Даваасүрэн шиг даварчихсан гишүүнийг дараад өгдөг парламенттай болъё оо

Twitter Print
2019 оны 09-р сар 10-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

-За тэгээд авчих юм уу, яах юм? Даваасүрэн гишүүний томорч байгаа, тодорч байгаа гэж жигтэйхэн. Картаа сугалж барьчихаад, гараа дээр гэгч өргөчихөөд танхим нэгт ангийнхныхаа өмнө үнэд орж байгаа нь тэр. Мань эр өөрийгөө сайхан харагдаж байгаа гэж эндүүрсэн. Үнэндээ бол ЭХ-ний сайд энэ нөхөр хэрхэн биеэ үнэлдэгээ л харуулав. Саналаа зарах гээд байгаа юм уу, худалдах гээд байна уу, эсвэл авдаг юмаа авч байж кнопоо дарна гэдгээ харуулав уу? Уншдаггүй, учир ойлгодоггүй хүнд бол ухаантан шиг харагддаг бололтой. Эсвэл ингэтлээ дүрдээ итгээд явдаг юм уу.

Энэ зунжин нөгөө хэдэн муу хэлүүлж модоор цохиулдаг парламентийнхан маань гацаанаас гарчих санаатай Үндсэн хуулийн өөрчлөлтөд уяатай зуслаа. Надаас эхлээд "Хэдүүлхнээ язгуур хууль ярилаа" гээд зөндөө шүүмжлэв. Содбилэг, Номтойбаяр, Ж.Эрдэнэбат гээд залуус голдуу хуралдаа ирэхгүй. Ирсэн заримынх нь заримдаг цөөнх нь Даваасүрэн шиг шоудаж гоцрох гэж л бараагаа харуулна.

Ганболд нарын нусаа арилгаж чаддаггүй зарим нь картаа шургуулчихаад толгой дээгүүр онгоцоор нисээд алга болно. Шургуулсан карт нь толгойгүй хүн шиг үргэлжид татгалзсан санал өгөөстэй. Өдрийн турш ямар чухал асуудал хэлэлцэх нь, ямар санал өгөх нь тэр Ганболд мэтэд ерөөс хамаа алга. Төр нь юу ч биш, түмэн нь хэн ч биш түшээ байна гээд бод доо. Ажиглаад байхад Үндсэн хуулийг өөрчлөөд миний суудлыг жижгэсгээд, миний эрх мэдлийг бусниулчих вий гэсэн айдас олон гишүүнд байна аа. 99 гишүүнтэй болчихвол энэ мэтийн үнэд орогчдын санал зууд ганц хувь. Кнопоо үнэд хүргэж авлига, албан тушаалаар зардаг нөхдүүд 100 гишүүний өмнө жижигдэхээ мэдээд, жингийн туухайгаа арилжиж чадахгүйгээ ойлгоод хойшоо мөн ч их чангааж байна даа.

Тэгдэггүй юм, найзууд аа. Та нарын үеэр Монголын төр дуусахгүй. Цаашаа амьдармаар, урагшилмаар, хөгжмөөр байна. Энэ түүхэн цаг үеийг ашиглан олноороо хэлэлцэж, бөөнөөрөө ярилцаад Үндсэн хуулиа өөрчилмөөр байна. Төрийн гурван өндөрлөгийнхөө нэгийг урагш түлхэж, хариуцлага хүлээх төртэй, үүрэг үүрэх эзэнтэй болмоор байна. Улс орныхоо асуудлыг 99 шүүлтүүрээр шүүж байж алхдаг болмоор байна. За бусад орны жишгээр бол 100 гаруй гишүүнтэй байсан ч яадгийн.Эрээний наймаачин ч худалдаад авчихмаар хөнгөн жингийн төртэй байж яах юм? Тэгж яривал Японы парламентийн дээд, доод танхим нийтдээ 707 гишүүнтэй, Германы Бундестаг 709 гишүүнтэй. 1,3 сая хүн амтай Эстони 101 гишүүнтэй, 1,9 саяулаа латвичууд төрдөө 100 төлөөлөл сонгодог, Израйл 120 хууль тогтоогчтой.

Манайх 76 гишүүнтэй нэртэй боловч сонгуулийн тогтолцооноосоо болж хоёрхон намын төлөөлөл сонгогддог. Энэ утгаараа хоёрхон намын дарга л бүх эрх мэдлийг атгадаг. 100 гишүүнтэй болчихвол Даваасүрэн, Оюунхорол нарын ганц нэгхэн хүн хор найруулж, хоол хутгаж амжихгүй, тэр олон гишүүний өмнө балчирддаг юм байгаа биз дээ. Үнэндээ бол бид 76 гишүүнтэй нэртэй, ганц хүн тоглочихож, хорлочихож, үнэрхчихэж, худалдчихаж болох хөгийн парламенттай 30 жил гүрийлээ, гурайтлаа. Нэгхэн хүнээс хамаардаг бяцхан парламенттай Одойн вант улс баймааргүй байна!

Хэн дуртай нь хилээр туугаад гардаг хэдэн муу адуу шиг энэ парламентийг салхи эргэхэд сарваа даагаа хамаад нутаг эргэдэг сүрэг болгож өгөөч! За тэгээд намайг худалдагдсан гэнэ үү, хулгайлагдсан гэнэ үү, хамаагүй. Олон гишүүнтэй байхын ач холбогдлыг, хараа хяналтгүй шүүхтэй байхын утга учрыг, сонгуулийн холимог тогтолцооны үнэ цэнийг бичсээр байгаа, бичих ч болно. Гацаанд гандаж, гундаж ханав.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.