Dandy horse нь хүүхдүүдийн анхны дугуй болсон

Twitter Print
2023 оны 09-р сар 01-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр анхны “Dandy horse”-г хүмүүс харсан өдөр

1817 оны 06-р сарын 12-ны өдөр Германы Mannheim дүүргийн иргэд Бадений замаар явж байгаа хачин жигтэй хүнийг олж харав. Доороо хоёр дугуй бүхий хавтгай зүйл дээр суугаад өөрийн хөлөө ашиглан багагүй хурдтай гүйж яваа энэ хүн бол Германы ойн албанд ажилдаг ч тухайн үеэсээ түрүүлсэн сэтгэхүйтэй зохион бүтээгч ноён Karl Freiherr von Drais байсан юм. Тэрээр энэ бүтээлээ /Laufmaschine/ гэж нэрлэсэн байсан бөгөөд хойшдоо энэ унааг velocipede, draisine гэж мөн hobby horse, dandy horse ч гэж нэрлэж байж.

Түүний бүтээл нь мотоцикл болон унадаг дугуйны анхны хувилбар байсан бөгөөд хувь хүний тээврийн хэрэгслийг механикжуулах оролдлогуудын эхлэл байв. Нэг үгээр бол дөрөөгүй унадаг дугуй байсан юм. Бүтээлд жолоог ашиглан урд дугуйгаар замаа залан, чиглэлээ өөрчлөх шийдэл хийгдсэн байсан.

Тэрээр Мангейм дүүргийнхний гайхшралыг төрүүлэн хийсэн анхны туршилтаараа 7км орчим замыг туулсан бөгөөд энэхүү замыг нэг цаг хүрэхгүй хугацаанд туулсан нь морьгүй тээврийн хэрэгслийн томоохон тэсрэлт байсан юм.

Тэрээр энэхүү бүтээлээ сурталчилж эхэлсэн боловч олон тооны морин тэрэг сүлжилдсэн гудамжинд үүнийг ашиглах нь хүндрэлтэй байсан бөгөөд шулуун замд хурдаа авсан үедээ явган зорчигчийг мөргөн осол гаргах аюултай байв. Тиймээс түүний бүтээлийг Герман, Их Британи, АНУ тэр байтугай Калькуттад хүртэл ашиглахыг хориглов. Энэ нь олон арван жилээр энэ загварын хөгжилийг зогсооход хүргэсэн юм.

Мэдээж энэхүү загвар дээр хойд дугуйг гинжээр холбосон дөрөө хийснээр бидний мэдэх унадаг дугуй бий болсон.

Ноён Драйсд энэхүү бүтээлээ хийж мориноос ангидаар тээврийн хэрэгслийг шийдэх санаа шууд орж ирээгүй бөгөөд Напелеоны дайн дөнгөж дууссан дээр нь Тамбора галт уул дэлбэрснээс 1816 онд бараг л зун болоогүй тул ургац алдан хүмүүс хоол хүнсний хомсдолд орсон тул өлсөж үхэхгүйн эрхэнд хэдэн мянган адууг нядлан хүнсэндээ хэрэглэсэн. Мөн маш олон морьд өлсгөлөн болж үхсэн. Тиймээс дайны цагт, морьдын хүнс хомсдсон үед ядаж л шархадсан цэргүүдийг зөөх тээврийн хэрэгсэл хэрэгтэй болох байлаа. Ингээд тэрээр хүний өөрийнх нь хүчээр явах анхны тээврийн хэрэгслийг бүтээж энэ салбард зохион бүтээгчид анхаарлаа хандуулах замыг нээж өгсөн гавьяатан.

Түүний бүтээл дээр үндэслэн 1819 онд Франц болон Англид хэд хэдэн үйлдвэр өөрийн гэсэн Dandy horse үйлдвэрлэжээ. Тэр тусмаа Лондонгийн ноён Denis Johnson бүтээлдээ гоёмсог муруй модон хүрээ нэмснээр илүү том дугуй ашиглах боломжтой болсон. Мөн хэрэглэгчийн өндөр намд тохирсон байхад анхаарсан өөрчлөлтүүд орсоны нэг нь Nicéphore Niépce-ийн зохиосон өндөр намаа тааруулж болдог суудалтай хувилбар юм. Энэхүү Nicéphore Niépce бол гэрэл зургийн аппаратын эхлэл тавьсан агуу зохион бүтээгч билээ.

Ингэж явсаар бүүр 1860 онд л Францд урд дугуйндаа жийх дөрөө бүхий дугуй үйлдвэрлэгдсэн байгаа юм. Мэдээж энэ дугуй ч орчин үеийн гинжтэй дугуй болтлоо их зам туулсан. Хэрэв Драйсийн бүтээлийг бүх орнууд хүлээн зөвшөөрсөн бол бид энэнээс эрт төгс дугуйтай болох байсан бизээ.

Одоо цагт Dandy horse нь хүүхдүүдийн анхны дугуй болсон бөгөөд энэ дугуйгаар хүүхэд тэнцвэрээ олж сураад жинхэнэ дугуй руу шилжинэ. Тиймээс тэнцвэрийн дугуй юмуу гүйдэг дугуй гэж нэрлэдэг.

1923 онд Бустер Кейтон өөрийн Our Hospitality гэдэг кинонд анх Dandy Horse унаж байгаа хүнийг дэлгэцэнд гаргасан. Түүнээс хойш бас хэд хэдэн кинонд энэ төрлийн дугуй гарчээ.

Канадын Торонто хотод жил бүр хэвлэгддэг урлаг, загварын ертөнц, унадаг дугуйн соёлын мэдээлэл багтаасан сэтгүүл “Dandyhorse” нэртэй.

Хөгжилд шууд үсрээд хүрчихдэггүй хэн нэгэн заавал эхний гишгүүр болж байдаг тул анхны Dandy horse-ийг бүтээсэн ноён Драйс танд гялайлаа.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.