Худалдааны төвийг бөмбөгдсөний улмаас 17 хүний амь үрэгджээ

Twitter Print
2023 оны 09-р сар 07-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн лхагва гарагт Оросын тал Украины Донецк мужийн Константиновка хотод байрлах худалдааны төвд цохилт үзүүлсний улмаас 17 хүний амь үрэгдэж, 32 хүн шархдсан талаар Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко мэдэгджээ.

Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр амь үрэгдэж, шархдсан хүмүүс бүгд энгийн иргэд аж. Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль амиа алдсан иргэдийн дунд 1 хүүхэд мөн онцгой байдлын албаны 1 албан хаагч байгаа хэмээн мэдэгджээ.

Украины Прокурорын албанаас мэдээлснээр оросуудын үзүүлсэн цохилтонд худалдааны төвийн 20 лангуу, цахилгааны шугам тасарч, захиргааны байр болон орон сууцны барилга өртжээ. Худалдааны төвийн ойролцоо байсан автомашинууд болон худалдаа үйлчилгээний 8 объект шатжээ.

Эрэн хайх, аврах ажиллагаа дууссан ба прокурорын албанаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Данийн Ерөнхий сайд Метте Фредериксентэй хийсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд "оросуудыг аль болох хурдан ялах" шаардлагатай байна хэмээн уриалж, оросууд цэргийн ямар ч анги бүрэлдэхүүн байхгүй хотод цохилт үзүүлсэн болохыг онцолжээ.

Түүнчлэн өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд хийсэн айлчлалынхаа үеэр Киевт нэмж 1 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулебатай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Э. Блинкен, "Өнөөдөр бид нэмээд нийт 1 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдэж байна. Үүний 665.5 сая ам.доллар нь зэр зэвсгийн болон иргэдийн аюулгүй байдалтай холбоотой тусламжид зарцуулагдана." гэжээ. Түүний хэлснээр ОХУ Украин руу довтолсноос хойш Вашингтон Киевт нийт 43 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлжээ.

Төрийн нарийн бичиг Э. Блинкений энэ удаагийн айлчлал түүний 2022 оны 2-р сараас хойш Украинд хийсэн 3 дахь айлчлал юм. Тэрээр айлчлалынхаа үеэр дайны үеэр амиа алдсан украинчуудыг оршуулсан Берковецийн оршуулгын газарт очиж, хүндэтгэл үзүүлжээ.

Э. Блинкений Киев хийсэн айлчлалын үеэр Пентагон Украинд Abrams танкийн сум нийлүүлэхээ мэдэгджээ. Америкт үйлдвэрлэсэн Abrams танкуудын эхний ээлж Украинд энэ сарын дундуур хүрэх аж.

 

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.