
Удирдаач, лимбэ хөгжимчин, Монгол Улсын Консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал, тус сургуулийн үндэсний хөгжмийн найрлын удирдаач Р.Ганбатын “Удирдаач Ганбат” хүндэтгэлийн VIP тоглолт өнөө орой 17:00 цагт СТӨ-нд эхлэх юм. Тоглолтын учир, зорилго, хөтөлбөрт багтсан бүтээлүүдийн талаар товч мэдээлэл авлаа.
-Анзаарахад уран бүтээлчид ямар нэгэн тэгш ой, эсвэл шинэ уран бүтээлээ тохиолдуулж бие даасан тоглолт зарладаг. Та ямар “учир жанцан”-гаар тоглолт хийх болов?
-Би 16 настай байхдаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн лимбэний багш болж байв. Сайхан сургууль, багш нарын ачаар хөгжимчин мэргэжил эзэмшээд 30 жил болжээ. Засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцаж, удирдаач болж, нэлээд хэдэн жил ажиллалаа. Өөрөө юу хийв гэдгээс илүүтэй Монголын хөгжмийн урлагт үндэсний үлээвэр хөгжимчид юу хийв, үе, үеийн онцлог ямар вэ гэдгийг харуулъя гэж бодсон юм. Удирдаач нарт би гэсэн ойлголт байдаггүй. Үргэлж багаар ажиллаж, хамтдаа бүтээдэг тул бид гэсэн төлөөний үгийг л хэрэглэнэ. Бас ийм тоглолт хийснээрээ үе тэнгийн залуусыг үйл хөдлөлөөрөө уриалах гэсэн юм. Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш, удирдаач Б.Лхагвасүрэн нарыг ч юм уу удирдан тоглуулсан бүтээлүүдээсээ дээжлээд хөгжимчидтэйгөө хамтарч тоглолт хийгээсэй, тэгвэл маш олон мэдээллийг нэг дор хүмүүст хүргэнэдээ гэж хэлэхийг хүсэж байгаа юм. Тайлан маягтай ажил юм даа. Түүнээс биш мөнгө олох, эсвэл ямар нэгэн зорилго үгүй (инээв).
-Тоглолтыг уртын дуучид үндэсний үлээвэр найрал хөгжимтэй дуулж эхлүүлэх юм байна. Уртын дууг морин хууртай голдуу дуулдаг. Энэ удаа найрал хөгжимтэй байх нь ээ.
-Тийм ээ. Монгол ардын уртын дуу “Эртний сайхан”-аар эхлүүлнэ. Би Монгол үндэсний үлээвэр найрал хөгжмийн холбооны тэргүүн юм. Энэ ажлынхаа хүрээнд 2014 онд үндэсний үлээвэр найрал хөгжмийг 60 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тоглолт хийгээд, төрийн концертод уригдаад, Цэнгэлдэхэд ч алхаж явлаа. Үлээвэр хөгжим бусдыг уриалан дуудах нигууртай. Тиймээс “Эртний сайхан” гэж Чингис хааны үеийн төрийн сүлд дууллыг тоглолтынхоо тэргүүнд залж байгаа юм. Уртын дуу дуулахын өмнө их хааны сүр хүчийг үзүүлэхээр фанфар буюу дохио хөгжим дуугаргана. Монголчууд уртын дууг лимбэ, морин хууртай дуулж ирсэн. Харин 2014 онд үндэсний үлээвэр найрал хөгжим байгуулснаар анх удаа үлээвэр найрал хөгжмөөр хамсран хөгжимдсөн юм. Тэр бүтээлээ тоглолтын эхэнд сонсгохыг зорилоо. Ардын жүжигчин Д.Түвшинжаргал манлайлсан таван эрэгтэй дуучин дуулах юм.
-Энэ дууг эрэгтэйчүүд дуулдаг гэсэн бичигдээгүй хууль байдаг бил үү?
-Тийм ээ. Тийм уламжлал өнөөг хүрчээ.
-“Талын бүрээн дуудлага” гэж бас томоохон бүтээлийг Монгол улсын Консерваторийн үндэсний үлээвэр хөгжмийн найрал таны удирдлагаар тоглох нь ээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
-2014 онд үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг Д.Сосорбарам найруулагч найруулсан юм. Үүнээс өмнөхөн бид хийснээ түүнд харуулсан, сонсуулсан байлаа л даа. Алдарт Л.Мөрдорж, Д.Индрээ гээд хөгжмийн урлагийн нэртэй зүтгэлтнүүдийнхээ эхлүүлсэн ажлыг үе үеийн үндэсний үлээвэр хөгжимчид үргэлжлүүлсээр, найрал хөгжимтэй болох цаг нь бидний үед тохиожээ, тийм болохоор ингээд хийчихлээ гэж тайлбарласан. Тэгэхэд Д.Сосорбарам найруулагч “Үнэхээр бадрангуй, уриалан дуудсан найрал хөгжим байна. Тэгш дуугаралттай, суурь өнгөтэй, ер бүх талаар сайхан найрал юм” гээд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяраар хөгжмийн шинэ бүтээл хийлгүүлсэн. Төрийн хөрөнгөөр. Монголын үндэсний радиогийн “Алтан фонд”-д ч бичүүлсэн. Тэр бүтээлээ одоо сонсгоно.
-Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” гэж байна.
-За, энэ бас л түүхтэй бүтээл. Түүхгүй бүтээл гэж байхгүй л дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагч зохиолч Б.Цогнэмэхийн цомнолоор, монголчуудаа эрх чөлөөний тэмцэлд дуудсан Ханд Чин Вангийн тухай “Ай, Нан аа” дуулалт жүжгийг “Улаанбаатар” театрт тавьсан юм. Энэ жүжгийн удиртгал хөгжим. Сонирхуулахад уран бүтээлчид бид энэ жүжгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ Эрдэнбулган найруулагчийн нутагт, Булган аймгийн Бугат суманд очиж тоглосон шүү дээ. Тайз, гэрэл, дуу гээд дутуу юмгүй авч явсан. Найруулагч “Насны минь мөрөөдөл биеллээ. Уул, усандаа бүтээлээ авчирлаа. Тоглууллаа, эгшиглүүллээ” гээд уйлж байлаа.
-Түүний сүүлчийн томоохон ажил байх шүү.
-Тийм ээ.
-Хөтөлбөрт буй бүтээл бүрийн талаар яриулалгүй, тоглолт үзэх хүмүүст “оньсого, таавар” үлдээх нь дээр болов уу. Хэдэн сайхан дуу байна. Жишээ нь алдарт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын “Тогтохоо байлаа”, С.Задгайн хөгжим “Хүүгийн бодол”, Очирхуягийн хөгжим “Аяны шувууд”-ыг гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших дуулах юм байна. Эдгээр нь үеийн үед концертын хөтөлбөрт хүндтэй байр эзэлсээр ирсэн. Та ч мөн сонгох болсон нь учиртай байх. Ярьж өгөөч.
-Энэ дуунуудыг Үндэсний урлагийн их театрын ахмад ятгачид дуучинтай хамсарч тоглох юм. Миний хадам ээж Д.Янжиндулам уг театрын, хуучнаар бол Чуулгын ахмад ятгачдын нэг. Алдарт дуучин Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл болон алдарт П.Адарсүрэн нарын “гарын ятгачин” даа. Одоо ээж маань үеийн ятгачин Б.Алтантуул гавьяат болон С.Төөгөө, Э.Эрдэнэ нартай хамт тоглож, үзэгчдийн хайртай дуучин Ц.Өлзий-Орших гавьяат дуулах юм.
-Танайх урлагийн гэр бүл. Гэргий тань бүжигчин, охин нь бас бүжигчин, бүжиг судлалын мэргэжилтэн. Танай хоёр тоглолтод өөр, өөрсдийн номерыг үзүүлж, бэлэг барина гэсэн. Охин тань Бээжингийн Үндэстний их сургуульд бүжигчин, бүжиг судлаачаар суралцаж, магистрын зэрэг хамгаалсан юм билээ. Одоо “Талын Монгол” дунд сургуульд бүжгийн багшаар ажиллаж байгаа гэж ойлгосон. Том сургуулийг боловсролын өндөр зэрэгтэй төгссөн хэрнээ дунд сургуульд багшилдаг нь яаж байгаа юм бэ гэж асуух хүн гарах л болов уу.
-Манай охин сурсан, мэдсэнээ хүүхдүүдэд заамаар байна гэсэн. Улсынхаа бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах гэдэг нь заавал их, дээд сургуульд багшилна гэсэн үг гэж бодохгүй байна гэсэн. Бид ч санал нэгтэй байдаг. Аавынхаа тоглолтод бэлэг барьж бүжиглэх гэж байгаа. Гэргий бас үеийн бүжигчидтэйгээ тайзан дээр гарах гээд л, нэлээд юм болцгоож байна. Надад их гоё байна. Тоглолт хийнэ гэхэд бүгд л дор бүрнээ “Яаж туслах вэ” гээд эхэлсэн. Хэрвээ намайг тоглолт хийнэ гэхэд хүмүүс ингэж хүлээж аваагүй бол их хачин байх байсан болов уу. Ер нь хийх байсан уу.
-Монголын үндэсний үлээвэр хөгжмийн хөгжлийг илтгэсэн, мөн урлагаар амьсгалан, аж төрж байдаг нэгэн сайхан гэр бүлийн гишүүдийн хэн нь хэн болохыг харуулсан сайхан тоглолт болох нь. Амжилт хүсье.
-Баярлалаа. Энд бас нэгэн бүтээлийг дурдмаар байна. Хөгжимчин, удирдаач би гэдэг хүн хонины ганц морьтой гэдэг шиг энэ яваа насандаа нэг дуу төрүүлсэн юм аа. Энэ нь “Бодлоос уяатай ээж” гэдэг нэртэй. Олон жилийн өмнө зохиоход уртын дуучин, Гавьяат жүжигчин Г.Хонгорзул дуулсан юм. Дараа нь ҮУИТ-ын гоцлол дуучин А.Ширмэнтуяа дуулсан. Тэгэх, тэгэхдээ бүр концертоо энэ дуугаар нэрлэж байлаа. Би энэ дууг ээждээ зориулсан юм. Бага залууд аль мангартахыг тэр гэх вэ. Нэг удаа ээжийгээ гомдоочихдог юм байна. Сүйдтэй юм болоогүй ч, би дотроо их шаналж байлаа. Ээжид минь чухам ямархуу байсан юм бол, мэдэхгүй. Юутай ч надад хэсэгтээ хэцүү байх үед Б.Бадрахгэрэл гэж сайхан залуугийн шүлэгт хөгжим бичиж, дуу болгон, сэтгэлээ тайтгаруулсан. Сүүлд намайг Шанхайн Консерваторид сурч байхад Ширмэнтуяа найз минь уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийхдээ энэ дууг минь тоож дуулахаар барахгүй, түүгээр тоглолтоо нэрлэж, ижийг минь урьж, хүндэтгэсэн. Намайг урдаас ирэхэд ээж “Хүүгийнхээ буянаар алдартай дуучны тоглолтын хүндэтгэлийн тавцанд заларлаа шүү дээ” гээд бөөн баяр сууж байсан юм.
-Ээж нь хүүгээ уучилж дээ.
-Өө, тэр бол тухайн үедээ болоод өнгөрсөн явдал (хөхрөв). Би л ээжийгээ гомдоолоо гэж бодон, өөрийгөө буруутгаж, хэсэгтээ дуу муутай явахгүй юу. Тэгснийх харин нэг дуутай болсон шүү. Ерөнхийдөө би энэ тоглолтоороо намайг лимбэ хөгжимчин болгосон сургууль, багш нар, тэр дундаа хайртай багш Д.Энхтайван, удирдаач болох гарааг минь тавьсан удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган багш, удирдаач, СУИС-ийн багш, доктор Ж.Чулуунцэцэг нартаа талархаж явдгаа илэрхийлж, үндэсний үлээвэр найрал хөгжмийг сонгож мэргэжлээ болгон, ажиллаж, туурвиж яваа миний үеийн болон, дараа, дараачийн үеийн нийт хөгжимчдөдөө үйлс бүтээлийн төлөө үргэлж хамт байдагт баярлаж байдгаа хэлэх гэсэн юм. Үзэгч олондоо Монголын маань хөгжмийн урлаг үндэсний үлээвэр хөгжим, түүний найрлаар баяжиж, дуу дуугаралт, дуурьсал нь сайжирсаар байна, энэ бүхнийг эхлүүлсэн алдартнууд байхад үргэлжлүүлэн авч яваа ийм олон уран бүтээлч байна гэдэг мэдээлэл хүргэх л гэсэн юм.
Р.Оюунжаргал
2021.12.26
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.46) 2013-12-03 22:18Har tsagaany hoslol goe haragdaj baina.
Хариулах