“Хүнсэн зэвсэг” айл бүрийн хаалга тогшиж эхлэв

Twitter Print
2019 оны 09-р сар 12-нд 08:59 цагт
Мэдээний зураг,

Монголд хүнсний аюулгүй байдлын харанга нэгэнд дэлсээд эхэлчихжээ. Өнгөрсөн оны тавдугаар сараас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хийсэн хяналт, судалгааны дүн биднийг цохирдуулж орхив.

Судалгааг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд гардан хийжээ. Энэхүү судалгаагаар хавар, намрын шинэ ургацын жимс, хүнсний ногооноос дээж аван шинжилж үр дүнг харьцуулан гаргасан байна.

Дотооддоо тариалдаг хүнсний ногоонд хийсэн шинжилгээнд нийтдээ 275 дээж оржээ. Эдгээр дээжийн 40 орчим хувь нь хортой гэсэн “дохио” өгч байна. Хор гэсэн ангилалд юун түрүүнд пестицид хэмээх бодис багтаж буй аж. Энэ нь хүнсний ногоо тариалахад хэрэглэдэг бордоо зэрэгт ордог юм байна.

Шинжилгээний дээжийг хүнсний ногоо өргөнөөр тариалдаг Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудын ногооноос авчээ. Ингээд үзэхээр Сэлэнгэ аймгаас ирсэн ногооны 55 хувь, Төв аймгийн зарим сумаас ирсэн ногооны 34 хувь, Өмнөговиос ирсэн улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт тариалсан улаан лооль, өргөст хэмхийн 40 хувь нь пестицидийн үлдэцтэй байжээ.

Пестицид нь хүний биед сөрөг нөлөө ихтэй аж. Хүний үр хөврөлд ч уршигтай гэнэ. Мөн хорт хавдарын эх үүсвэр болох магадлал өндөртэй гэж эмч мэргэжилтнүүд дүгнэжээ. Түүнчлэн пестицид нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулж, дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судас, элэг бөөрөнд муугаар нөлөөлнө гэж байна.

2001 онд Шведэд цугларсан дэлхийн улс орнуудын төр засгийнхан хүнсний аюулгүй байдлын конвенцийг баталж, түүнд одоо Монгол багтаад явж байгаа. Иймээс бид дэлхийн улс орнуудын нийтлэг зарчим, хүнс тэжээлийн стандартыг хатуу мөрдөх учиртай. Үүний тулд олон улсын хэмжээнд хориглосон бодис, бордоог тариалалтынхаа үеэр хэрэглэхгүй байх нь чухал.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны хоёсрдугаар сарын эхээр бас нэгэн анхааруулгыг өгчээ. Юу вэ гэвэл, ирэх хорин жилд дэлхийн хэмжээнд хорт хавдараар өвчлөгчдийн тоо 70 хувиар нэмэгдэх тооцоо гарсан байна. Мөн өнөөдөр хамгийн их анхаарал татсан асуудал нь ДОХ, гахай шувууны ханиад бус харин хорт хавдар болжээ. Ойрын арваад жилд хорт хавдарын цунами болно хэмээн дүгнэх эрдэмтэд ч цөөнгүй. Ийм төрлийн өвчлөл нь ихэвчлэн Ази, Африкын ядуу буурай орнуудад тохиох бөгөөд үүний дотор Монгол ч бас багтжээ.

Өнгөрсөн онд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд дээрх байдлыг танилцуулж, шаардлага хүргүүлэн, журам гаргуулсан боловч тэр нь хэрэгжээгүй гэнэ. Иймээс тариалалт эхлэхээс өмнө дахин сэрэмжүүлж буй ажээ. Цаашдаа төмс, хүнсний ногоонд гарал үүслийн бичиг, зөвшөөрлийг зайлшгүй авч хэвшүүлэхийг тус холбооныхон шаардаж байна. Энэ мэтээр хяналтаа чангатгахгүй бол манайд “хүнсэн зэвсэг” айл өрх бүрийн хаалга тогшоод эхэлчихжээ.

Эх сурвалж: Эрүүл мэнд их үйлсийн эхлэл ТББ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.