
01. Энэ зууны хөгжлийг тодорхойлогч гол салбар нь "Цахилгаан автомашин" болчихоод байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Ирээдүйд бүрэн утгаараа цэцэглэн хөгжсөн цагт 6-7 их наяд доллар эргэлдэх маш том бизнесийн орчил үүсэх ажээ. Одоогийн байдлаар энэ маш чухал салбарт Хятад улс тэргүүлэх чиглэлтэй байгаа юм.
2. Америк улс саяхан 2,4 их наяд долларын эдийн засгийг сэргээх хөтөлбөр зарлаад байгаа бөгөөд түүний тал шахам хувийг зөвхөн цахилгаан автомашины үйлдвэрлэл болон түүнтэй холбоо бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулахаар болов. Тэр дунд 500 000 цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулахаар тогтжээ. Энэ бүхний цаана цахилгаан автомашины салбарт өөрийн гол стратегийн өрсөлдөгч Хятадад алдсан байр сууриа эргүүлэн авах гэсэн далд санаархал нуугдаж байгааг ойлгож цөхөх юмгүй.
03. Нөгөө талаар Америк улс автомашины хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч гүрэн гэдгийг бид мэднэ. Энэ нь тус улс цахилгаан автомашины үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлэхэд маш давуу талтай бөлгөө. Өөрөөр хэлбэл Америкийн цахилгаан автомашины зах зээл хэмээх тэр аварга бялуунаас ахиухан хүртчих гээд дэлхийн бизнесийн том акулууд бүгд шүлсээ гоожуулан зүтгэж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Учир нь мэдээжийн хэрэг Америк шиг автомашины аварга том зах зээлийн хэрэгцээг зөвхөн дотоодын үйлдвэрлэгч нарын хүчээр хангачихна гэдэг үнэндээ үлгэрийн далай лугаа адил хэрэг л дээ.
04. Харин ганц л улс Америкийн зах зээлд цахилгаан автомашин худалдан нийлүүлэх эрхгүй бөгөөд тэр нь мэдээжийн хэрэг Хятад байж таарна. Оросууд энэ салбарын үйлдвэрлэлийг ойрын үед эрчимтэй хөгжүүлэх нь тодорхой. Гэхдээ Америк руу гаргана гэвэл төдийлөн таатай хүлээн авахгүй л болов уу?
Сүүлийн үед Тайваньд үйлдвэрлэсэн цахилгаан автомашинууд Америкийн зүг цуврах болов. Урьд өмнө хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ алдартай энэ орон хэдийдээ автомашины үйлдвэрлэл эрхлэдэг болчихоо вэ? Ямар хурдан юм бэ гэж та бүхэн гайхаж байна уу? Би ч анх энэ мэдээг уншчихаад тэгж бодож л байсан.
05. Уг нь ч цахилгаан автомашин үйлдвэрлэх нь уламжлалт автомашины үйлдвэрлэлтэй харьцуулах юм бол маш энгийн хялбар болсон юм байна лээ л дээ. Тулгуур эд анги, цахилгаан батарей тэргүүтэн байхад угсарч болдог болохоор ирээдүйд түүнийг цахилгаан хэрэгсэлд хамааруулан авч үзэх тухай яриа ч байдаг. Мэдээжийн хэрэг уг автомашины амин зүрх болсон цахим удирдлагын системийг суулгах хэрэгтэй байж таарна. Тэр нь одоогийн байдлаар 1000 доллар орчимд яригдаж байгаа гэнэ лээ.
06. Гэхдээ л Тайваньчууд бүхэл бүтэн том үйлдвэрлэлийн салбарыг маш хурдан хугацаанд байгуулаад бүтээгдхүүнээ олон зуун мянгаар хэрхин яаж үйлдвэрлээд байна вэ гэдэг асуудал анхаарал татахгүй байхын аргагүй. Тийм амархан зүйл юм бол бид ч гэсэн тэр үйлдвэрлэлийг эрхлэж болохгүй юу гэдэг талаас нь уншигч та бодож үзээрэй. Чухам үүний цаана бидэнд хамааралтай аварга том бялууны асуудлын тайлал хөврөх бөлгөө. Одоо энэ тухай өгүүлье.
07. Хятадын цахилгаан автомашины том компаниуд Америк Хятадын худалдааны дайнаас өмнө Америкт салбараа байгуулаад хөрөнгийн биржид хувьцаагаа борлуулаад маш их ашиг хүүдийлж байсан юм. Гэвч "адайр ааштай" өвгөн Трамп тэднийг хуйгаар нь хөөж гаргаад хятадаас цахилгаан автомашин импортлох гаалийн татварыг байж боломгүй өсгөөд хаячихсан. Тэдний дунд BYD нэртэй гоёмсог цахилгаан машин байсан бөгөөд Шэньжэнь хотод төвтэй уг автомашины үйлдвэрийн эзэд Тайваний Зя И нэрт хотод Америкаас авч гарсан үйлдвэрээ байгуулаад үйлдвэрлэлээ явуулж "Тайваньд үйлдвэрлэв" шошго наагаад Америк руу бүтээгдхүүнээ гаргаад эхлэсэн нь энэ юм байж л дээ. Мэдээжийн хэрэг BYD гэдэг брэнд нэрээ өөрчилсөн байж таарна. Хятадууд бүхэл бүтэн том үйлдвэрийг зөөвөрлөөд Тайваньд очиж угсраад үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ Америкт гаргаж байгааг Америкчууд мэдэхгүй байв гэж үү? Саяхан Америкийн Тайвань дахь худалдааны төлөөлөгч Брэнт Кринстенсен уг үйлдвэр дээр зочлон очсон нь Америкчууд бодлого, зарчмын хувьд тиймэрхүү янзын төрөл арилжсан наймааг зөвшөөрч байгаагийн илрэл байж таарна.
08. Хятадаас цахилгаан автомашин Америк руу ганц ч гарахгүй байгаа гэвэл арай ч үгүй юм аа. Жө Зян мужийн GEELY нэрт корпораци Вольвотой хамтарсан үйлдвэр байгуулсан болохоор бүтээгдхүүн нь Америк руу төвөггүй гарч л таарна. Тэрхүү GEELY корпорацийн эзэн нь хатагтай Пэн Ли Юаньгийн охин дүү гэдгийг манай дийлэнх уншигчид мэдэхгүй буй за. Харин хатагтай Пэн Ли Юаньгийн тухайд бол хэн болохыг тайлбарлаж ярих нь бараг илүүц буй за.
09. Ер нь дэлхий дахинд иймэрхүү гар дамжсан арилжаа цөөнгүй хийгдсээр байгааг олон улсын асуудал сонирхон судладаг нөхөд ажиглаж л байгаа буй за. Хятад улс Австралийн нүүрс, төмрийн хүдэрт хориг тавихад Индонези, Энэтхэг, Орос гурав тэндээс хямд төсөр авсан нүүрсээ өөрсдийн нэр дээр болгоод Хятадад шахчихаад байсан тухай би дээхнэ бичиж л байсан. Манай жимсний наймаачид ч гэсэн Хятадаас авсан бүтээгдхүүнээ Оросоор дамжуулж Монгол руу оруулж ирэхдээ Европ шошго наагаад зардаг нь энэ төрлийн арилжааны ядруухан хувилбар юм л даа.
10. Сүүлийн үед Шинжаангийн хөвөнд олон улсын зүгээс хориг арга хэмжээ авсны улмаас хөвөнгийн үнэ гадаад зах зээл дээр өсөж байна. Тэрчлэн Австрали хонины ноосны үнэ 30 хувь нэмэгдэж кг нь 17 австрали доллар болсон тухай уншаад хөнгөн атаархал төрж байсныг нуух юун. Гэтэл манай хамаатны малчин хонины ноос нэг кг-ыг хяргасан хүнд 1000 төгрөг өгдөг. Түүнийгээ ноос бэлтгэлийн компанид 1000 төгрөгөөр зардаг тухай ярьж байсан. Хөөрхий минь. Манай төр засгийн холбогдох байгууллагууд ард иргэддээ бизнесийн гадаад орчны иймэрхүү төрлийн мэдээллийг түлхүү түгээж баймаар санагддаг.
11. Нөгөө том бялуу Монголд ямар хамаатай юм бэ гэж тэвчээргүй уншигч асуух гээд байгаа биз дээ? Америк гэж далай шиг том зах зээл байж байна. Түүний хэрэгцээг бүрэн хангахад маш их хөрөнгө хүч, цаг хугацаа шаардагдана. Хятад улс энэ салбарын хөгжлийг түүчээлж байна. Гэтэл гол зах зээл нь хаалгаа барьчихлаа. Тэдний бүтээгдхүүн очих ёстой газраа хүрэх өөр нэг гол гарц нь Монгол улс байж болох биш үү?
Хятадын гар утасны гол тоглогч Сяоми брэнд болжээ. Тэд нар Хуавэйгийн байр суурийг эзлээд 1 их наяд юаний хөрөнгөтэй болсон аж. Түүнийхээ 100 тэрбумыг цахилгаан автомашины үйлдвэрлэлд зарцуулахаар болсноо саяхан зарлав. Гэхдээ тэд нарт гарц хэрэгтэй дээ. Тэр нь Монгол байж яагаад болохгүй байх билээ?
12. Манай улс төрийн хүрээнийхэн газар ухаж "нүүрс" яаж ахиухан зарах тухай тархиа гашилгаж суудаг болов уу даа? Угтаа бол цахилгаан автомашиныг эх орондоо угсраад Америкийн далай шиг зах зээлд гаргах бүрэн боломж бүрдчихлээ. Үүнийг дорно дахинд тэнгэрийн цаг, газрын зүй, хүмүүний тохиол бүрдэх хэмээн нэрийддэг. Манай улсын хувьд тэнгэрийн цаг, газрын зүй бүрэлдчихээд байна. Харин үүнийг шүүрэн авч хэрэгжүүлэх хүмүүний тохиол нь хэн байх юм бол доо? Үүнийг заавал төр засгийн гар харах гэхээсээ илүүтэй овсгоотой бизнесмэнүүд шүүрч аваад хэрэгжүүлж болмоор. Чойбалсан хот юм уу эсвэл Сүхбаатар хотод Монгол улсын цахилгаан автомашины үйлдвэрийг байгуулчихсан байхад Владивостокоор гадаад зах зээлд гаргаж болно. Эс бөгөөс Сайншанд, Чойр, Эрээнд ч тийм үйлдвэр байгуулаад Хятадын боомтуудаар дамжуулан "Монголд үйлдвэрлэв" нэрийн дор гаргах боломж бүрдээд байна.
13. Ардчиллын буянгаар хөл дээрээ боссон Монгол бизнесмэнүүд минь энэ тал дээр ухаан бодлоо уралдуулаасай. Хятадын зах зээл дээр хөвөнгийн үнэ шалдаа буутал унаж байна. Уг нь хөвөн чинь говь цөлийн нөхцөлд ургадаг ургамал юм байна лээ шүү дээ. Тийм болохоор Монголын говьд бага сага хөвөн тариалаад түүнийгээ Шинжаанаас хямд төсөр худалдан авсан хөвөнтэй хольж пресслээд олон улсын зах зээлд гаргаж яагаад болохгүй гэж? Олон улсын худалдаанд ийм төрлийн гар дамжсан арилжааг Монголоос бусад томчууд бүгд хийгээд байнам бус уу?
Д.Болдбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.