
Хятадын Ардын Чөлөөлөх армийн том оврын автомашинууд Хонконг руу орж ирсэн нь Бээжингээс жагсагчдад өгч буй анхааруулга хэмээн үзэж байгаа тухайгаа Хонконгийн Иргэний намын гишүүн Деннис Квок онцолжээ.
Тэрээр радиод өгсөн ярилцлагадаа, "Цаг үеийн байдлыг анхаарч үзвэл энэ нь зүгээр нэг ээлж солигдож байгаа асуудал гэдэгт би итгэхгүй байна. Харин ч Хятадын Ардын Чөлөөлөх армиас Хонконгийн оршин суугчдад өгч буй анхааруулга гэж бодож байна" хэмээн ярьжээ.
Түүний хэлж байгаагаар Хонконгд болж буй иргэний хөдөлгөөнийг зэвсэгт хүчний тусламжтайгаар дарах нь Хонконгийн хувьд "сүйрэл" болох гэнэ. Урьд шөнө Хонконгийн зарим хэсэгт Хятадын Ардын Чөлөөлөх армийн том оврын автомашинууд явж харагдсан ба Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар энэ нь Хонконг дахь Хятадын Ардын Чөлөөлөх армийн гарнизоны бүрэлдэхүүн "хуваарийн дагуу ээлж солилцох" үйл ажиллагаагаа явуулсан явдал байсан аж.
Хонконг дахь Хятадын Чөлөөлөх армийн гарнизоны хэвлэлийн албаны төлөөлөгч Хань Югийн мэдээлсэнээр энэ Хятадын Ардын Чөлөөлөх армийн гарнизон Хонконгийн онцгой засаг захиргааны нэгжид байрласнаас хойшхи 22 дахь удаагийн ээлж солилцох ажиллагаа ба уг ажиллагаа БНХАУ-ын Цэргийн төв зөвлөл болон эрх баригчдын хамтын шийдвэрийн дагуу явагддаг аж.
Өмнө нь Хятадын эрх баригчид Хонконгийн хөрш Шэньжэнд олон тооны цэргүүд болон зэр зэвсгийн хүч төвлөрүүлсэн талаар болон Хонконгд эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд тэдгээр цэргүүд иргэний хөдөлгөөнийг дарах зорилготойгоор орж ирэх боломжтой талаар мэдээлж байсан билээ.
БНХАУ-ын хуулийг зөрчсөн хэмээн сэжиглэгдэж буй иргэдийг Бээжин, Макао болон Тайванийн шүүхэд шилжүүлэх тухай Хонконгийн эрх баригчдын өргөн барьсан хуулийн төслийн эсрэг хонконгчууд иргэний хөдөлгөөн өрнүүлсэн нь 3 дахь сараа үргэлжилж байгаа билээ.
Эх сурвалж: The Guardians
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.