Аваргын бөгжгүй одод: К.Мэлоун

Twitter Print
2015 оны 11-р сар 14-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

Шууданч

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч нь М.Жордан гэдэгтэй бүгд санал нийлдэг. Гэхдээ МЖ карьерынхаа туршид авсан оноогоороо гуравт бичигдэж, түүний өмнө “Юта Жаз”-ын К.Мэлуон байдаг аж.

“Юта Жаз” багийн амьд домог К.Мэлоун 1963 оны долоодугаар сарын 24-нд Лузиана мужийн Саммерфельд хотод төржээ. Анх 1985 оны драфтын эхний бүсийн 13 дахь сонголтоор Юта мужийн багт элсэж байсан тэрээр Солт Лэйк хотод үнэнчээр үлдсэн юм. Тэрээр 19 жил мэргэжлийн лигт тоглохдоо 36,928 оноо авсан нь бүх цаг үеийн түүхэнд хоёрт бичигддэг бөгөөд мөнхийн хамтрагч Ж.Стоктон нь бүх цаг үеийн оновчтой дамжуулалт, бөмбөг таслалтыг рекордыг эзэмшдэг аж.

К.Мэлоун 1988-1998, 2000-2002 онд 14 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, 1989, 1993 оны бүх оддын тоглолтын “үнэ цэнэтэй” тоглогчоор нэрлэгдсэн байна. Мөн АНУ-ын шигшээ багийн хамтаар “Барселона 1992”, “Атланта 1996” зуны Олимпийн алтан медаль хүртсэн. Тухайн үеийн мөрөөдлийн багт алдарт М.Жордан, С.Пиппен, Ч.Баркли, Г.Хилл, Р.Миллер, Х.Олажувон, Д.Робинсон, Ж.Стоктон, П.Хардвей, Г.Пэйтон нар тоглосон юм.

Сагсан бөмбөг сонирхогчид Карлд “шууданч” хочийг өгсөн. Лигийн холбон тоглогч Ж.Стоктоны дамжуулалт бүрийг цагирагт оруулж, оноо авалтаар бүх цаг үеийн түүхэнд хоёрт орох амжилт үзүүлсэн учир ийн нэрлэсэн аж.

“Юта Жаз” багт 18 жил тоглохдоо 1997, 1998 онд өрнөд бүсийн аварга болж, финалд шалгарсан ч  тухай бүртээ“Чикаго Буллз”-т хожигдсон байна. Үүний дараа 2003-2004 оны улиралд “Лос Анжелес Лэйкерс”-т ирж сүүлийн удаа аваргын төлөөх дайралт хийсэн ч “Детройт Пистонс” зам саад болсон түүхтэй. Тэр жил Детройтын багт Р.Уоллас, Б.Уоллас, Ч.Биллапс, Т.Принц, Р.Хамилтон тоглож байлаа. Харин “Лэйкерс” Ш.О’Нил, К.Брайант, К.Мэлоун, Г.Пэйтон зэрэг оддыг цуглуулсан ч гар нийлж тоглож чадаагүй аж.

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.