
Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 3 тивд буюу Европ, Африк болон Өмнөд Америкт зохион байгуулагдах болсныг мэдэгджээ.
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны зөвлөл 2030 оны ДАШТ-ыг зохион байгуулах нэгдсэн хүсэлт өгсөн Испани, Португал, Мароккогийн хүсэлтийг хүлээн авснаас гадна 1930 онд Уругвайд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн зохион байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2030 оны ДАШТ-ий эхний 3 тоглолтыг Уругвай, Аргентин, Парагвайд зохион байгуулахаар шийджээ.
2030 оны ДАШТ-ийн эхний тоглолт Уругвайн нийслэл Монтевидео хотын Истадио Сентенарио цэнгэлдэхэд болох аж. ДАШТ-ийг зохион байгуулагч дээрх 6 орны хөлбөмбөгийн шигшээ багууд 2030 оны ДАШТ-нд автоматаар орох юм.
ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино, "Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийг төлөөлдөг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны зөвлөл 1930 онд Уругвайд болж байсан анхны ДАШТ-ий 100 жилийг зохих ёсоор тэмдэглэхийг санал нэгтэйгээр дэмжсэн." хэмээн мэдэгджээ.
Португал, Марокко улс нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа юм. The Athletic сайтад бичсэнээр 2022 оны 10-р сард Португал, Марокко, Испанийн хамт ДАШТ-ийг зохион байгуулах хамтарсан хүсэлтэнд Украин нэгдэхээр төлөвлөж байсан ч ОХУ-ын явуулж буй дайнаас болж нэгдэж чадаагүй аж.
2030 оны ДАШТ-ий тоглолтууд түүхэндээ анх удаа 6 өөр оронд зохион байгуулагдах юм. Харин 2026 онд болох ДАШТ нь Канад, Мексик болон АНУ-д зохион байгуулагдсанаараа хөлбөмбөгийн ДАШТ анх удаа 2-оос дээш улсад зохион байгуулагдан түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байгаа аж.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.