
Өнгөрсөн лхагва гарагт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр болсон санал асуулгын дүнгээр 2021-2022 оны НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүдээр Энэтхэг, Ирланд, Мексик болон Норвеги улс сонгогджээ. Ирланд улс 128 санал, Норвеги 130, Мексик 187, Энэтхэг улс 184 санал тус тус авсан байна.
Норвеги болон Европын бусад улс орнуудтай нэг хэсэгт өрсөлдөж байсан Канад улс хангалттай тооны санал авч чадаагүй байна. Африк тивээс Кени, Жибути улсууд аль аль нь дэмжлэг авч чадаагүй учраас тус тивээс Аюулгүйн зөвлөлд ямар улс багтах нь тодорхойгүй байгаа аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байнгын бус 10 гишүүн багтдаг ба жил бүр эдгээрээс нь 5 улсыг нь санал хураалтаар сольдог юм. Байнгын бус гишүүн орнуудад байнгын гишүүн орнууд болох ОХУ, АНУ, Их Британи, БНХАУ, Францтай харьцуулахад хориг тавих эрх байхгүй аж.
Лхагва гарагт сонгогдсон орнууд Бельги, ХБНГУ, Доминикан, Индонези болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсыг орлох бол Вьетнам, Нигер, Сент-Винсент ба Гренадин, Тунис болон Эстони улс дахин нэг жил ажиллах аж.
Эх сурвалж: TASS.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.