорхойлдог аппликэйшн бүтээх зэрэг нь шинэчлэлийн ололт дэвшлээр дамжуулан уламжлалаа хадгалахыг зорьж буй хэлбэр юм.

Арга билгийн дараагийн тайлбар бол ухаан болон ухамсрын ойлголт. Аргын ухаан, билгийн ухаан 2 хослон байж төгс төгөлдөрийг/арга билиг/ бүтээх аргаа барахын цагт билгийн ухаан сэрдэг гэсэн үг байдаг. Билгийн ухаан шавхагдахын цагт аргын ухаан дийлдэг гэдэг үг бий. Зөвд зөөлөн бурууд хатуу байх гэдэг ардын үг үүнтэй холбоотой. Арга билгийн хар цагаан дүрс багаас их рүү эргэлдэх хөдөлгөөнтэй байх ба энэ өөрийн дэс дараа болон ухаарах, санах, сэрэх, өсөн нэмэгдэхийн бэлгэдэл болоод зогсохгүй цаашлаад шинэчлэл, хувьсал, зогсолтгүй эргэх амьдралын хүрдийг санагдуулна.

Туйлын ойлголт болохын хувьд зовлонгүй жаргал, жаргалгүй зовлон үгүй. Шөнийн дараа нар мандах шиг, өвлийн дараа зун болно. Сайнгүй муу, муугүй сайн нь үгүй. Муу хүмүүс байдаг болохоор л бид тэднээс сайн хүмүүсийг ялгаж чаддаг. Өдөр боддог бол шөнө зүүдэлдэг. Өглөө манддаг бол орой жаргадаг. Мөнхийн хөдөлгөөн болохын хувьд эхэлсэн зүйл дуусах хэдий ч дахин дахин давтагдах гагцхүү чин үнэн энэ тэмдэгт бий. Аргын ухаанаар хүн үхсэн хэдий ч үр хүүхэд нь цаашаа амьдарч энэ хүрдийг эргүүлнэ. Билгийн ухаанаар бол хүн үхсэн ч сүнс нь мөнхөд амьдрах болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.