У.Хүрэлсүхийн СҮРжигнэл ба ДАНЗАНчлал

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Шальдар прапорщикийн баг хууларсаар...

Прапорщик - это отдельный вид военнослужащих,

не относящихся ни к солдатам, ни к офицерам.

~Цэргийн тайлбар толиноос...

У.Хүрэлсүх нэгэн хурал дээр бусдыг “... битгий СҮР ДАНЗАН царайлаад бай” хэмээн зандарч билээ. Үүнээс хойш СҮР ДАНЗАН гэх хэллэг эргэлтэд орж, улмаар түүнд өөрт нь илүүтэй зохихыг олон нийт олж харсан бөлгөө.

Ерөнхий сайд болох санаа сэдэж, М.Энхболдыгоо унагах төлөвлөгөө гаргах үеэсээ л мань эр сүржин даржин зүйлс сэдэх болсон юм. Эхлээд садангийнхаа залуугаар өөрийгөө мөрдүүлж дагалдуулчихаад “намайг дайснууд дагаад мөрдөөд байна. Амь насаа алдахаас айхгүй” гэх зэргээр сүрийг бадрааж, олны анхаарлыг өөртөө татаж байлаа. Удалгүй УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо уг асуудлыг нягталж, шалгаад “У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан гэх АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мэдээлэл баталгаажсан” гэж мэдэгдснээр эхний СҮР ДАНЗАНчлал төгсөв. 

Гэсэн хэдий ч санасандаа хүрч, өөрийнхөө шадарлаж явсан Засгаа унаган суудлаа ахиулан Ерөнхий сайд болж амжсан ажгуу.  

У.Хүрэлсүх Засгийн газрыг толгойлох болсон цагаасаа л улс төрийн мэдлэг мэдрэмжгүй, даржин сүржин нэгэн болохоо алхам тутамдаа илчлэх болсон юм. Тэр бол бага дарга. Цэргийн сургуульд олигтой сураагүй болохоор өндөр цолонд хүрч чадаагүй нэгэн. Гэвч бага даргын цээжинд генералын мөрдөс хоногшсон тул ядаж Онцгой байдлын хурандаа болж сэтгэлээ амраасан байдаг. Одоо “хурандаа У.Хүрэлсүх” гэж бичүүлэх дуртай байдаг нь угтаа армид ямар ч хамаагүй цол юм. Армийн хувьд тэр ердөө л прапорщик хэвээрээ үлдсэн. Цэрэг ч биш, офицер ч биш. Цэргийн сургуульд У.Хүрэлсүх буудлагын дадлага бага хийсэн, шавайгаа ханатал байлдаж тоглоогүй учраас З.Фрейдийн тодорхойлсон далд ухамсар дахь “үл ханасан хүсэл” хэмээх сэтгэл зүйн хөтөч нь дотроос нь мэрсээр байдаг бололтой. Ерөнхий сайд болонгуутаа армийн тусгай хүчний хувцсыг өмсөн, АК буу үүрч амьсгаадан гүйх зэргээр бага залуугийн хүслээ хангав. Цэргийн тусгай хүчнийхэн энэ явдалд тун таагүй хандсан билээ. Тэдний уламжлалаар чадвартай, сэтгэлтэй жинхэнэ дайчид л энэ хувцсыг өмсөх эрхтэй юм. У.Хүрэлсүх сав л хийвэл цэргийн ёслолын хувцас өмсөн, малгайтай малгайгүй ёслож дөвчигнөнө. Цэрэгт явсан хэн ч “малгайгүй ёслохгүй” гэдэг дүрмийг мэднэ. “Хурандаа У.Хүрэлсүхийн 14 алдаатай "цэргийн хувцас" гэх нийтлэл гарч түүнийг цэргийн дүрэмт хувцас өмсөх ямар ч ойлголтгүй, эвсэлгүй нэгэн болохыг илчилж байв. Тийм ээ, тэр цэрэг ч биш, офицер ч биш ердөө л прапорщик. Тахиа шувуу биш гэдэг шиг.

Ийм нэг цэргийн эрхтэн цэргийн нэгдсэн холбоо гэх СҮР ДАНЗАНгуудын ТББ-ыг Төрийн ордонд байгуулж, зуун хувийн саналаар тэргүүн нь болов. 100 хувийн санал гэдэг нь СҮР ДАНЗАНгийн өөрийгөө дөвийлгөх ядарсан мэхийн нэг. Амьдрал дээр 100 хувийн санал гэж байхгүй. За, СҮР ДАНЗАНгийн цэргийн хийрхлийг түр орхиё.

У.Хүрэлсүх хуулийн ямар ч мэдлэггүй нэгэн. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж хувиараа, зөвшөөрөлгүй, татвар төлөхгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн иргэдийг торгож эхлэв. Иргэд сурсан зангаараа нийгмийн сүлжээгээр шуугиан дэгдээв. Угтаа бол хуулийн засаглалтай, шударга ёс хэрэгждэг улсад татвар төлж байгаа таксины компаниудын орлогыг сэм хумсалж, татвараас зайлсхийсэн этгээдүүдийг буруутгадаг. Энэ бол шударга ёс. Гэтэл СҮР ДАНЗАН маргааш нь Засгийн газрын хуралдаан дээр  Нийслэлийн тээврийн газрыг “иргэдийн халаас руу гар дүрэхээ зогсоо” хэмээн сүржигнээд, салбарын сайдад үүнийг зогсоо хэмээн данзандав. Хуулийг хууль гаргаж л үйлчлэлийг зогсоохоос бус СҮР ДАНЗАН чиглэл өгч зогсоодоггүй юм, уг нь. Гэвч хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын тэргүүн хуулийг хөсөр хаялаа.

У.Хүрэлсүхэд нэг сонин чанар бий. Өөрөө үүрэг чиглэл өгснөө мэдээгүй юм шиг царайлан танхимын гишүүдээ хэнэг ч үгүй чичлэнэ. Засгийн газар малыг амьдаар нь гаргах үүрэг салбарын сайдад өгсөн байдаг. Гэтэл нийгмийн сүлжээгээр хийрхэл явагдаж, махны үнэтэй холбоотой бухимдал үүсмэгц мэдээгүй сонсоогүй царайлан “намайг амьд байхад монголын мал амьдаараа хил давахгүй шүү” хэмээн СҮРжигнээд амжсан байдаг. Уг нь энэ алдарт афоризмоо Шадар сайд байхдаа анх хэлж байсан түүхтэй. Ерөнхий сайд болоод мартчихсан явснаа эргэн санаж СҮРжигнэв. Тэр огт хууль уншдаггүй, эргэцүүлдэггүй. Гэхдээ пост бол харна аа. Тосон бумын нурууг сүйдэлж, ирвэс хамгаалагч залууг "нухсан" гэмт этгээдийн тухай постыг амтархан уншиж, нинжа Э.Нямдаваагийн уйлан хайлах өр эмтлэм live-ыг нулимс унаган үздэг. Тэгээд маргааш нь СҮР ДАНЗАН төрхөндөө орж, урвагч олигархиудыг илчлэн эх орноо хамгаалахын тулд цэрэг армиа хөдөлгөсөн ч яахав хэмээн айлгана.

Асуудлын мөн чанарыг өнгийж харвал сэтгүүлчдийн холбооны дарга гэх нөхөр намын генсек гэх нэгэнтэй шадарлаад Тосонбумба хавиар түйвээж, Б.Чойжилсүрэн гишүүнээс 1,5 тэрбум төгрөг нэхсэн байдаг. Гишүүн өөрөө энэ талаар журмын нөхөддөө ярьж, өгөхгүй гэсэн тул лиценз цуцлууллаа хэмээн учирласан аж. Юмс харагдаж байгаа шигээ ариухан байхгүй юм.

СҮР ДАНЗАНд удирдах чадвар огт байхгүйг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явц дурайтал харууллаа. Хэдийгээр намын дарга, Ерөнхий сайдын хувиар “би 108 гишүүнтэй болох, хугацааг 5 жилээр тогтоохыг дэмжиж байгаа” гэж хэлсэн ч араас нь “гэхдээ та нар өөрсдөө л мэд” хэмээн  гөлөгнөсөн тул гишүүд зоргоор аашлан, эрх мэдлээ хадгалж үлдэх, гүйцэтгэх засаглалд хуруугаа дүрэх боломжоо хадгалж үлдэх шийдвэр гаргасан юм. Баахан СҮРжигнэсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. МАН даргынхаа хяналтаас нэгэнт гарчээ. Үндсэн хууль олиггүйгээр өөрчлөгдсөн тул ард түмэн унагах нь нь тодорхой.

У.Хүрэлсүхэд ажил гүйцэтгэх чадвар, алсын хараа огт байхгүйг Ерөнхий сайд болж “тоглосон” хугацаа нь хангалттай нотоллоо. Нефтийн үйлдвэр сураггүй. Цэвэрлэх байгууламж оромдов. Хойд чиглэлийн зам завхарав. Утаагүй түлш замхрав. Тавантолгойн IPO тасалдав. Бүтэлгүйтлийн цуваа л хөврөнө. Танхимынхаа гишүүдийг толгойгоороо хариуцаарай гэх нь СҮРтэй ч даржин. Засгийн газар гэдэг нь танхимын зарчимтай, аливаад танхимаараа хариуцлага хүлээдэг жамтай. У.Хүрэлсүх битгий хэл сайдууд нь ч танхимын зарчмыг үл тооно. Дэд бүтэц хариуцсан сайд нь наймдугаар ангийн боловсролтой жиргээчээр зөвлөхөө хийж, өнөөх нь сайд мэт аашлан СҮРжигнэх нь Засгийн тэргүүнээ л дууриаж байгаа хэрэг. Эрчим хүчний сайд нь Оюутолгой компаний гадаа очиж, шантаажчидтай селфи хийх нь ДАНЗАНчлалыг үргэлжлүүлж байгаа л үйлдэл. У.Хүрэлсүх тэдний толгойг яаж ч чадахгүй. Тэр зүгээр л СҮР ДАНЗАН.

Мэдлэггүй, мэдрэмжгүй. Чадваргүй, баггүй. Хийрхлээр уур амьсгал хийдэг. Ховоор ажлаа явуулах гэдэг эгэл нэгэн прапорщик. Цэрэг ч биш, офицер ч биш.

Хурандаа С.Данзандорж   

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.