МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хансүр, гавж Ё.Амгалан: Маанийг уншаад бясалгахаар мунхаг сэтгэл нь арилдаг

Twitter Print
2019 оны 09-р сар 10-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Маанийн ач тусын Гандантэгчэнлин хийдийн хансүр, гавж (хэргийн тухайд алдрыг өгүүлье) Ё.Амгалан ламтай хэдэн хором ярилцлаа.

-Багш дээдэс маани мэгзим их унш гэж хэлдэг шүү дээ. Хөгшчүүл ч маани л их уншдаг байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Бурханы шашин Монгол оронд гурван удаа дэлгэрсэн гэж ярьдаг. Бурханы шашинтай хүн зан үйлээс гадна өөрийн сэтгэл санаагаа номхотгох олон төрлийн ном сургаалыг судалж ирсэн байна. Гүн ухааны хураангуйлсан уншлага номын хэлбэр нь маани юм.

Маани бол Жанрайсиг бурханы зүрхэн тарни юм. Жанрайсиг бурхан нь бурхан шашны нигүүлсэнгүйн мөн чанарыг үзүүлсэн бурхан юм.

Мэгзим бол Богд лам өөрийн багшдаа зориулж зохиосон ном юм. Харин багш нь шавьдаа буцаад өргөсөн түүхтэй.

Мэгзим нь Богд ламаас өөрөө гарсан бөгөөд Жанрайсиг Манзушри Очирваань гэсэн язгуурын гурван бурханы мөн чанартай гэдэг.

“Ум мани бадмэ хум”-ийг олон уншсанаар сэтгэл нигүүлсэж эрдэм сэтгэлд төрдөг байна.

Маани мэгзимийг ямар ч насны хүн сурахад амархан утга гүн, адистэд ихтэй агуу ном юм. Адистэд гэж орчиндоо сайн сайхныг бий болгодог, оршоодог, дэлгэрүүлдэг гэсэн үг юм.

-Мааниас их номгүй гэдэг шүү дээ. Тэгтэл зургаан үсгээс бүтсэн байдаг. Энэ тухай?

-Монголчууд мааниас их номгүй, махнаас илүү хоолгүй гэсэн хоршоо үг гаргасан юм биздээ. Ер нь Бурхан бүгдийн нигүүлсэхүйн мөн чанарын илрэл нь Жанрайсиг бурхан юм. Тийм учраас бурханы шашны номын үндэс нь нигүүлсэнгүй сэтгэл юм. Нигүүлсэнгүй сэтгэлтэй болохын тулд олон арга чарга байна.

Түүний нэг нь маани унших юм. Хамгийн гол нь майни уншихынхаа өмнө маанийн утга учрыг олон номноос олж мэдэх хэрэгтэй. Маани нь зургаан үсэгнээс бүрдсэн учир нь эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг төлөөлж байна.

Ум бол тэнгэр, Ма бол асур, Ни бол хүн, Бад бол адгуус, Мэ бол бэрд, Хум бол тамыг төлөөлж байдаг байна. Жанрайсиг бурханы эрдмийг бодоод маанийн зургаан үсэг тус бүрээс гэрэл цацарч эдгээр зургаан зүйлийн хамаг амьтны зовлон арилах болтугай гэж бодох хэрэгтэй.

Бурханы шашинтан хүн дан ганц өөрийгөө боддоггүй бөгөөд бусад хамаг амьтныг бодоод тэдний зовлонг арилгаж чадах чадал суухын тулд нигүүлсэнгүй сэтгэл хэрэгтэй бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр л зовлонгоос гэтлэх юм.

Энэ зургаан зүйлийн хамаг амьтан үйлийн үрээр төрсөн учир амьтад бүгд зовлонтой, энэ зовлонгоос гэтлэхээр ариун оронд төрдөг.

Энэ төрөл нь ээлжлээд төрөөд байдаг учир үүнийг таслахын тулд буян ихийг хийх хэрэпгэй. Зургаан зүйлийн амьтны зовлонгийн үндэс нь мунхаг, уур, шунал, атаа чөтөө, омог эдгээр таван муу сэтгэлийг дарах хэрэгтэй. Үүнийг дарвал энэ зургаан зүйлийн амьтанд төрж зовохгүй юм.

Маанийг уншаад бясалгахаар мунхаг сэтгэл нь арилж ухаантай сэтгэл төрж аливаа юмсын ямар учир шалтгаанаас гарч байгаа шүтэн барилдлагыг мэдэх хийгээд маани уншина гэдэг нь цаанаа хоосон чанар, нигүүлсэнгүй сэтгэлийг давхар бясалгаж байнаа гэсэн үг юм.

Ийм учраас маани нь бурханы номын хураангуй шим нь мөн юм.

Маш их сүүг сааж аваад сүүний шим болсон өрөмийг авдагтай адил.

-“Маани гамбум” хэмээх их хөлгөн судар айлуудад залаастай байх нь элбэг. Энэ номын утгаас айлдаж өгнө үү?

-Бурханы зарлиг агуу юм. Гурван цаг, арван зүгийн бурхан бүгд л маанийг айлдана. Урьд заларсан гурван бурхан ч айлдаж байсан. Бурхан багш ч айлдсан. Цаашдаа залрах сайн цагийн мянган бурхан ч айлдана.

Бурхадын маанийн талаар айлдсан айлдваруудын эмхэтгэл ном бол “Маани гамбум” юм. Маанийн тухай болон гарсан түүх, уншсаны тус эрдэм, яаж уншиж байх аргачал гэх мэт олон зүйлийн айлдварууд энэ номонд багтсан байдаг. “Маани гамбум" нь Төвд хэл дээр байдаг. Мөн хуучин уйгаржин Монгол хэл дээр бичигдэн гарсан байдаг.

Дээр үед айл болгон орой бүр маани хөгжөөж буман зарлигаа уншиж буян хураадаг байсан байна.

-Эрхи эргүүлж тоолоод байхгүй ч маанийн үгийг мэдэхгүй хүүхэд ч цөөн. Иймээс тэд бүхэнд хандаж мааниа уншихдаа юу санаж явах ёстой талаар хэлж өгнө үү?

-Эрхээр маани уншиж байгаа нь тоо барьж байгаа юм. Энэ нь нэг талаар сайн талтай. Өнөөдөр арван мянга уншина гээд өөртөө шаардлага Тавьж уншдаг.

Зарим хүмүүс хоёр эрхи бариад уншдаг, нэг эрхээр нь мааниа уншаад нөгөө эрхээр нь мааниа тоолдог байна. Маанийн онцлог зургаан зүйл байдаг.

Энэ нь юу вэ гэхлээр маани уншсан хүний эрдэм хэмжээлшгүй төрнө.

Нэг насны байтугай хэдэн төрлийн хилэнц нүгэл арилна.

Ном бүгдийн утга хураагдсан гүн ном.

Амьтны тусыг их үйлддэг.

Амьтны тус үйлдэхэд нигүүлсэнгүй сэтгэл цаг үргэлж хязгааргүй төрдөг ийм учиртай.

Бурхан болохыг хүсвэл энэ зургаан зүйлийн үүднээс уншвал маанийн утга чанар төгсөнө. Ер нь бурхан шашинтай хүний онцлог нь төрөл ярьдаг юм. Төрөл гэдэг бол энэ хойт урьд нас юм.

Бурхан шашин бол хүнийг хэдэн төрлөөр нь дээш нь татдаг. Далайн ёроол агуу гэдэг ч хэмжиж болох байх. Харин нигүүлсэнгүй сэтгэлийн гүн гүнзгийг хэмжихийн арга байхгүй. Тиймээс маанийн эрдэм агуу юм.

Дэлхий хэзээ энх тайван сайн сайхан болох вэ гэхээр хүн болгон нигүүлсэнгүй сэтгэлтэй болсон цагт л болно гэж дээдэс нугууд айлддаг, одоо ч багш нар айлддаг, бид ч тэгж ойлгож явдаг. Бусдыг ойлгож өрөвддөг байх хэрэгтэй.

Учир нь надаас өөр хүн байна, надаас өөр хүн жаргал хүсэж байна гэдгийг ойлгох хэрэггэй. Ингэснээр тэдний үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй. Бусдын тусын тулд сайн сайхан зүйлийг хийвэл өөрөө ч жаргана мөн төгс гэгээрэлд ч хүрч чадах юм.

 

Эх сурвалж: Билгийн мэлмий сонин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.