Цайны хүчээр Англи улс дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болсон түүхтэй

Twitter Print
2023 оны 10-р сар 04-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

ЦАЙНЫ СОЁЛ торгоны замаар хөвөрсөөр дорно зүгээс өрнө зүгт хятадаас Орос Европ Англид хүрч байсан ч зуучлагч худалдаачид дундаас нь үнээ нэмсээр цай асар өндөр үнээр Лондонд хүрч байв. Үүнд ундууцах англичууд цайгаа Хятадаас шууд усан замаар очиж авахын тулд тэнгисийн флотоо сайжруулсаар байгаад далайд хэнд ч дийлддэггүй далайн гүрэн болсон бөгөөд бүр давраад Хятадаас төлбөрөөр цай авснаас өөрсдөө Энэтхэг Шри-Ланкаг дараа нь Африкийн талыг колончлон үнэгүй цай тариалах түшэц газраа болгож цайны хүчээр ийнхүү дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болсон түүхтэй.

Торгоны замаар дамжиж Москвад очих цай нь мөн л үнэтэй тусах тул цайндаа ойртох зорилгоор Орос улс дорно зүгт жилээс жилд хүрээгээ тэлсээр 1727 онд Чин улстай Буурын гэрээ гэгчийг байгуулж цайгаа Хиагтаар дамжуулж авах болсон бөгөөд Бээжингээс мянган тэмээгээр гарсан цайны цуваа сүүлдээ үхэр тэрэг морин чаргаар бүтэн жил явж Москвад орж ирдэг ч торгоны зам Бухарын дамчдаас авдаг байсан цайнаас гурав дахин хямд тусч байлаа.

Аажмаар англичууд өөрийн колони орнуудаас цайгаа татах болсноор хятадын цайны зах зээлийг оросууд эзлэж хятадын нутаг дээр найман том цай боловсруулах үйлдвэр, анхны төмөр замыг барьж ашиглалтанд оруулан цайгаа Аласка Европ хүртэл зарах болов.

Үүний гол судас болох Бээжин Хүрээ Хиагт Москвагийн чиглэлд нийтдээ 9000 км-ын цайны замыг туулж гурван жилдээ ганцхан эргэдэг хүндхэн бизнес нь 200 жил үргэлжлэсэн ч оросууд цайндаа улам ойртох зорилгоор транс-сибирийн төмөр замыг тавьж 1903 онд ашиглалтанд оруулж Владивостокын боомт ажилд орсноор Хиагтын цайны зам/зураг дээр/ зогсонги байдалд орж монголын хөгжил эдийн засагт хүчтэй цохилт болсон юм. Өнөөдөр ч гэсэн Ази Европын гол хаалга Улаанбаатар Хиагт-Наушки байхаа больж монголын хоёр талаар нефть хий бусад бараа хойшоо урагшаа урсах болсныг манай шийдвэр гаргагчид анзаарч байгаа байх.

Тухайн үедээ цайны амтанд хорхойсож түүний төлөө яахаас ч буцахгүй болсон Орос Англи хоёр дорно зүгт Гонконг Порт-Артур Аласка хүртэл газар нутгаа тэлэн дэлхийн газар уснаа супер гүрэн болсон тэр хоёр одоо ч гэсэн цайны хэрэглээгээрээ дэлхийд хоёр гуравдугаарт бичигдэж Дундад Азийн дараа ордог бөгөөд тэд хар байхууг хандалж уух нийтлэг соёлтой ч цайлах ёс нь бага зэрэг өөр өөр. Англичууд нэг аяга цайг өглөө өдөр оройн хоолны үед маш чимээгүй тайван бага багаар уух бол оросууд хоол идэж байхдаа аягатай цайгаа амандаа ч хүргэдэггүй бөгөөд харин хоолоо идэж дууссаны дараа 200-300 граммын том стакан аягатай цайгаа ганцхан амьсгаагаар хөнтөрчихөөд босоод яваад өгдөг улс. Оросууд хааяа саун, халуун усанд орсны дараа халуун хар байхуу дээрээ бальзам конъяк ром бага зэрэг нэмж уудаг соёлтой.

Монголын цайны амт дорно зүг Дорнод Сүхбаатараас эхлээд сайжирч баруун тийш явсаар байгаад Баян-Өлгий Увсад хамгийн амттай болдог нь орц самралт хоёртоо байдаг. Монгол Түвд хоёр л ижилхэн цайг буцалгаж давс сүү тос гурил сүүл өрөм хийн самарч хоол мэт хэрэглэдэг. Түвдэд заримдаа дан сарлагын сүүнд цай чанана. Түвд цайг талыг нь уугаад тавьдаг, дүүргээд хийдэг, дахиад ууна, дахиад хийнэ, уухгүй дүүрнээр нь орхивол ханасны шинж гэсэн үг.

Хятад дэлхийн цайны дөрөвний нэг Энэтхэг тавны нэг Шри-Ланка аравны нэгийг үйлдвэрлэдэг бөгөөд хятадууд гурван литрийн шаазан саванд юу ч нэмэрлээгүй хандалсан ногоон цайнаасаа үнэрийг нь алдахгүйн тулд бариултай өндөр тагтай шаазан стакан аяганд хийж байнга ууна. Япончууд ямарч хольцгүй шар, ногоон цай уух бөгөөд үнэрийг нь нисгэчихгүйд тулд 60 градусын бүлээн усанд хийж хоолны өмнө хоолны дараа ууна.

Тайландад хандалсан хүйтэн улаан цайг сүү цөцгий сахар мөстэй холин өндөр стаканд хийн коктейль маягаар ууна. Энэтхэгт байхуу цайг стакан аяганд тусад нь хандалж ууна. Орос энэтхэг хоёр л вагонд цай өгдөг бөгөөд Энэтхэгт вагонд нэг удаагийн шавар аяганд цай өгөх бөгөөд уугаад дууссаны дараа шавар аягыг хага цохидог ёс нь кастын системтэй холбоотой.

Африк Арабад цай хандлах нь эрэгтэй хүний ажил бөгөөд гэрийн эзэн эхний цайг танд аягалж маш чихэрлэг гаатай цай ууцгаана. Нэг стакан цайнд таван халбага сахар байхаар тооцож сахар минт/гаа/ ногоон цай гурваа төмөр гүцэнд хийн гал дээр тавин буцалгах шахам болгоод гүцнээс өндөр дээрээс аяганд хөөсрүүлэн хийж ууна.

Өмнөд Америкт хар ногоон хүйтэн цайг хан боргойцой мөстэй холин сахарын нунтаг дээр нь цацан зүсэм нимбэг стаканы амсарт нь хавчуулан коктейль маягаар уудаг. Дэлхийн хамгийн цай уудаггүй улс бол хойд америкчууд бөгөөд энэ нь 300 жилийн өмнөөс адуу үхэртэй ноцолдож ан гөрөө хийн архи дарснаас шартан халуунд үргэлж ам нь цангаж явдаг ковбой нар захын нэг газар ороход үүнийг нь мэддэг үйлчлэгч хүүхний үг дуугүй өгөөд сурсан хүйтэн ус уудагтай нь холбоотой. Өнөөдөр ч гэсэн та америкийн ямарч хоолны газар ороход үйлчлэгч нар литрын савтай үнэгүй мөстэй ус авчраад ширээнд дээр үг дуугүй түлхдэг нь ийм учиртай. Ковбой сэтгэхүйгээс болоод өнөөдөр хамгийн их ус уудаг цай амсдаггүй үндэстэн бол америкууд.

Харин дэлхийд хамгийн их цай уудаг ард түмэн бол Дундад Азийнхан бөгөөд цайны хэрэглээ соёлоороо нэгдүгээрт ордог. Арав хорин литрийн орос самоварыг гадаа тавьж нарийн цуулсан модоор ноцоож буцалгаад утааний үнэрийг нь оруулан 2-3 литрийн шаазанд гүцэнд хар байхуу цайгаа хандалж өдөрт барагцаагаар долоогоос доошгүй удаа цайлж харилцан ярилцах нь ураг омгийнх нь үндсэн ахуй соёл. Жижиг шаазан аяганд хичнээн бага багаар халуун цай олон удаа хийнэ төдийчинээн танд хүндлэл үзүүлж байгаа илэрхийлэл бөгөөд та арав хориос доошгүй аягыг ууж харилцан ярилцах нь зүйтэй. Хүсээгүй зочиндоо цай ихийг хийвэл энэ нь яриа хөөрөө байхгүй хурдхан яв гэсэн үг. Ажил хэрэгч хүмүүсийн гэрээ хэлэлцээр хийх, дотны яриа хөөрөө өрнүүлэхэд зориулсан Чайхана хэмээх цайны газрууд хаа сайгүй түгээмэл. Узбекэд голдуу ногоон цай уух бол бусад стан оронд хар байхуу цайг хандалж бэр эзэгтэй аягалж өгөхөд долоовор хуруугаа аяганы дотор тал руу харуулж барин дунд хуруу эрхий хуруугаараа аяганы бөөрийг түшиж ууж ёстой бөгөөд та хаа явсан газрынхаа цайлах соёлыг тухай бүрд нь мэдэж дагаж мөрдөж байваас зорьсон хэрэг бүтэмжтэй яриа хэлцээ амжилттай болохын нэг үндэс болдог. Өнөөдөр ч гэсэн Ойрхи Дорнод Ази Араб Кавказ гээд хаа сайгүй ижил төстэй орших цайны газруудад ажилтай ажилгүй эрчүүд арав хориороо бөөгнөрөн, цай ууцгаан чалчиж байгаад л арабын хаврыг авчралцаж, өнгөт хувьсгалыг өрнүүлж байдгаараа цайны соёл нь өнөөгийн нийгмийн тэсрэлт мэдээлэл харилцааны чухал хэрэгслэл хэвээр байна.

ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГT

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.