Дуут нуурын домoг

Twitter Print
2019 оны 09-р сар 10-нд 18:23 цагт
Мэдээний зураг,

Эрт дээр цагт нэгэн бяцхан жаал үргэлж Дуут нуурын хөвөөнд тоглож наадаж өссөн ба их эгдүүтэй хайр татам өхөөрдөм хүү байж гэнээ. Нэг удаа Дуут нуурын савдгийг санамсаргүй харчихаж. Тэгээд хүн болгон айж сандарч зугтдаг байхад улам сонирхож улам ойртож харах гэж байгаад нуурлуу ороод живж үхэх шахсан гэнэ. Гэтэл нуурын савдаг өөрөөс нь айхгүй улам ойртох гэж байгаад осолдож буй бяцхан жаалыг хараад анхааралдаа аван нуурын эрэг дээр гарган амийг нь аварчээ. Тэр цагаас хойш хүү нуур луу ирж тоглох нь улам ихсэж өдөр болгон шахуу байх ба нуурын савдаг тэр хүүг тэнд байх болгонд нь нууцаар харж байнга ажигласаар байгаад маш их дассан байжээ. Хүү нас бие гүйцэн эрийн цээнд хүрхэд түүний өв тэгш бие хаа хэнд ч гологдхооргүй сайхан зүс царай, исгэрэн дуулах дуу хоолой нь нутгийн олны сэтгэлийг баясгаж нүдийг нь хужирладаг болсон гэнэ.

Тэр үед савдаг ч бас хүүг улам ихээр хайрлаж, харамлаж, хүнд харагдаж үзэгдэх боломжгүйдээ шаналан үдэш болгон нуурыг цалигуулан уйлан урамддаг байжээ. Нэгэн өдөр хүү эр цэргийн алба хаахаар нутгаа орхин явхад нуурийн эргэн тойронд савдаг харсан гэх яриа ихсэж, нутгийн олон айн түгшиж юуны улмаас ямар шалтгаанаар тэр догшин амьтан үзэгдэх болсныг ойлгохгүй байлаа. Уур хилэн ихтэй нуурын савдаг ирэхээ больсон хүүг харахаар нуураасаа гардаг болсон байлаа. Хүү цэргийн алба хаах хугацаа өнгөрсөн ч ирэлгүй ихэд удсаар. Нуурын савдаг ч үзэгдэж харагдахаа байж уугуул нутгийнханы цуурхсан хоосон яриа л үлдэж гэнэ. Нэгэн өдөр нуурын савдагийн чихнээ нижгэр найрын дуу сонсдон сэрээж, түүний сонирхлыг татлаа.

Хавь хожид тийм их шуугиан, баяр наадам сонсоогүй савдаг сонирхон очиж холоос ажиглатал түүний удтал хүлээсэн залуу үзэсгэлэнт бүсгүйн хамт хуримын найраа хийж танил болсон сайхан хоолойгоороо чин сэтгэлийн гүнээс хайртдаа дуу дуулан баясалдаж байжээ. Түүнийг харан савдаг тэвчиж чадалгүй найран дээр очиж газар чичиртэл хашгиран нулимстай нүдээрээ залуу руу харан нуурлуугаа буцан одсон гэдэг. Цугласан нутгийн олон байтугай залуу бүсгүй хоёр юу болоод байгааг огтхон ч ойлгоогүй ба үхтэлээ айсан ардууд гэртээ ч харьж чадалгүй бөөгнөрөлдөн хоносон гэнэ. Тэр цагаас хойш нуурлуу зүглэдэг хүн ховор болж. Явсан мал эргэж ирдэггүй болжээ. Он цаг улиран одсоор нутгийнханы тогтоосон хориотой зүг гэгдэх болж хэн ч очилгүй 8 жил өнгөрч гэнэ. Залуу бүсгүй 2 ганц хүүтэй болсон ба яг л аавынхаа бүх зүйлийг өвчиж төрсөн мэт адилхан. Их зүггүй байсан болохоор болохгүй гэсэн зүйлийг заавал оролдож үздэг хүү байжээ. Аавтайгаа адилхан болоод ч тэрүү, болохгүй гэсэн болоод ч тэрүү хориотой зүгрүү нууцаар явсаныг эцэг эх 2 нь мэдээд нүдэндээ нулимстай сэтгэл шаналалтай хамаг хурдаараа араас нь давхиж гэнэ. Нуурын эрэг дээр ирэн хартал нуурын эргээр үхсэн малын хүүрнүүд хөвж, үнэр танар, өнгө үзэмж нь үнэхээрийн муухай болсон байжээ.

Хүүгийнхээ нэрийг дуудан эх нь уйлахад нуурын гол орчмоос урьд хожид сонсдож байсан чанга дуу инээн зовлон шаналалд баясах хоолой сонсдож гэнэ. Бүсгүй залуу хоёрын айх сандрах зэрэгцэн адуу мал нь булиган хаяж одлоо. Залуу уйлан гуйж гэнэ. Миний хүүг өгчих гэж. Тэгтэл тэртээ холоос ингэж хэлж байна. "Хуримын найран дээр чин сэтгэлийн гүнээс гэргийгээ харан дуулж байсан шигээ яг одоо чин сэтгэлийн гүнээс уучлал гуйн намайг тайтгаруулан дуу дуул!" гэж гэнэ. Залуу ч хамгийн сайн чаддаг зүйлсийн нэг тул уяртал дуу дуулан савдгийг аргадсан юм гэдэг. Савдаг дууг нь сонсоод уяраад ингэж хэлсэн гэнэ. "Чи өдөр болгон ирж надад дуу дуулж өгч надад харагдаж байна гэж амал. Тэгвэл би одоо хүүхдийг чинь өгье" гэж гэнэ. Залуу ч ам тангараг гаран, хэлсэн бүхнийг хийе гэж сөгдөн гуйжээ. Хүүгээ харан баярлаж хөлийн хурднаар аль болох холдон тэр гурав гэрлүүгээ яван очсон даруйдаа жин бэлтгэн нүүсэн гэдэг. Амласан ёсоор ирэх ёстой хэмээн савдаг хүлээн суулаа. Долоо хоног хүлээж гэнэ.

Тэсэлгүй хилэгнэн хотол айлруу очтол хэн ч байсангүй. Нутгийнхан бүгд нүүсэн байжээ. Тэр цагаас хойш нуур бараадан нүүдэллэж ирсэн айлсын хүүхэд тогтохгүй, эсвэл ор сураггүй алга болдог болжээ. Хүүхдээ хайсан хүмүүсийн тоо олширч шөнөжин уйлалдах дуу сонсогддог болж. Хэдий хүүхэд нь алга болоод удсан ч хүүхдээ алдсан хүмүүс тэндээс явдаггүй байжээ. Учир нь долоо хоногт нэг удаа хүүхдийнх нь уйлах дуу чанх дэргэд нь сонсддог юм гэнэ. Тэр нутгийн талаар сонссон нэгэн хүн алс холоос зорин ирж хүмүүсийг цуглуулан тэдний яриа, болсон явдлуудыг нэг нэггүй сонсож байгаад нуурлуу явжээ. Хүмүүсч гайхан учир битүүлэг түүний юу хийх гээд байгааг нэг л ойлгохгүй хоцорч гэнэ. Хэдий нуурлуу ойртож очихгүй ч алсаас бараадан хэрэгт дурласан хүмүүс ингэж ярив. "Бидэн дээр ирээд явсан өвгөн ах нуурын эрэг дээр зогсолтгүй 6 хоног дуу дуулж суугаа. Гэхдээ их гоё дуулдаг хүн байналээ. Юуны учир ингээд байгааг нь мэдэхгүй юмдаа" гэж гэнэ.

Маргааш шөнө нь алга болсон хүүхдүүд яг хэвээрээ хаанаас ч юм гараад ирж гэнэ. Хүн болгон хөл хөөр болон юу тохиолдож, ямар хэрэг болсныг асууж шалгаасан хүмүүс хаа сайгүй байсан ба нуурын эрэг дээр 7 хоног дуулсан өвгөнийг хэн нь ч санаагүй юм гэдэг. Тэр цагаас хойш дахиж савдаг харсан гэсэн яриа гараагүй юм гэнэ лээ.

Зогсoод байхнээ аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урамдах юмаа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уйлаад байх юмаа
Дахилт:
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна
Сонсоод байхнээ аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм
Дахилт:
Чагнаад байхнээ аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юмаа
гэж дуулсан байдаг.

Дууны үгийг домгоос сэдэлтэй гэж хөгшчүүл ярьдаг гэсэн. 

А.Бямбасүрэн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.