
Манай хошин урлагийнхан гэгээрэх, цаг үетэйгээ хөл нийлүүлэх цаг болжээ.
Маскийнхан АНУ-д ирчихээд шоу хийхдээ эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлж, энд тэндээс нь татаж зулгааж, Арабуудын аялгыг дуурайж залбиран, тэсрэх бөмбөг, терроризм, хижаб өмссөн хүүхэн, нүүрээ хараар, уруулаа улаанаар будан, буржгар үс зүүн "хошигнохыг" хараад ой гутаж, тархи толгойны эд эс үхэж дундаас нь хаяж явахаас аргагүй болсон.
21-р зууны хамгийн их цээрлэдэг зүйлсийг тайзан дээр хэнэггүйгээр үйлдэн хорвоогоос тасарсан хүмүүстэй одоо юу ч ярих вэ дээ. Юун дэлхийн зах зээл, юун Монгол хүний өндөр IQ саруул ухаан. Ичээд ичээд бараагүй.
Одоо нэг түлээ нь Европод хүнийг хар цагаанаар нь дуудаад л явж байна. Түмний доог, дэлхийн хамаг хүмүүсийн үзэн ядалтын бай болж монгол гэж тэнэг гэсэн утгатай үгийг улам бататгамааргүй байгаа бол ингэж тэнэгтэхээ боль л доо!
Тэр үед Нью Йоркийн сонин сэтгүүлийнхэн байсан бол тэр дороо хэл ам болж, пасспортон дээрээ хар тамга даруулан, дахиж хэзээ ч Монголын урлагийнхныг АНУ-д оруулахгүй болох булай болох байсан.
Би амьхандаа Монгол гэдэг үгийг тэнэг, оюуны хомсдолтой гэж дэлхий нийтээр хэрэглэхийг эсэргүүцэн, АНУ-н олон кино театрууд pyy утасдаж, захиа бичиж, BBC-д хүртэл ярилцлага өгч, өнгөрсөн онд Шинэ Зеландаар аялж байхдаа номон дээрээ Монголизм гэж Даун синдромтой адилтган бичсэн эмчтэй уулзаж Ууганаа эгчийн бичсэн Монгол гэдэг номыг өгөх гэж явж байсан.
Уг нь Монголынхоо уран сайханчдыг чадахаараа дэмжээд л, концертыг нь рекламдаад л, гадны шоу, хамтлагийнхантай холбож өгөөд л, зурсан зураг, хийсэн эд зүйлсийг нь зарж өгчих гээд л энд гүйгээд байдаг. Монголын талаар баримтат кино хийхийг сонирхож буй хэд хэдэн хүмүүстэй ярьж байна. Бас нэг кинонд нь үлгэр дуурайлал болсон Монгол эмэгтэйг оруулчихсан.
Иймэрхүү түлээнүүдийг харахаар тэр чигээр нь хаячихмаар ч юм шиг... Манай боловсролын систем, чанар улам доройтсоор, ёс суртахуун, хүмүүжил, хүн чанар улам ялзарсаар, модон жорлон, өмхий утаа... Урамгүй юм аа.
Фэйсбүүк Монгол хэл ойлгодог болж байгаа. Монгол хэлтэй гадаад энийг нэг орчуулаад л дэлхий даяар шуугина. Тэгээд хаа ч явсан тэнэг бүдүүлэг гэж дуудуулахын дээгүүр, одоо расистаараа дуудуулах нь.
Канад, Францад одоо хүртэл Монгол хүүхдүүд тэнэг гэж шоолуулж, доромжлуулдаг. Ингээд байхаар чинь бид ЯГ ЯАХ юм бэ?!
Ойр хавийнхаа түлээнүүддээ учирлаж хэл л дээ. Иймэрхүү постуудыг тэр даруйд нь report хийж сур л даа.
Манай хүн амын 94% нь интернэтэд холбогдсон гэсэн. Тэрний ач тус гэж алга аа. Сурлаа, сурлаа гээд хүн төрөлхтний хамаг муу, олиггүй, шавхрууг нь сурах нь юу вэ дээ.
Уг нь бол манайхан их ёжтой, хурдан сэтгэдэг, марзан хүмүүс. Тэрийгээ зөв залаад хөгжүүлээд асуудлын голыг олоод түмнийг гэгээрүүлэн, ухааруулах уран бүтээл хийх зөндөө боломж байгаа. Манай нийгэмд тулгамдсан бас тэнэг, тэнэг том том асуудлууд байна. Тэрийг мэргэн ухаанаа ашиглан ёжилж, буруу зөрүүг нь ялгаж салгаж АНУ-н John Oliver шоу шиг хөгжилтэй, сонирхолтой байдлаар ойлгуулж зөв зүйлд уриалж болно шүү дээ.
Х.Азжаргал
A
(182.160.2.152) 2019-10-05 19:39Hoshin bish hotsrogdson urlag boljee
Хариулах