Мөрөөдлийн шинэ жил /Өгүүллэг/

2016 оны 12-р сар 28-нд 18:23 цагт
Мэдээний зураг,

Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг хорин минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа. Үгүй ер лекцээ бичдэг болоосой, хичээл тарсаны дараа лекц нөхөх нэрийдлээр бас номын санд сууж бас охидтой марзагнах гэж байгаа юм, өнөөдөр эртхэн ирэхгүй яав аа дахиж л орой болтол дэмий зурагт үзэхгүй юм шүү хэмээн Анхил бухимдан байж ядаж суулаа.

Хоёрдугаар курсынхэн бүгдээрээ бүтэн долоо хоногт хоёр удаа л хамтдаа лекцэнд суудаг билээ. Чухам энэ л өдрүүдэд Анхилын нар гийж өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцхан хайрын эзнээ хичээлийн цаг дуустал харан ёстой л хийморио сэргээнэ гэгч болдог байлаа. Энэ өдөр өглөө эрт лекцэндээ гүйх шахам ирээд заавал Сартуулын арын суудалд тухлан суугаад гэмгүй царайлан хүлээдэг сэн. Сартуулын арын суудал гэж онцолсоны учир гэвэл зэргэлдээ ангийн Сартуул залуу том танхимд лекцэнд орохдоо заавал ч гүй нэг ширээнд тогтмол суудаг билээ.

Өөр залуу суувал хөөгөөд охид байвал найраад багтахгүй байсан ч заавал тэр ширээн дээрээ сууж байж санаагаа амраадаг байлаа. Сүүлдээ ч бараг Сартуулын ширээ гээд залуус суухаа байж, харин охидууд өглөө эртлэн ирж тэр ширээнд уралдан суугаад Сартуулын хүлээцгээдэг болсон юм. Сартуул биерхүү сайхан залуу, үнэхээр ухаалаг, хичээлдээ сайн тэр хэрээрээ ангийхантайгаа ч, бусадтай ч тэр үл ялиг ихэрхэнгүй бардам харилцдаг байлаа. Гэхдээ тун ч хөгжилтэй нэгэн болохоор түүнийг тойрон бараг л нэг хүрээлэл бүлэг үүсчихдэг байлаа. Анхилын бодлоор цорын ганц дутагдалтай тал нь охидтой дэндүү их марзганадаг юм шиг санагддаг. Анх түүнийг мэдэх болсон цагаасаа л эхлээд өөрийн эрхгүй харуулдсаар яваад нэг л мэдэхэд Анхилын цээжинд хайрын цэцэг дэлбээлчихсэн байжээ.

Ингээд л нөгөө ангийн Сартуулыг харуулдан аз таараад дайралдчихвал бяцхан зүрх нь өөрийн эрхгүй түг түг цохилон арай ядан сайн уу хэмээн мэндэлнэ. Заримдаа хаа нэг Сартуул тааралдахаараа өөрөө эхлээд мэндлэх бөгөөд энэ өдөр Анхилын хувьж ёстой л баяр жаргал дүүрэн өнгөрдөг байлаа. Харамсалтай л тэдний курсын гайгүй гэсэн охидын ихэнх нь Сартуулд хандтай, тэд л хоорондоо өрсөлдөн байж лекцэнд Сартуулын ширээнд хажууд нь наалдан сууж сээтэгнэнэ.

Харин Анхил Сартуулын ширээ хоосон байсан ч очоод сууж зүрхэлдэггүй бөгөөд харин арынх нь ширээнд заавал суугаад гэмгүй дүр эсгэн хүлээж суудаг билээ. Сартуул хичээлийн явцад үе үе эргэн харж хойно суусан охидуудад элдэв хөгжилтэй зүйл хэлж инээлгэх бөгөөд энэ үед Анхилын хувьд хамгийн сайхан жаргалтай өдрүүдийнх нь нэг нь болдог байлаа. Анхил цүнхэндээ байнга илүү бал, тэр бүү хэл дэвтэр авч явж Сартуулд хэрэг болвол хамгийн түрүүнд өгнө хэмээн хадгалдаг нь нэг бус удаа нээрээ хэрэг болсон байлаа. Даанч Сартуул түүнийг огтхон ч анзаарч үзээгүй нь харамсалтай боловч бас ч гэж хааяа лекц ороход хойд ширээнд нь суугаад удаа дараа балаар туслаж байсан томоотой тусч охин хэмээн дотроо танимхайрч хаа нэг сургууль дээр дайралдахдаа мэндэлдэг болсонд харин Анхил тун ч ач холбогдол өгөөд баяр хөөр дүүрэн явдаг болсон байлаа.

Өчигдөр орой болтол зурагт үзсэний гор нь өглөө гараад гэрээсээ таксидан байж яаран лекцдээ ирсэнд хүн цөөтэй хичээл эхлэх болоогүй байсан боловч аль хэдийнэ Сартуулын ширээ ч тэр арынх нь ширээ ч тэр түүнийг хүлээсэн өөр өөр ангийн охидоор дүүрчихсэн тэд нар хоорондоо элдвийг ярин инээлдсээр сууж байлаа. Тэгээд л Анхил аргагүй эрхэнд нилээд хойшоо суугаад түүний эргэн тойронд байгаа охидод дэмий л атаархан Сартуулыг хардах зүрхээ тайтгаруулах аргаа олж ядан сууж байгаа нь энэ байлаа. Өөрийнхөө хүссэнээр бол уул нь нэг удаа ч гэсэн хажууд нь суумаар л байна. Даанч зүрх хүрэхгүй нь сайхан юм даа. 

Анхил гэхдээ хамгийн сонин нь Сартуулыг хичээлийн бус цагаар юу хийж яаж явна гэж огт боддоггүй, сургууль дээр бол яаж нэг дайралдах вэ л хэмээн бодож явдаг билээ. Бусад үед нь түүний тухай дотроо л баахан мөрөөдөж түүндээ цадчихаад сэтгэл тайван явдаг мөртлөө сургууль дээр ирэхлээрээ холоос ч хамаагүй харж байж сэтгэл амардаг билээ. Бараг жаахан хүүхдийн гэмээр гэнэхэн дурласан байлаа. Тэр нэг харуусал төрсөн өдрөөс хойш Анхил дахин оройтсонгүй хамт ордог лекц болгон дээрээ л Сартуулын хойно суусаар байлаа. Сартуул түүнтэй мэндэлдэг хэдий ч нэрийг нь ч сонирхож асуухгүй л байлаа.

Удахгүй болох шинэ жилийн баярыг л Анхил тэсэн ядан хүлээж байна даа. Нүдээ гартал гоёчихоод Сартуулыг бүжигт заавал урина даа. Дээр үеийнхэн шиг цэнгээнт бүжиг бүжиглэдэг байх нь яав. Гэхдээ л уянгын ая явангуут нь л шууд урьчихая. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс халаалт авчихсан байдаг болохоор Анхилыг хэн л анзаарав гэж. Анхил ийнхүү бодсоор хоног тоолон шинэ жилийн баярыг хүлээлээ.

Нүд гялбам өнгөлөг зураг нүүрэн дээр нь наалттай нэрэндээ тохирсон Гялбаа сэтгүүлийг Анхил хэргээр худалдан авч үзлээ. Шинэ жилийн төрөл бүрийн гоёлын нүүр будалтуудын тухай мэдээллүүд этгээд сонин будалттай зургууд, хамгийн гол нь нүүр будагчийн нэр холбогдох утасны дугаар байлаа. Ашгүй дээ. Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Утасдаад асуулаа. Ээ яасан үнэтэй юм бэ 15-20 доллар гэж байна. Оюутан хүнд нилээн их мөнгө юм байна. Гэхдээ л ганц удаа ч болов мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байгаа Анхил яаж ийгээд заавал нүүрээ ийм гоё өвөрмөц будуулна даа. Жирийн үед ч будаг бараг хэрэглэдэггүй Анхил ингэж будуулвал энэ модель бүсгүй шиг гоё зохих болов уу хэмээх бодол зурсхийн орж ирлээ. Одоо энэ шигээ гоё палааж л олох хэрэгтэй. Найзууд, найзуудын эгч нар, түрээсийн газрууд гээд бүх л боломжоороо хайя, туфль өөрт нь байгаа гологдохгүй байх. Хамгийн гол гоёл бол онцгой гоёмсог палааж гэхдээ тийм гоё палааж худалдаж авч чадахгүйгээс хойш олох л хэрэгтэй. Шинэ жилийн баяр болоход тавхан хоног үлдлээ.

Анхил өглөө эрт сайн ч унтаж чадалгүй догдолсондоо сэрж орхилоо. Өнөөдөр тэдний сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно. Оройн зургаан цагаас эхлэх баярт Анхил хамгаас онцгой бас сэтгэл булаам харагдах ёстой. Сартуулын арын ширээнд тогтмол суух зориг гардаг юм чинь өнөөдрийн үдэшлэг дээр Сартуулыг урих зориг байгаа л гэсэн үг. Анхил оройн баярт зориулсан даашинзаа аваад захиалга өгсөн нүүр засалч руугаа гурван цагт явлаа. Хоин таван доллар төлөөд үсээ ч бас хамтад нь засуулахаар тохирсон байлаа. Гэрийнхнийх нь өгсөн мөнгөнөөс цаана нь 5-6 мянган төгрөг л үлдэхээр байлаа. За яадаг юм, Сартуултай нэг бүжиглээд л таксидаад харихад болно доо. 

Хөөх. Толинд хараад Анхил өөрийн эрхгүй дуу алдлаа. Өөрийгөө ийм хөөрхөн болно гэж үнэхээр даанч толгойд нь бууж байсангүй. Гоо сайханч сэтгэл хангалуун хажууд нь инээмсэглэж байлаа. Үсний засалт нүүр будалтаа эвдэчихнэ гээд даашинзыг нь Анхилд аль хэдийнэ өмсүүлээд суулгасан байлаа. Хүзүүгээ даган янзтай мушгирсан ганцхан туг үстэй гоёмсог засалт, хүний анхаарал өөрийн эрхгүй татмаар бөгөөд атаархам чамин нүүр будалт, даашинзны бяцхан чимэгтэй өнгө ижил гязалзсан дусал чулууг хүртэл нүдний тэнд өвөрмөцөөр наасан байлаа. Баярлалаа. Анхил чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Өөрийгөө ийм хөөрхөн гэдгээ олж мэдсэндээ туйлын их баяртай байлаа. Анхилд төлсөн мөнгө нь их санагдахаа ч байсан байлаа. Анхил сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн үдэшлэгтээ гарч явлаа. Сургуулийнхаа хөөрхөнд тооцогдох зарим охидоос ч илүү хөөрхөн, илүү ганган болсон мэт түүнд санагдаж бушуухан Сартуулд өөрийгөө гайхуулмаар санагдаж хөл газар хүрэхгүй үдэшлэг рүүгээ зүглэлээ.

Үдэшлэг эхлэх газрын хаалгаар оронгуут л шинэ жилийн баярын уур амьсгал тэр чигээр нэвт ханхалж толийсон костюмтай залуус алхалж, гялалзсан гялалзаагүй, бие барьсан бариагүй, элдэв даашинзтай ганган бүсгүйчүүл сүлжилдэх бөгөөд нэг бүсгүй нь нөгөөгөөсөө сайхан юм шиг санагдан хараа булаана. Анхил яаран хувцас өлгүүрийн газарт хувцсаа өгөөд бяцхан цүнхээ барин хаалга руу дөхөх агшинд "Хүүе, Анхил уу" хэмээн хажуугаас дуу алдах чимээнээр эргэн харвал ангийнх нь хоёр охины нүд орой дээр гарсан байхыг хараад Анхилын өөртөө итгэл итгэл тэр хэмжээгээр нэмэгдлээ. Яасан хэмээн инээмсэглэн харахад тэр хоёр үнэн сэтгэлээ дуу алдан шагшлаа. Чи ёстой гоё болсон байна. Гоё харагдаж байна. Анхил сэтгэл тэнэгэр дээгүүр харцтай ангийнхаа хоёртой хамт үдэшлэгтээ орж шуугилдан буй ангийнхантайгаа нийллээ.

Хүн бүр өнөөдөр бие биетэйгээ баярын мэнд мэдэж эелдэг найрсаг харилцана. Анхилын хувьд өнөөдөр үнэхээр аз жаргал дүүрэн бялхсан үдэш байлаа. Урд нь хэзээ ч ийм сайхан үгс магтаалыг сонсож байсангүй, бас өөрөөрөө ч ингэж ихээр бахархаж байсангүй ээ. Үдэшлэг ид дундаа явж байхад Анхил ширээнээс босч Сартуулыг хайхаар бүжгийн талбайг зүглэлээ. Бүжгийн талбайд дөхөж очоод алгуур нягтлан ширтвэл Сартуул эсвэл Сартуултай төстэй залууг олж харж чадсангүй дэмий л жаахан урагшлан зогсоон олон хүн бужигнасан бүжгийн талбайг нэгд нэгэнгүй харах гэж оролдож байлаа.

Сайн уу, баярын мэнд! Нижигнэсэн чимээ шуугиан дунд зөөлөн хэлсэн энэ үгийн эзэнг Анхил гайхан харлаа. Дээд ангийн нэгэн залуу Анхилыг ширтэн инээмсэглээд чи үнэхээр сайхан, бусдаас онцгой харагдаж байна, танилцья гэж толгойгоо дөхүүлэн хэллээ. "Баярлалаа" гээд Анхил түүний сунгасан гарыг нь хариу атгалаа. Хоёулаа бүжиглэх үү хэмээн урьсан хэдий ч Анхил хүн хүлээж байгаа жаахан байж байгаад бүжиглэнэ хэмээн хэлж орхилоо. Тэгвэл би буцаад ирнээ гээд өнөөх залуу олон дунд уусан орлоо. Үгүй ер сургуулийнх нь их л дажгүй энэ залуу Анхилыг тоож дуугардаггүй байсан шүү дээ. Ер нь огт танихгүй байх гэж бодож байтал хүрч ирээд бүжигт урьж байна шүү хэмээн дэмий зүйл бодсоор Сартуулыг дахин нүдээрээ харуулдаж эхэллээ.

Ангийнхаа хэдэн нөхөдтэй марзганан зогсож байсан Сартуул өнөөдөр өнгө хосолсон цамц зангиагаар гоёж улам л сайхан харагдаж байлаа. Бүжгийн талбайн наад захад ганцаар зогсож байгаа нэгэн охин түүний нүдэнд тун содон туслаа. Үнэхээр хөөрхөн охин юм, энэ чинь хэн билээ. Сартуул түүнийг сайтар ажиглан харлаа. Ийм охин танихгүй юм байна, сая шилжиж ирсэн юм болов уу. Яагаад Сартуулын нүдэнд өртөөгүй байсан билээ.

Юутай ч энэ охин Сартуулд маш их таалагдаж байна, заавал очиж танилцах ёстой. Та нар харж байна уу би тэр охинтой танилцаад бүжиглэнэ хэмээн ангийнхаа хэдэд Сартуул бардамнан өгүүллээ. Аль охин хэмээн нөгөө хэд нь хэрэгт дурлан харсанаа янзтай хөөрхөн охин байна, аль ангийнх юм бол хэмэн ам амандаа өгүүллээ. Чамайг тоохгүй ээ хэмээн нэг нь Сартуулыг цаашлуулан өгүүлэхэд Сартуул аль хэдий нь түүнийг чиглэн алхаж байлаа.

Анхил нүдээрээ Сартуулыг хараад олохгүй болохоор нь буцаад ангийхан дээрээ очих уу эсвэл бүжиглэж байгаа олны дунд орж сэтгэлээс сэргэтэл бүжиглэх үү хэмээн шийдэж ядан зогсож байтал яг өөрийг нь чиглэн алхан ирж байу Сартуулыг хараад балмагдан сандарлаа. Хайгаад байсан хүн нь зөвхөн өөрийг нь чиглээд ирэхэд балмагдахгүй хүн гэж байна гэж үү. Сайхан баярлаж байна уу. Сартуул хүү өөртэй чинь танилцаж болох уу хэмээн угийн хэлтэй амтай Сартуул өгүүлээд гараа сунгалаа. Ийм олон цэцэгс дунд ийм сайхан сарнайг олж харсандаа баяртай байна хэмээн тал зассан өнгөөр хэлэхэд Анхил өөрийн эрхгүй инээд алдан "Анхил" гээд гарыг нь чангахан атгалаа. Анхил бараг л согтуу хүн аятай газраас хөвж яваа мэт санагдлаа. Сартуул өөрийг нь сарнай цэцэг гэж хэлж байна шүү дээ. Анхил баяр хөөрөө нууж үнэхээр чадахгүй байлаа, ихэнх хүний мөрөөдөл биелдэггүй шүү дээ.

Тэгвэл Анхил мөрөөдөл нь биелсэн азтай нэгэн болжээ. Хэдий тийм ч том мөрөөдөл биш ч Анхилд бол гайхалтай мөрөөдөл байсан сан. Анхил дахин инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд Сартуул гайхан нүдээ үл ялиг өргөн түүнийг харлаа. Одоо л Сартуул түүнийг танилаа. Энэ чинь нөгөө хэн л байсан байна шүү дээ. Нөгөө даруухаан охин. Ямар их өөрчлөгдөө вэ. Танихгүй гүнж байна даа гэж бодсонсон. Сартуулын урам жаахан хугарах мэт санагдлаа. Гэхдээ одоо нэрийг чинь мэдэж авлаа Анхил гэж Анхилд өгүүллээ. Анхил түүнийг хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтэж байгааг Сартуул харлаа. Ангийхан нь түүнийг харж байгаа буцаад очвол Сартуулыг тээр чамайг тоохгүй гэж хэлээ биздээ хэмээн инээлдэнэ. 2-уулаа бүжиглэх үү гэж Сартуул инээмсэглэн Анхилыг бүжгэнд урилаа.

Намуухан хөгжим эгшиглэн залуус хөгжмийн аяар найган бүжиглэнэ. Чи их сайхан харагдаж байна, бүх зүйл чинь зохицоод үнэхээр сайхан байна гэж Сартуул Анхилыг ширтэн өгүүллээ. Сартуул түүнийг ширтэж байхдаа үнэхээр тэгж бодсон байлаа. Гэхдээ л огт танихгүй хэн нэгэн байгаагүйд жаахан сэтгэл дундуур байлаа. Түрүүхэн Сартуулын сэтгэл маш ихээр догдолж байсан билээ. Анхил харин өөртөө ч итгэхгүй, нүдээ удаахан аниад нээвэл гэртээ сэрэх юм шиг санагдаж байлаа. Гайхалтай нь Сартуул өөрөө түүнийг бүжигт урилаа шүү дээ. Үнэхээр жаргалтай байна, энэ мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй ээ.

Ая дуусч Сартуул Анхилыг талбайн захад хүргэж ирээд баярлалаа хэмээн хэлээд орхин явлаа. Өө би хожигдчихсон уу гэх дуунаар Анхил манарсан байдлаасаа гарлаа. Түрүүний дээд ангийн залуу түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. Дахиад бүжиглэх үү хэмээн асуухад Анхил "үгүй ээ" гэж инээмсэглээд ангийнхан дээрээ очиж лаазтай хүйтэн ундааг бараг нэг амьсгаагаар уулаа. Нилээн уужраад Сартуулыг дахин харвал аль хэдийн нэг охинтой ширээний буланд мөрөөр нь тэврэн ярилцаж байлаа. Анхил огтхон ч санаа зовсонгүй, энэ ч Сартуулын хувьд гэм биш зан л даа. Анхил одоо дуу чимээнээс төвөгшөөн бушуухан эрт харимаар санагдлаа. Дуу чимээгүй нам гүм орондоо ороод түрүүн болсон бүхнээ нэгд нэгэнгүй эргэн санаж жаргамаар санагдаад хорхойсч байлаа. 

Ангийнхандаа бүгдэд нь баяртай гээд Анхил хувцасны өлгүүрийн тэнд очтол явахнуу хэмээн өнөөх дээд ангийн залуу бараг л баярласан шинжтэй асуулаа. Тиймээ, тэгвэл хүргээд өгье. Анхил хичнээн ч дургүйцсэн өнөөх залуу ятгасаар байгаад орц хүртэл нь хүргэж өгөхөөр тохироод гарцгаалаа. Өвлийн хүйтэн жавар тасхийн тэр хоёрыг гадаа угтлаа. Нилээн удаж байж такси зогсоод тэр 2 замдаа элдэв юм ярилгүй байсаар Анхилын орцны гадаа ирлээ. Сайхан амраарай гээд Анхил үсрэн бууж бушуухан амтат мөрөөдөлдөө умбахаар хар гүйхээрээ гэртээ орлоо.

Нэгдэх өдөр Анхил өглөө нь яг л хуучин янзаараа хичээлдээ очлоо. Өнөөдөр Сартуултай дайралдвал яана аа, урд нь дайралдахсан гэж бодогддог байсан бол өнөөдөр дайралдчихвий хэмээн ичих шиг болж ийш тийш хулмалзан харж явлаа. Маргааш лекцтэй эртхэн очоод Сартуулын арын ширээн дээрээ суугаад хүлээнэ дээ. Сартуул ирээд намайг хараад яах бол... Эхний цагийн завсарлагааны дараа гялс номын сан ороод ирье гээд Анхил хурдлан булан тойрох гэтэл гэнэт Сартуулын дуу тодоос тод гарахаар нь дороо зогсон сэмхэн чагналаа. Яах аргагүй шинэ жилийн үдэшлэгийн тухай хэдэн залууд ам мэдэн ярилцаж байлаа.

Анхилын зүрх түг түг хийн цохилж Сартуулыг миний тухай ярих болов уу гэж өөрийн эрхгүй бодтол яг мэдсэн юм шиг түүний тухай яриа дэлгэлээ. "Сая үдэшлэгээр нэг гоё охин байна даа гэж харчихаад танилцъя гээд яваад очсон чинь харин нөгөө ангийн таньдаг охин байж шараа болсон ш дээ. Эмэгтэйчүүд чинь ёстой аягүй өөр өөр болдог юм байна лээ" хэмээн ярихыг сонсоод Анхилыг хэн нэгэн цохиод авах мэт лүгхийн бие нь хүндрээд явчихлаа. Түүнийг Сартуул өөрөө сарнай цэцэг гэж хэлээгүй гэж үү...

Анхил хүндэрсэн хөлөө зөөн бушуухан тэндээс холдлоо. Алгуурхан ангидаа орж булангийн ширээн дэрлэн хойгуур ханаруу ширтэн суулаа. Сартуулыг урд нь танихгүй байсан бол яах байсан бол. Анхилын хөөр баяр дүүрэн сэтгэл нь унтарлаа. Анхилаас Сартуул ичдэг юм байна. Сартуул Анхилыг гэж мэдсэн бол бүжиглэхгүй байх байжээ. Зүгээр л андуурсан, харин дараа нь эелдэг зан гаргасан байжээ. Анхил гэртээ хариад орондоо ороод нам унтмаар байлаа. Өөрийн эрхгүй бие нь жихүүцэн даараад ирлээ. Ганц удаа хичээл таслахад ер нь яадаг юм. 

Сургуулиас гарах гээд шатаар бууж байтал өнөөх дээд курсын залуу зогсож байлаа. Сайн уу Анхил аа. Анхил инээмсэглэн мэндэллээ, ямар ч байсан Анхилыг таньж бас нэрийг мартаагүй байгаа юм байна. Хичээлдээ суухгүй явах гэж байгаа юм уу, ямар нэг зүйл болоогүй биз. Анхил түүнтэй одоо удаан ярилцмааргүй байлаа. Яаралтай ажил гараад одоо явлаа. Ингэж хэлээд Анхил түүнийг орхин сургуулиасаа гарлаа.

Маргааш өглөө Анхил хуучин заншлаараа лекцийн танхимдаа эртлэн ирлээ. Нүдэнд танил Сартуулын ширээ, өөрийнх нь сууж заншсан арынх нь ширээ нүдэнд харагдлаа. Анхил хажуугаар нь өнгөрөн явж өөр эгнээний ширээнд очин нэг хоёроороо орж ирэх бусдыгаа ажиглан суулаа. Удалгүй Сартуулын ширээ ч арынх нь ширээ ч эзэнтэй боллоо. Хонх цохихын алдад Сартуул орж ирээд өөрийн ширээндээ тайван сууж хажууд суусан охинтойгоо энэ тэрийг ярин инээлдэх нь харагдлаа. Анхилын сэтгэл бүрэн тайвширсан байлаа.

Одоо Сартуулын хэнтэй суух, яах нь түүнд огтхон ч хамаагүй. Анхил сэтгэлээр огт унаагүй, харин ч Сартуулд баярлаж байлаа. Түүний ачаар л Анхил өөрийгөө хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо гэдгээ мэдэж өөртөө итгэл дүүрэн алхаж чадах боллоо. Анхны дурлал нь Анхилд хамгийн хэрэгтэй байсан өөртөө итгэлтэй байдал зүрх зоригыг авчраад, өөрийгөө голдог хулчгар занг нь аван одсон байлаа. Анхил хайр дурлалыг хүснэ, гэхдээ Сартуул биш өөрийг нь байгаа чигээр нь хайрлаж дурлаж чадах сэтгэл зүрхтэй тийм хэн нэгэн байгаа гэдэгт итгэл төгс байлаа. 

Sienna

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.