Ц.Нямдорж: Бээжин, Москвад асуудлаа шийдүүлдэг байсан нөхцөлөөс гараад 30 жил л хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг зарчмаар төр улсаа авч явах гэж оролдож буй он жилүүд шүү дээ

Twitter Print
2021 оны 12-р сар 07-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой ярилцлаа.


-Монгол ардын намын 30 дахь их хурал болж байна. Уг хурлаар хэлэлцэж буй чухал асуудлууд болон хүлээж байгаа үр дүн юу байна. Монгол ардын намын цаашдын 100 жилийн хөгжил, шинэчлэлийн бодлогын эхлэлийг тавих чухал хурал хэмээн тодотгож байх шиг байна?

-Ерөнхий сайд, намын ерөнхий нарийн бичгийн дарга хурлынхаа үндсэн бодлогын асуудлуудлыг ярьчихлаа л даа. Зам тээврийн тушаа саад, хөгжлийн гарцыг илүү өргөн хүрээнд нээх, эрчим хүчний асуудлаа шийдэх, дэг журам, авлигын асуудалд хандах хандлагаа өөрчлөх гэх мэтчилэн олон асуудал хөндөгдөж байна. Ерөнхий том зургаараа хэлсэн санаа нь өнгөрсөн зуунд монголчууд тусгаар тогтнол, улс төрийн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл явуулж, зорилгодоо хүрч чадсан. Харин энэ XXI зууны онцлог бол эдийн засгийн төсвөө тогтмол баталгаажуулах, олж авахад гол анхаарлаа хандуулж, санаа тавьж байна. Энэ тохиолдлын ч зүйл биш. Манай улс 300 гаруй жил урд, хойд айлын эрхшээлд байсан. Туурга тусгаар орон болсноо 1911 оноос хойш тооцвол 110 жил, 1921 оны хувьсгалаас тооцвол 100 жил болж байна. Энэ бүх хугацаа чинь тусгаар улс болохын төлөө зүтгэсэн он жилүүд байсан. Сүүлийн 30 жил, 1990 оноос хойших 31 жил хэрэг дээрээ тусгаар улсын хувиар монголчууд төр улсаа өөрсдөө авч явах гэж оролдсон. Нэг талаас урт хугацаа мэт боловч, нөгөө талаас асар богино хугацаа. Ямартаа ч өнөөдрийн өндөрлөгт хүрлээ. 1990 онд улс орны гадна талд байдал хүндэрч, эдийн засгийн чадавх картын бараанд ортлоо доройтсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидэнд алдаа, онооны аль аль нь байсан. Гэхдээ эдийн засгийн чадавх талаасаа 1990 онтой харьцуулахад өнөөдөр өөр түвшинд хүрсэн. Бид нэг ёсондоо шалгалт өгөөд байна.

2020 оны нэгдүгээр сарын 23-нд коронавирусийн халдвар бүртгэгдэхэд надад тухайн үед “Бид ер нь хэр зэрэг удаан тэсэх бол” гэж бодогдож байсан.

Бусад хүмүүс юу бодож байсныг хэлж мэдэхгүй юм. Түүнчлэн “Манай улс орны хувьд бас нэгэн хүнд сорилттой тулгарч байна, яаж энэ том шалгалт, сорилтыг давдаг бол, манай улсын эдийн засгийн чадавх яг ачир дээрээ ямар түвшинд хүрснийг л харна даа” гэж бодсон. Ямар ч байсан бараг хоёр жил болоход улсын эдийн засаг улайчихгүй тэсээд л байна. Тэгэхээр эдийн засгийн хувьд тусгаар тогтнол руу алсуураа ойртож байна л гэсэн үг. Ерөнхий сайдын яриад байгаа тусгаар тогтносон гэдэг нь хэнээс ч гуйлгүйгээр эдийн засгаа аваад явчих, иргэд нь ажил хөдөлмөр хийж, авсан цалингаараа хэвийн сайхан амьдрах тийм л эдийн засгийн чадавхыг ойрын хугацаанд бий болгохын тулд 5-6 санаа дэвшүүлээд байгаа юм.

Энэ удаагийн их хурлын бас нэг онцлог бол удирдлагын шилжилтийн талаарх асуудлыг хөндөж байна. Аль ч улс төрийн хүчинд удирдлагын шилжилтийн асуудал байсаар ирсэн. Тухайлбал, бид нарын өмнөх үе буюу П.Жасрай гуай, Д.Бямбасүрэн гуай гээд л байлаа. Тэд нарын араас 1950-иад оныхон төрийн гол ачааг үүрэлцсэн. С.Баяр, Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, дээр нь миний бие энэ төлөөлөлд багтах байх.Түүний дараа манай намд 1960-аад оныхон буюу С.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг нэрлэж болох юм. Одоо дөрөв дэх үеийн шилжилт буюу 1970-аад оноос Ж.Эрдэнэбат ерөнхий сайд асан, 1980-аад оны төлөөллөөс дурдвал одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэх мэтчилэн олон залуусыг нэрлэж болохоор байна. Энэ бол үе солигдох процесс явагдаж байгаагийн илрэл. Бид үе солигдох процессыг нэлээд зөөлөн аргаар хийж байна.

Өнөөдрийн хурлын уур амьсгал яагаад ийм зөөлөн, намуухан болж байна гэхээр хатуу ширүүн хурлаа бид 2017 онд хийчихсэн. Намын даргаа сольж У.Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгож байсан. Тухайн үед нам дотор амьд организм явагдсан. Бид нэг Засгийн газраа сольж байж цааш алхах алхмаа хийсэн. Одоо шинэ үеийнхэн намын ачаа, төрийн ачааг голлож үүрэх, бодлогоо тодорхойлж байна л даа. Хурлын төлөөлөгчдийг хараад сууж байхад голдуу дараагийн цаг үеийн ачаа үүрэх залуучуудаас төлөөлөл бүрдсэн байна. Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд бие даасан, үе шилжилтийг зөөлөн хийж дараагийн гол ачаа үүрэх хүмүүстээ эрх мэдлээ шилжүүлж байгаа ийм хурал болж байгаагаараа өнөөдрийн намын хурал ихээхэн онцлогтой болж байна. Тэгэхдээ МАН ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн хэлхээн дээрээ л явна шүү дээ. Голлох хүнд ачааг үүрч байгаа 2-3 даргын тухайд 1980-аад оны төлөөлөл болчихлоо. Ер нь алив улс төрийн хүчин үе шилжилтийг зөөлөн хийж, тэднийг уламжилж гарч ирж байгаа дараагийн үедээ шилжүүлж, тэд нар нь уламжлалаа хадгалаад урагшаа явах юм бол харьцангуй алдаа мадаг бага гардаг.

-Таны хувьд шинээр гарч ирж байгаа дараа үеийн залуу төлөөллийнхөө манлайлал, ур чадварт хэр итгэл дүүрэн байгаа вэ. Нийгэмд залуучууд улс орныг удирдах цаг хараахан болоогүй байна. Тэд амьдрал мэдэхгүй, ачаа даахгүй гэх шүүмжлэл байна шүү дээ?

-Гүй ээ яах вэ. Энэ Засгийн газрын нэг зовлон байгаа юм. Их хурлын ч ялгаагүй. Үнэндээ дэлхий нийтийг хамарсан цар тахалтай, хямралтай нөхцөлд ажиллана гэдэг амаргүй. Миний хувьд өмнө нь ийм нөхцөлд огт ажиллаж үзээгүй. 1960-аад оны үед ухаан орчихсон Москва, Бээжингийн радио сонсож сэрдэг байсан. Түүнээс хойш 60 гаруй жил болчихож. Энэ хугацаанд хоёр аймшигтай үйл явц өрнөсөн. Нэгдүгээрт, ковидын асуудал. Тухайлбал, 1918 онд Испанийн ханиад 100 сая хүний амины үнэтэй тахал байсан. Энэ тахлаас хойш яг 100 жилийн дараа ковидын цар тахал дэлхийд нүүрлэлээ. Дэлхий нийтээр хүн төрөлхтний хөдөлгөөнийг хаасан, хорьсон айхавтар тахал гарч байгаагүй. Дэлхийн I, II дайн болоход дайны хөлд хүний амь эрсдэж байсан болохоос биш дэлхий даяар цар тахалд нэрвэгдэж хөдөлгөөн хорьсон түүх үгүй. Хоёрдугаарт, дэлхийн томоохон улс гүрнүүдийн геополитикийн тэмцэл сүүлийн жилүүд хурцдаж, аймшигтай боллоо. Ялангуяа 2014 оноос хойш тэргүүлэх гүрнүүдийн далд тэмцэл, эдийн засгийн ноёрхлоо тогтоох, хоорондын тэмцэл хурцадсан. АНУ бид нөлөөтэй байх ёстой гэсэн байр суурьтай байна. БНХАУ бид болно оо гэж байна. ОХУ цэргийн хувьд хүчирхэг болчихсон. Яг ийм хоёр давхцал дунд бид нар амьдарч байна. Энэ хоёр хүчин зүйл, хүндрэл эргээд Монгол Улсын Засгийн газрын ажилд нөлөөлнө. Тухайлбал, улс орнууд хилээ хаачихаар бид хүнд байдалд орчихож байна. Хилээ нээхэд их гүрнүүд юу хийж байна гэхээр үндсэн шийдэж чаддаггүй байсан суурь тарифынхаа асуудлыг шийдэж байна. Тухайлбал, АНУ далайн тээврийн тарифаа 2-3 дахин нэмж 2000 доллараар АНУ-аас ирдэг байсан ачаа тээврийн үнэ 6000 доллар боллоо гэдгийг долоо хоногийн өмнө барилгын компанийнхан хэлсэн. Оросуудын дэлхий нийтийг чичрүүлдэг "газын үнэ" гэж бий. Газын үнэ 1000 куб.метр нь 600 доллар байсан бол 15 хоногийн дотор 2000 долларт хүрчихлээ. Урд айл тээврийнхээ тарифыг гурав дахин нэмэгдүүлсэн. Ингээд бодохоор ковид, их гүрнүүдийн тэмцэл, түүнийг дагасан эдийн засгийн үнийн савалгаа гэсэн гурван давхар хүндрэл үүсэн гарч ирж байна. Ийм үед энэ Засгийн газар ажиллаж байгаа юм. Би олон Ерөнхий сайд, Засгийн газрын нүүр үзсэн. Д.Бямбасүрэн гуайг оруулбал бараг долоон ч засгийн нүүр үзсэн. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа, давхар давхар хүндрэл туулж байгаа засгийн газар үзээгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар их залуухан гишүүдтэй. 1950-иад оны төлөөлөл буюу 50-иас дээш насныхан 4-5 бий. Бусад нь бүгд 40-өөс доош насныхан. Ийм залуухан гишүүдтэй Засгийн газар. Тэд нар алдахдаа алдаад, онохдоо оноод ямар ч байсан гал алдуулахгүй л байна. Энэ хүндрэл бэрхшээл дунд тэд нар ажил хийж сурч л байна. Энэ Засгийн газарт У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж байсан 2-3 хүн бий. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гишүүн байна. Өөр хүн байхгүй. Энэ Засгийн газар 2021 оны нэгдүгээр сарын 29-нд байгуулагдсан.Түүнээс хойш тооцохоор нэг жил шахам л ажиллаж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, сайд дарга нар цөөхөн. Тэгэхээр насны хувьд, туршлагын хувьд ийм залуухан Засгийн газар л даа. Улс төрийн талаасаа ихэнх нь УИХ-ын гишүүнээр өмнө нь ажиллаж байгаагүй учраас улс төрд дасан зохицох үйл явц гэж бий. Тийм учраас жаахан дутагдалтай зүйл бий.

-Үнэндээ Засгийн газрын гишүүдийн чинь ур чадвар, мэдлэг туршлага улс төрд жулдаад байгаа юм биш үү?

-Жулдах нь ч юу юм бэ. (Инээв) Яах вэ, шинийн зовлон гэж байдаг. Одоо бол эрхбиш ажил нь гарт нь ороод л цэгцрэх гээд л байна. Ямар ч байсан цаашид ажил аваад явчих түвшиндээ хүрч байгаа байх. Хүссэн ч, эс хүссэн ч тэд цаашдаа ажлаа хийнэ. Шинэ хүн гарч ирээд өргөс авчихсан юм шиг бүх юм сайжирна гэж байдаггүй.Монголын нэг зовлон бий. Газар нутаг уудам, цөөн хүн амтай. Бизнес эрхлэхээр багтаамж багатай. Төсвийн боломж маш хязгаарлагдмал. Чиний халаасанд 10 төгрөг байгаа бол тэр хэмжээндээ л хөдөлнө биз дээ. Тэр чинь шинэ хүн солигдохоор 20 төгрөг болчихгүй. Гэхдээ одоогийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, банкинд байсан мөнгийг эргэлдүүлэх замаар, ямар ч байсан эдийн засгийн хурдтай унаж байсан уналтыг зогсоож чадлаа. 1.3 хувийн хасах дүнтэй байсан эдийн засаг 3.5 хувьтай гарсан. Энэ жилийн дүнгээр дөрвөн хувьд хүрчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэгдүгээрт, ямар ч байсан эдийн засгийн уналтыг зогсоож чадсан. Хоёрдугаарт,ковидын эсрэг хариу арга хэмжээ буюу вакцинжуулалтын ард их чармайлт гаргасны үр дүнд гарсан. Ерөнхий сайд энэ ажилд хуучин ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхаасаа л анхаарч ажилласан. Их л шахуу зорилт тавьж, түүнийхээ ард талд чадан, ядан 50-иас дээш хувийн үнэлгээтэй гарч байна. Ерөнхий сайд хоёрдугаар сарын 23-нд вакцинжуулалт эхэлнэ гэж зарлаж байхад би хажууд нь байсан хэрнээ “Ээ дээ мэдэхгүй” гэх бодолтой л байсан.

-Та Ерөнхий сайдыг вакцинжуулалтаа товлосон хугацаандаа эхлүүлж чадах эсэхэд эргэлзэж байсан гэсэн үг үү?

-Итгэж ядаад байсан. Учир нь бид вакциныг өөрсдийн улсдаа үйлдвэрлээгүй шүү дээ. Тухайлбал, вакцин татан авахад цаг агаарын байдлаас шалтгаалаад онгоц хоёр хоног саатахад 23-нд эхлүүлэх боломжгүй болох эрсдэл байсан. Ямар ч байсан 22-нд вакцин ирээд, 23-нд эхлүүлж чадсан. Түүний үр дүнд манай улсын вакцинд хамрагдах насны иргэдийн 70 орчим хувь нь хоёр дахь тундаа хамрагдаад, одоо нэмэлт тундаа хамрагдаад явж байна. Энэ арга хэмжээг авч чадаагүй байсан бол өвчлөл, эндэгдэл эрс нэмэгдэх тооцоолол байсан. Ямар ч байсан ковидыг харьцангуй богино хугацаанд, эрсдэлийг нь бууруулах чиглэлээр энэ Засгийн газар чамлахааргүй сайн ажилласан.

-Та долоон Засгийн газрын нүүр үзсэн гэлээ. Энэ хугацаанд одоогийн шинэ залуу үеийнхэн шиг богино хугацаанд улс төрийн карьер нь өсдөг, сайд, Ерөнхий сайдын албан тушаалд томилогддог тохиолдол хэр олон байв. Улс төрийн гал тогоонд чанадаг, төрийн залгамж халааны уламжлал хэзээнээс алдагдчихав. Өнөөдөр хэн илүү гоё ярьдаг нь, хэн илүү чанга дуугардаг нь удирдах албан тушаалд томилогддог цаг ирсэн юм уу?

-Энэ талаар гарч байгаа шүүмжлэлийг заавал сонсож, харгалзах ёстой л юм байгаа юм. Би 1990 онд Тэргүүн дэд сайд болж байхдаа 34 настай байсан. Тэгэхэд би мэргэжлээрээ арван жил ажиллаад, Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч гэдэг албан тушаал хашиж байгаад Сайд нарын зөвлөлд мэргэжилтнээр ирээд намар нь дэд сайд болж байсан. Ямар ч байсан мэргэжлээрээ арван жил ажиллаад багагүй шүүлтүүрээр орж байж тухайн албан тушаалд томилогдож байсан. Арван жил мэргэжлээрээ ажилласан хүн гэдэг бол одоогийн мерит зарчмаар томилогдож байсан гэсэн үг. Энэ зарчмаар томилогдсон хүний суурь сайн тавигддаг. Социализмын үеийн боловсон хүчний бодлогын үндсэн зарчим нь ерөөсөө л мерит зарчим байсан. Бид нарыг ийм л зарчмаар сургаж байсан. Тухайлбал, ОХУ-д төгссөн 35 хүн ирэхэд намайг улсын прокурорт аваад үлдсэн 34 боловсон хүчнийг анхан шатны прокурорын газар хяналтын прокуророор томилж байсан. Ингээд 2-3 жил сайн ажиллавал сумаас аймаг руу, аймгаас нийслэл рүү, нийслэлээс улсын ерөнхий прокурорын газар томилдог байсан. Энэ зарчим дутагдаад байгаа. Цаашид эд нар яаж авч явах юм бүү мэд. Одоо ерөнхий асуудлаа шийдчих гарцууд нь байгаад байна. Манайхан Засгийн газар гэхлээр сайд нараар, УИХ гэхээр гишүүдээр нь төсөөлөөд байна шүү дээ. Гэтэл доод, дунд шат буюу агентлагууд, яамдуудад бусад төрийн байгууллагуудад төрийн ажилд гаршчихсан хүмүүс олон бий. Би дарга нарт “Та нар ийм хүмүүсээс олж ирж УИХ-ын гишүүнд нэр дэвшүүл” гэдэг. Тэгвэл УИХ чинь намбатай болно, төрийн ажилд гаршсан хүн гэдэг төрийн л хүн байдаг байхгүй юу. Энэ шалгуураараа сайд нараа тавьчих юм бол зөндөө л хүн бий. Даанч энэ орчин үеийн улс төр өөр өнгөтэй болчихоод зовлонтой байна л даа.

Манай намын хувьд Н.Энхбаяр 1997 онд байна уу даа, намын дарга болж байхдаа бараг 40 нас хүрээгүй байсан. Н.Энхбаяр 2000 онд Ерөнхий сайд болж байхдаа 42-той, би 44-тэй байсан. Тухайн үед бид залуудаа л орж байсан. Би 1992 оны УИХ-д сонгогдохдоо 36 настай хүүхэд байлаа шүү дээ. (Инээв) Тухайн үед Д.Лүндээжанцан бид хоёр хүүхдийн тоонд орчихсон, хоёр жоохон юм гүйж явсан. Одоо ингээд харж байхад өнгөрсөн 30 жил тусгаар улсын хувиар явахад нэг өдрийн завсарлагагүй явсан хоёр л хүн байдаг нь Лүндээ бид хоёр. Дундаа нэг ч завсарлаагүй. Тэр түүхийн гэрч л болж үлджээ. Гэхдээ амьдрал урагшаа явж л байгаа шүү дээ. Бид нар л голоод байгаа болохоос биш. Боломжуудыг маш их алдаж байгаа. Тэр алдаануудаас тойрч чадсан бол одоо БНХАУ-ыг хар. Яаж хөгжиж байна. Тэгэхээр бидэнд алдагдсан боломжууд зөндөө байна.

-Та бид хаана, хэзээ, юун дээр алдаа гаргасныг дүгнэж, цэгнэж хэлэх цөөн хүмүүсийн нэг. Бид тэгвэл хаана, яаж алдав. Цаашид алдаагаа давтахгүйн тулд юу анхаарах ёстой вэ?

-Монголын улс төрийн ерөнхий орчин их тогтворгүй байгаа. Би заримдаа марзганадаг байхгүй юу. Би өөрийгөө улстөрч болчихсон гэж боддог байсан. Үнэндээ болоогүй байсан юм билээ гэхээр “Та яагаад болоогүй гэж яриад байгаа юм” гэж хүмүүс гайхдаг. Асуултын хариу маш тодорхой. Дөрвөн жилийн дотор улс төрийн хүрээлэл орвонгоороо эргэдэг. Энэ дөрвөн жилд МАН ялсан бол, дараагийн дөрвөн жил АН ална. Ингээд өмнө нь явж байсан бодлогыг татаад унагачихдаг, эсвэл сольчихдог. Хоёрдугаарт, хүн нь орвонгоороо өөрчлөгддөг. УИХ-ын гишүүд хоёр дахь удаагаа олонхоороо сонгогдсон тохиолдол бараг байхгүй.Тухайлбал, МАН-аас 2016 онд шинэ бүрэлдэхүүн гарч ирсэн бол 2022 оны сонгуулиар түүний талаас дээш хувь нь өөрчлөгдөөд орж ирж байх жишээтэй. Ингээд улс төрийн өнгө нь өөрчлөгдөөд, хүн өөрчлөгдөөд байгаа учраас тогтсон улс төр, тогтсон бодлого байхгүй болчихоод байгаа байхгүй юу. Тийм учраас энэ удаагийн Засгийн газарт намайг орж ажиллахыг Л.Оюун-Эрдэнэ сайд урьсан шалтгаан нь хүн дагасан алдаануудыг жаахан ч болов тооцъё гэж боддог юм байлгүй. Би яалт ч үгүй энэ намд 30 гаруй жил ажилласан байна. Хүн солигдохоор бүх юм өөрчлөгддөг энэ тогтолцоог халах ёстой. Ёс суртахуун, зарчим тогтох л асуудал байгаа юм.

Ийм байхаас өөр хувилбар бас муутай. Өнөөдөр авлигатай тэмцэнэ гээд ярьдаг. Монгол газар шороон дээр 1990 оноос хойш анх удаа хөрөнгөтний нийгэм байгуулагдсан. Хуучин нүүдэлчин Монголд хувийн өмч гэдэг мал, хөөрөг төдийхөн байсан. Түүнээс биш орчин үеийн капиталист нийгмийн сонгодог хөрөнгелөг нийгэм манайд байгаагүй. Энэ 30 жилд энэхүү үзэл цоо шинээр гарч ирсэн. Энэ нийгмийг дагаж гарч ирдэг асуудал бол авлига, сүлжээ. Нэг хэсэг нь хөрөнгөждөг бичигдээгүй хуультай. Америк, Орост ч ялаагүй. Нэгдүгээр үндсэн зовлон энэ. Тиймээс үүнийг яаж хязгаарлахад л анхаарах ёстой. Түүнээс хөрөнгөтний нийгэм байгуулж байгаа улсад авлигыг ор мөргүй алга болгоно гэдэг хүн хуурч байгаа л асуудал. Дараагийн гарч байгаа хүндрэл бол нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд маш богино хугацаанд бөөнөөрөө орж ирж байна. Улаанбаатар хотыг анх байгуулахдаа 400 мянган хүний багтаамжтай хэмээн тооцсон. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөөд 1.2 сая иргэн амьдарч байна. Нэг үндэстэнд зуун жилд тохиолддог хувьсгалын шинжтэй өөрчлөлт Монголд зүгээр л нэг өдөр ирчихсэн. Ингээд шинэ бэрхшээлүүдтэй тулгараад, төр ёсны зарчмаа олон жил алдчихсан. Нэг ёсондоо 300-гаад жил алдагдчихсан төрт ёс шүү дээ. Үнэндээ Бээжин, Москвад очиж асуудлаа шийдүүлдэг байсан нөхцөлөөс гараад 30 жил л хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг зарчмаар шинээр төр улсаа авч явах чадавхтай болох гэж оролдож байгаа он жилүүд. Ийм л юм болоод байгаа учраас энэ хүндрэлүүд гараад байгаа юм. Гэхдээ ерөнхий хандлага их л гайгүй харагддаг. Бидэнд гурван сая хүн, өргөн уудам газар нутаг, үеийн үед монголчуудын амьдралаа залгуулж ирсэн мал аж ахуй байна.Хоёр талд богино хугацаанд үсрэнгүй хөгжиж байгаа хөрш гүрэн байна. Энэ дотор улсаа зөв авч явах зөв сэтгэлтэй болчих юм бол удахгүй гайгүй болно гэж итгэдэг. Энэ гучин жил биднийг юу ч хийгээгүй шиг манай залуучууд боддог. Хэдийгээр хүнд хэцүү байсан ч бид томоохон бүтээн байгуулалтын ажлууд олон хийсэн. Бүх аймгаа засмал замтай холбосон. Хоёрдугаарт, Монголын нийт аймаг сумдын тал хувь нь дизель хөдөлгүүрээр цахилгаанаа гаргадаг байсан. Намайг 2007 онд УИХ-ын дарга байхад 327 сумын тооцоо гаргахад 127 сум нь харанхуй байсан. Өнөөдөр итгэх хүн ховор байх.Ингээд хоёр жилийн дотор төсөвт мөнгийг нь суулгаж өгөөд 127 сумыг тогтой болгосон. Энэ мэт улс орноо урагш хөтөлсөн ажил хийсэн. Хувийн хэвшлүүд хөл дээрээ зогсчихлоо. Зарим томооохон төсөл хөтөлбөрүүд хөдөлж эхэлж байна.

-Зарим хүмүүс Ц.Нямдорж гэдэг хүн энэ улс төрөөс явах болоогүй юм уу. Одоо залуу үедээ зайгаа тавьж өгөөд явчихаж болдоггүй юм уу хэмээн их л ундууцах юм. Та энэ талаар цахим орчноос хардаг,сонсдог л байх?

-Ийм ухуулга 2000 онд гараад одоо 20 гаруй жил болж байна. Би олон зүйлд садаа болдог. Хулгай зэлгий,хуйвалдаанд их ч чагт тавьдаг. Үүнд дургүйцсэн нэг хэсэг байж л байдаг. Үнэндээ Эрдэнэтийн 49 хувийн асуудалд би зориглож хөдлөөгүй бол өөр хэн ч гар дүрэхгүй байсан. Би зориглосон учраас Эрдэнэт үйлдвэр улсын үйлдвэрийн газраараа үлдсэн. Энэ үйлдвэр улсад үлдсэний үр ашгийг иргэд сүүлийн үед үзэж байна. Бүтэн хоёр жил цахилгаан, дулааны үнийг уг үйлдвэр дааж байна. Энэ мэтчилэн өөрсдөд нь ашигтай, ард түмэнд хохиролтой байх ажилд саад боллоо гэж зориуд тийм зүйл бичдэг бүлэг байдаг. Би чинь улс төрд зүтгэхдээ хоёр хүнд юманд орчихсон хүн. 2000 онд рекет хийж байсан эрүүгийнхний аюултай юм гарч ирсэн. Манайх 1990-ээд оны Орос орон шиг болох шахсан. Түүнийг нь гарч ирээд дарчихсан. Тэд нар мэдээж надад сайн байна гэж байхгүй шүү дээ. Дараа нам дамжсан мафийн бүлэглэлийг чинь дарах гэж 4-5 жилийн юм боллоо. Тэр ярганы хэрэг буюу бусдад эрүү шүүлт тулгасан асуудал руу зүгээр хүн айгаад орохгүй. Надад падгүй гээд орхиж болох байсан. Төр улсын өмнөөс бодох юм бол энэ бүхэн рүү орохоос өөр арга байхгүй байсан юм. Орох гэхээр надаас өөр хүн олдохгүй төвөгтэй байсан шүү дээ.

-Та тийм аймшиггүй зоригтой хүн юм уу. Үнэхээр танд хэн нэгний дарамт, шахалтад орох асуудал байдаггүй учраас зоригтой байсан гэсн үг үү. Үнэндээ өнөөдөр үг хэлэх, үзэл бодол, үйл хэрэг, үйлдлээрээ

барьцаалагдчихсан улстөрчид олон байна шүү дээ?

-Улс төрд байгаа хүн өөртөө нээнтэгтэй улс төрд байсан дорвол зүгээр л явсан нь дээр шүү дээ. Надад хэн нэгэнд, ямар нэгэн байдлаар нээнтгэнд ороод байх асуудал байхгүй. Байдаггүй учраас би дээр дурдсанчлан зоригтой алхам хийдэг.Хамгийн гол нь миний ярьдаг ганц л зүйл байдаг. Энэ нэг 30-хан жил үүлэн чөлөөний нар шиг олдож байгаа тусгаар тогтнолыг гуйж дайвшгүй байдалд хүргэчих юмсан. Тэгээд цаашаа явах юм бол энэ улсад гэрэл гэгээтэй он жилүүд ирж байгаа гэж итгэдэг. Ер нь зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа эхэн үед дээр дурдсан рекет дээрэм тонуулчид заавал гарч ирдэг. Манайд 2000 оны үед сайд нарыг Их тэнгэрт аваачаад түгжчихдэг байсан шүү дээ. Хуулийн сайд нь зугтаад айлд оччихоод, гэртээ харьж чаддаггүй байсан түүх байдаг юм шүү. Тэр ч бүү хэл гүүрэн дээрээс дүүжилчихсэн, далан давхар оршуулгын газарт аваачиж айлгаж байсан ч түүх бий. Нөгөөтэйгүүр МАНАН мафийн асуудлыг анх ярьсан хүн чинь би. Нам дамжсан улс төрийн бүлэглэл, цөөхөн хүний эрхшээлд Монголыг оруулах гэсэн оролдлогууд байсаар ирсэн. Одоо ч энэ оролдлого сэргэх гэж оролдоод байна. Түүнийг нураах гэж бөөн юм болсон. Хүн л ажигладаггүй болохоос биш. Хуулийн байгууллагын бүх дарга нарыг сольсон. Цаашлаад Ерөнхий сайд нар, УИХ-ын даргыг буулгах, намын удирдлага буулгах түвшинд хүрч байж энэ асуудал саармагжсан. Намайг явуулахыг хүсээд байгаа шалтгаан энд бий. Намайг улс төрөөс явуулчихаад араас нь муу муухай юмаа хийхээр дуугарах хүн гарахгүй гэж тооцож байгаа юм байлгүй.

-Гэхдээ ийм том асуудал руу явж орно гэдэг амаргүй биз дээ?

-Амаргүй шүү дээ. Гэхдээ УИХ-ын гишүүн хүн тангараг өргөдөг. Тэр тангаргийн гол утга учир нь шаардлагатай үед амиа өгнө гэсэн цэргийн тангараг л байхгүй юу. Энэ чинь эх орныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэсэн ийм л тангараг. Тэр тусмаа дөнгөж тусгаар тогтнолоо олж авах гэж хоёр хөл нь тэнцэж, ядаж байгаа ийм үед чинь нэг хүний хувийн асуудал юу ч биш шүү дээ. Хууль зүйн сайд гэдэг зориглож юм хийхээр дандаа дайралтад өртөж байдаг. Их төвөгтэй албан тушаал байна шүү дээ. Тухайлбал, шүүхийн томилгоонд хуулийн сайд огт оролцдоггүй мөртлөө шүүх авлига авчихаар хуулийн сайд нь чичлүүлдэг. Энэ Засгийн газарт орж ажиллах болсон гол шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ сайд "Та ажиллаад өгөөч” гэж хүсээд байсан юм л даа. Энэ залуучууд дөнгөж ажил аваад түшиг болоод өгөөч гэхээр хясаад байлтай биш дээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга намайг томилогдох үед “Энэ Засгийн газрын ноён нуруу нь болох юм шиг байна. Залуу сайд нараа дэмжээрэй” гэж захисан юм л даа. У.Хүрэлсүх ч тийм байр суурьтай байсан.

Ийм үед Засгийн газар улс төрийн болон хуулийн алдаа гаргахгүй байх нь цааш сайн ажиллах хөрс суурь гэсэн үг.

-Өнөөдрийн залуучууд та бүхний бүтээсэн улс төрийн суурин дээр тоглолт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд тоглолтын дүрмийг зааж, зааварлах бүрэн эрх нь та бүхэнд байгаа гэж ойлгож байна. Улстөрчид ёс зүйтэй байх, авлига авдаггүй, ахмад үеийнхээ үгийг сонсдог байх, ард түмнээ түүчээлдэг байх тал дээр хэр үлгэр дуурайлтай байна вэ?

-Аливаа улс төрийн хүчин нэг зүйл дээр тогтдог. Тэр бол жудаг. МАН өнөөдрийг хүртэл миний мэдэхийн энэ ёс жудгийг эрхэмлэж ирсэн. Алдаа зөндөө гарч байсан. Тэгэхдээ ахмад үеэ хүндэтгэдэг, тэднээс суралцдаг, тэд нар шиг болох гэж мөрөөддөг, мөрөөдөлдөө хөтлөгдөж, ажил төрлөө сайн хийх гэж оролддог, ийм ёс зүй, жудаг дээр тогтож ирсэн нам шүү дээ. Үүнийг одоогийн залуучуудад их хэлж байгаа. “Та нар энэ ёс жудгаа хэр зэрэг авч явж чадаж байгаа вэ, Үүн дээр чинь энэ нам, төр хоёр чинь тогтож ирсэн юм. Ёс жудгаа үгүйсгээд ирэхлээр Ан-ын араас орно” гэдэг. Хажиглах юм гарна аа, гарна. Тэгэхдээ намайг сонсоно оо, сонсоно. Хажуугаар нь яваад өнгөрөхөд бас айхгүй ч аягүй л байдаг байх. Айлгаад байх шаардлага ч байхгүй. Зүгээр л хүндэтгэл гэдэг юм байдаг. Би П.Жасрай гуай, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нартай ойр байсан.Тэд нар жаахан хажиглангуй харцаар харахаар л “Би нэг юман дээр алдсан байна. Юун дээр алдчихав гэж боддог, шаналдаг байсан.Тэд нарын нэг үг мань мэтийн салхитай байх үед тормоз болдог байсан. Ийм зүйл Монголын төрд үгүйлэгдэх шинжтэй болчихлоо. Хэт их залуучууд гэж шуурахаар дунд үеийн чинь ноён нуруу, ахмад үеийн юм чинь хашир байхгүй болдог. Ингээд бөөнөөрөө салхилж яваад харанхуй нүх рүү ойчих алдаа гарахгүй гэх баталгаа байхгүй. Мах комбинатад өдөгч ухна гэж байдаг. Ямаа дагуулж орчихоод цаад тал руу нь үсрээд гарчихдаг. Өнөөх ямаанууд нь доош унаад бойнд ордог. Тийм юм руу орчихв оо гэж эд нарт их захидаг. Том хэмжээний алдаа гаргахад нэг чанга дуугарахад сонсоно оо сонсоно.

-Төрийн аливаа бодлого, шийдвэрийг бодит тооцоо судалгаатайгаар гаргадаг байх ёстой. Гэтэл сүүлийн үед Засгийн газар, төрийн байгууллагууд цахим орчинд тулгуурлаж ажил хийдэг боллоо. Нэг шийдвэр гаргаад иргэдийн эсэргүүцэлтэй тулахаараа тэр дор нь шийдвэрээсээ буцчих юм. Энэ нь гаргасан шийдвэртээ эзэн болж чадахгүй байгаагийн илрэл биш үү. Танд ийм зарчмаар ажлаа явуулж байсан түүх бий юү?

-Би сошиал орчныг огт тоодоггүй. Учир нь хүн бүр сошиалд ороод хүн бүрийг муу хэлээд байгаа юм байхгүй. Тэр рүү орж юмыг хараар харж, жирийн зүйлийг харааж зүхэж таашаал авдаг цөөхөн “мэргэжилтнүүд” байгаа. Над руу дайрдаг 200-300 мэргэшсэн бүлэглэл байдаг. Түүний цаана нарийндаа 10-хан л хүн бий. Ц.Нямдорж гэдэг нэр гарч ирэнгүүт өдөр, шөнөгүй “хараар буддаг”. Би үүнийг залуу сайд нарт хэлдэг. У.Хүрэлсүхийн үед ч хэлж байсан. Одоогийн сайд нарт ч хэлж байна. Энэ бол сүүлийн үед гарч ирсэн зүйл. Би “Та нар цаашид байнгын ийм дарамтад амьдарна. Улс төрд явж байгаа хүн эрсдэл, хариуцлагаа хүлээж явдаг жамтай. Сошиалын давлагаанд орж төрийн ажил, бодлогоосоо ухарвал сайдын албаа өгсөн нь дээр. Санаснаа хийгээд дуус. Тэгээд хариуцлагаа хүлээ” гэж хэлдэг. Жишээ нь намайг барилга байшин их бариулж байна гэж шүүмжилдэг. Би зөндөө бариулсан ш дээ. Эхлээд хууль их бичдэг байлаа. Сүүлдээ засдаг гэж дайраад байхаар нь “тэгвэл больё, нурааж чадахгүй юм хийж үзье гэж бодоод баахан байшин бариулсан. Ордны наад талд 10-аад байшин бариулсан. Цаашаа яривал зөндөө байна. Би бүх суманд байшин бариулж үзсэн. Тэр нь Цагдаагийн кофен. Одоо харж байхад нөгөө хэдэн байшингууд л үлдэж. 100-150 жилийн настай байдаг эд л дээ. Ер нь сайдын албан тушаал хашна гэдэг бол санаснаа хийгээд дуусгах асуудал. Өөрөө битгий хулгай хий. Хуулийнхны цалин мөнгө бага юм чинь хуулийнханд барилга бариулж өгөөд 20-иод жил болж байна. Долоон мянга орчим хүн орон сууцанд орсон. Дөрвөн ч жижиг хороолол, цэцэрлэгтэй нь бариулсан. Миний хариуцаж байгаа салбараас нэг ч гэсэн хүн гал голомт тасалж орон байртай болохоор би өөрөө орон байртай болж байгаа юм шиг их баярладаг. Сүүлд 370 айлын орон сууц бариулсан. Тэнд манай яамны ажилчдын 80 хувь нь орсон.

-Та ямартаа ч салбарынхныгаа орон сууцанд оруулсан юм байна. Өөрөө орон сууцад орж чадав уу, сайд аа?

-Байна аа, байна. Орон сууцтай шүү дээ.

-Та түрүүн “өөрсдөө битгий хулгай хий” гэж хэллээ. Гэтэл өнөөдөр төрд гарсан сайд, дарга болсон хүмүүс төрөөс хулгайлдаг, авлига авдаг үйлдэл ар араасаа гарч байна?

-Сайд нар хулгай хийгээд байгаа юм байхгүй. Ер нь авлига гэдэг зүйлийг түрүүн хэлсэн шүү дээ. Систем нь тийм юм. Байнга үүнийг хойноосоо чирч явдаг. Хар мөр шиг. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаас эхэлсэн. Чадалтай нь чадалгүйгээ зодсоор өнөөг хүрээ биз дээ. Яг үүнтэй адил өнөөдөр зах зээлийн нийгэм гэдэг зүйл чинь араасаа дагуулдаг зүйл нь энэ. Манайхан амархан юм ярьдаг. Гэмт хэргийг байхгүй болгочихно, авлигыг устгана л гэнэ. Авлигыг хазаарлах асуудлаар намын хурал дээр яриад байгаа зүйлээ тэгш мөрдөх, хэрэгжүүлж чадах асуудал маш хэцүү. Одоо энэ АН-ынхныг хар. Асуудалд холбогдоод яваа манайхны асуудлыг хар. Боловсон хүчний асуудалд болгоомжтой хандахгүй бол болдоггүй. Би одоогийн мөрдөж байгаа системтэй санал таарч байгаагүй шүү дээ. Тухайлбал, сайдаар ажиллаж байхдаа ер нь гаднаас хүн авдаггүй. Энэ бол миний баримталдаг хатуу зарчим. “Та нар хүн санал болгож болно. Тэр хүнд чинь би хүний ёсоор хандана. Гэхдээ одоо байгаа систем дотроос надад хүн санал болго. Тэр хүн чинь харин миний шаардлагыг хангасан байх ёстой шүү” гэдэг журмыг яс мөрддөг. Энэ зарчим дээрээ сайд нь тогтчихоор яаж ч чаддаггүй байхгүй юу. Та нар хулгай хийв. Үгүй шүү. Миний зарчмыг мэддэг болохоор ойлголцоход амар. Миний чихийг халууцуулж байсан дарга бараг байхгүй.

-Ахмад үеийнхэн насаараа “нүдүүлээд” хэр баргийн юмыг тоохгүй хэмжээнд оччихсон биз. Гэхдээ ар гэрийнхэнд нь амаргүй л байдаг байх даа?

-Намайг шүүх нь надад асуудал биш.Энэ бүхнийг дааж амьдарна гэдэг миний гэр бүл, үр хүүхдүүдэд амаргүй асуудал. Би бол нарийндаа үүнийг эс тооцоод явчихсан хүн шүү дээ. Сонголт байгаа юм л даа. Үүний дараа эх орон юу болох вэ гэдэг асуудал. Би энэ хуулийн ялзарсан системд гэмгүй иргэдийг хэлмэгдүүлээд шоронд амьдаараа хатаж байхад нь чимээгүй өнгөрөх үү, энэ улсын том дарга нар нийлж Эрдэнэтийг хулгайлахыг мэдсээр байж чимээгүй өнгөрөх үү гэдэг сонголт надад байсан. Тэр тусмаа 2016 онд манай нам УИХ-ын сонгуульд ялж 64 суудал авч олонх болчихсон байхад энэ асуудлыг гаргаж тавьсан. Гэхдээ би холбогдох хүмүүст нь хэлсэн. “Надад битгий гомдоорой. Та нар ийм юм хийсэн байна. Би явдгаараа явлаа шүү” гэж хэлээд явсан.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн гэдэгт та 100 хувь итгэлтэй байдаг уу?

-100 биш 200 хувь. Би чинь мэргэжлийн хүн шүү дээ.

-Гэтэл нөгөө талаас няцаалтыг байнга хийдэг шүү дээ?

-Тэр хоёр хүн цагаадна. Цагаадах нь цаг хугацааны асуудал. Намайг анх энэ асуудлыг ярьж байхад миний хажууд байсан хүмүүс хүртэл итгэхгүй байсан. Гурван шатны шүүх арай ингэж хүнийг хэлмэгдүүлэхгүй байлгүй дээ гээд итгэдэггүй байсан. Ийм зүйлийн цаана гарахад мэргэжлийн зөн совин байх хэрэгтэй. Түүний төлөө явах итгэл байх хэрэгтэй. Тэр чинь бол хэрэг дээр хуулийн бүх байгууллагатай дайн хийж байгаа байхгүй юу. Мөрддөг газартайгаа, тагнуул, прокурор, гурван шатны шүүх, ШШГЕГ. Өөрийнхөө удирдаж байсан бүх системийн дээд удирдлагатай байлдаж, тэднийг ажлаас нь зайлуулж байж л эхэлсэн шүү дээ. Наадах чинь бол хоёр хүний хувь тавилангийн асуудал биш. 1937 оны харгис систем, Сталины дэглэм амилаад босоод ирчихсэн юм шиг дүр зураг надад харагдсан. Өнөөдөр энэ хоёрыг ингэж хэлмэгдүүлж байгаа юм чинь маргааш хэн ч байсан эд нар ингэж хандах юм байна гэдэг зүйл бодогдсон. Хоёр гол намаас суурьтай томилгоо нь явагдаж буй нь дандаа тэднээс захиалгатай. Тэрийг чинь нурааж байж л санаа амардаг юм байгаа биз дээ. Би нураасан шүү дээ. Юутай хүйтэй нь бүгдийг нь нураасан. Би хөдлөхгүй бол өнөөдрийн энэ УИХ шал өөр УИХ байж байх байсан. Ийм ийм холын улбаатай зүйл бас байгаа юм. Дахиж Эрдэнэтийг хулгайлах зүрх эд нараас ойрдоо гарахгүй дээ. Тэр чинь бол хоёр намд хөл, гар хумсаа гүв гүнзгий дүрээд зүрхэнд хүртэл гогдоод авчихсан байж л юмыг хийнэ шүү дээ. Удирдлагын түвшинд. Ийм юмыг нураах чинь хэцүү шүү дээ. Одоо над руу дайраад байгаа чинь ерөөсөө үүний хаялга шүү дээ. Би 2016 онд иймэрхүү сэдвүүдийг хөндөж эхлээгүй бол өнөөдөр би энхийн цагаан тагтаа шиг амьтан байх байлаа.

П.БАТЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.