
Як-18 хэмээх хоёр хүний суудалтай сургуулийн жижигхэн онгоц Алтайн сүрлэг уулсын өвөр бэлээр тойрон нисч явлаа. Өвлийн өглөөний хар нүд хага хөлдөм догшин жаварт тас зүлгүүлсэн мөнх цаст их уулсын мөсөн оргилыг харахад онгоцны хажуу бөөрнөөс тас хайрч, хавирга нэвт жиндүүлэн байх шиг санагдана.
Өглөөний наранд Таван богдын галын дөл шиг эрхэмсэг бардам тэргүүн онгоцны бүхээгний шилэн цаанаас зулай дээр зүмбэрлэн асч үе үе цас шамрагаа шилгээн аньсага сормуусны завсар нэгэн үе бүдгэрч нэгэн үе тодрон нүд гялбуулан гялалзана. Тэр их уулсын сүрд дарагдан Алтайн омголон цагаан салхины эргүүлгэнд орсон мөнөөхөн жижиг онгоцыг алсаас ажихуйяа дор их дэлт цагаан морь ээрсэн ногоон хэдгэнэтэй төсөөтэй ажгуу. Луугийн дуугаар хүрхрэх онгоцны хөдөлгүүрийн дуунд оргилын сул цас захаасаа нурангатан унах мэт уулсын эгц цавчим мөрөг рүү цагаан хүрхрээ асгаран буужээ. Алтай таван богд энхэр ариухан цэцэгтэй ч онголон тахилаа ч эс номхрох догшин лус, савдагтай түмэн уулсын ариун дагшин орон бөлгөө.
Хэдхэн долоо хоногийн тэртээ энэ ууланд авирахаар явсан уулчдын нэг нь хоёр гурван өдрийн өмнө цасан нурангад дайруулан хадан хясаанаас нисч эдүгээ дөнгөж амьтай төдий байна гэсэн хэл хэзээ хойно бэлд бууж иржээ. Ийнхүү нисэхийнхэн түргэн жагсаал авч уулын тагтад осолдон хэл сураггүй болсон хүмүүсийг хайж олох үүргийг хашир туршлагатай өвгөн нисэгч Рэнчинд өгч тэрээр алс баруун хязгаарын захын нэг сумын төвөөс үүр цүүрээр шахам агаарт хөөрсний учир энэ ажээ. Уул, үүл хоёроос өөр нүдэнд өртөх бараагүй гэрэл, сүүдэр сүлэлдсэн аниргүй цагаан орчлон зөвхөн хар цагаан хоёр өнгөнөөс бүтсэн мэт үзэгдэх бөгөөд газар, тэнгэрийн аль алин нь Рэнчингээс нүүрээ буруулсан мэт нэгээхэн барьц баримжаагүй тул тэр их уулс, их цасны ойль эргүүлгэнээс уулчдыг олох нь өвсөнд унагасан зүү эрэхээс дээргүй байлаа.
Уулын онь хөтөл, хавцал жалга, ам судаг бүрийг нэг бүрчлэн нэгжин нисье гэтэл онгоцны чадал, шатахуун хоёрын аль алинаас ахадсан ажил байлаа. Тэгэхээр уулын биед шахаж аль болох бага тойргоор нисвэл цаг, шатахуун хэмнэнэ гэж бодсон нисэгч хаазаа нэмэн өндөр авах зуураа дээш харвал тэртээ дээр, арваад метр зузаан мөнх цасны хаяанд ганц жижигхэн шар цэцэг шиг юм цас, шамраган дундаас нэгэнтээ гялсхийн үзэгдээд онгоцны далавчин цаагуур далд орох нь тэр. Рэнчин онгоцоо уулнаас салган яг л сургуулийн нислэг хийж яваа юм шиг огцомхон гогцоо татан гадагш эргүүлэв. Гэтэл мөсөн уулын мөргөцөг дээгүүр эрчлэн эргэлдэх салхины гэнэтийн хүчтэй урсгал онгоцыг өрөөсөн далавчин дээрээ даялан эргэх тэрхэн агшинд хажуу талаас нь ханартал алгадав. Гэвч өвгөн нисэгч барьц алдсангүй. Тэр уулын догшин салхины нөөлгөнд цохиулан доош шидүүлсэн онгоцныхоо жолоог огцом татаж хөдөлгүүрээ дээд эргэлтээр нь чарлуулан хэдхэн метрийн дор амаа ангайн харлах гүн хавцлын ирмэг дээгүүр цасан шуурга маналзуулан хусан өнгөрлөө. Тэр жижиг онгоц ханан хавцлын өндөр хясааг өчүүхэн төдий л шүргэсэн бол харанхуйд шүдэнз хавирахын адил нэгэнтээ манасхийгээд дуусах байлаа. Нисэгч Рэнчин ийнхүү нүд цавчихын агшинд үхэлтэй үүдэн хоймрын зайд зөрөн өнгөрснийхөө дараа усанд унаад гарч ирсэн хүнээс дутуугүй уртаар амьсгал татлаа. Амь, нас гэдэг эгзэгтэй агшинд аягатай цай алдаж асгахаас амархан үрэгддэг ажээ. Тулгын тотго шиг гурван соёо мөсөн уулын дунд орсон нисэгч дахин өндөр аваад доош харвал түрүүхэн үүл манангийн сиймхийгээр гялсхийгээд алга болсон мөнөөхөн шар цэцэг шиг юм уулын элгэн дэх хадны үе хэрчлээс дээр босгосон уулчдын майхан болохыг танилаа. Тэр байтугай цас шамраган дунд хоёр гурван хүн онгоцны бараа хараад баярлалдан хойш урагш бүртэлзэн гүйхийг олж харсан нисэгч "Эр хүн! Амьд байна. Амьдаар барахгүй гүйлдэж байна гээч" хэмээн амандаа хэдэнтээ дуу алдан өгүүлэх зуураа жолоогоо урагш түлхэж онгоцоо доош дарлаа. Гэнэт онгоцны дуу сонсч барааг нь харсан уулчид дороос нь гар даллан малгайгаа дээш чулуудах сацуу
- Як байна. Ямар ч гэсэн биднийг оллоо. Одоо удахгүй төвөөс нисдэг тэрэг дуудах биз хэмээн дээгүүрээ эргэлдэх онгоцыг даган дэвхэрч цовхрон гүйлдэж байлаа. Майханд, цасны нурангад цохиулан уулнаас нисэн унаж битүү бэртсэн уулчин залуу анилдан хүндэрсэн зовхи сормуусаа арай ядан нээж тэртээ сонсголын үзүүрт уулын цармын хүнгэнэсэн зэрлэг салхин дундаас бүдэг бадагхан сонсогдох онгоцны дууг чихээрээ бус зүрхээрээ чимээгүйхэн чагнаж хэвтлээ. Үхлүүт бэртэж гараа ч өргөх чадалгүй болоод нүдэнд нь ус гүйлгэнэн хэвтсэн уулчин эр газар, тэнгэр доргиулан хүрхрэх онгоцны эртэй эрчтэй дууг ойртох тусам царцан алдан байсан хамаг биеийнх нь цус халж хэд хоног бүлээцээгүй хөлийн тавхай түр боловч дулаацах шиг санагдсан төдийгүй байгаа үгүй нь мэдэгдэхгүй болсон түүний сульдаж тэнхээрхсэн зүрх цээжээ зөөлөн нудчин цохилж эхлэв. Амьд мэнд бэлд бууж эмнэлгийн бараа харвал эрхбиш сэхэх байгаа гэсэн итгэлийн гал цээжний бүрэнхийг хагас дутуухан гэрэлтүүлэх бөгөөд тэр бяцхан дөл төдийхөн галыг бөхөөчихгүйн тулд уулчин эр бие цогцос шигээ эрэмдэг болж, тарж бутарсан ухаанаа цуглуулан сэтгэлдээ хагархай шаазан адил эвлүүлж ядан байлаа.
Рэнчин уулчдын бааз дээгүүр хэдэнтээ эргэж агаараас алга дарамхан үзэгдэх хадны тэр тэгшхэн үе дээр онгоц бууж болох эсэхийг нүдэн баримжаагаар тал талаас нь шинжин харлаа. Дөрвөн хүний аяны жижиг майхнаар жишин хэмжихэд уулчдын буусан хадан хавцгай уртаашаа хорь, хорин таван метрээс яавч илүүгүй. Хамгийн ихээр алдаж тооцлоо гэж санахад лавтайяа хорь орчим метр баймаар. Хясааны яг торгон ирмэг дээр онгоцоо суулгалаа гэхэд нөгөө ирмэг дээр нь зогсч чадах уу, үгүй юу гэдэг тодорхой бус. Хэрэв тэр жаахан талбай дээр цас хөрлөж мөстсөн байвал ямар ч авралгүй бөгөөд эрлэг номун хааны хаалгаар уруу газар чарган дээр суусан хүүхэд адил гулгаж давхин орох нь лавтай. Бүхээгний хянах самбарын шатахууны хэмжүүрийн улаан зүү хагас цаг нисэх бензин үлдлээ гэж хашгирахаас наахнуур савлана. Гучин минут нисэх бензин ... гэж бодсоноо өвгөн нисэгч уулчдын бааз руу онгоцоо чиглүүлэн хурдаа огцом хасч салхины эгц өөдөөс жолоогоо алгуурхан доош дарлаа. Хурдны хэмжүүрийн зүү 70, 60, 50 -руу унаж эхлэв. Энэхэн агшинд Рэнчин үхлийн тухай ч бодож амжсангүй. Түүний нүд онгоц суух хадан хавцгайг өрөмдөх мэт ширтэж, хөл, гар нь залуур тоормос хоёртойгоо тас зуураастай газардав. Хурдаа дээд хэмжээгээр хассан онгоц хүчтэй салхины өөдөөс сэвсгэр зөөлөн цасны дээр суухдаа санаснаас хол гүйсэнгүй, арван хэдэн метр гулгаад уургын морь шиг уллан зогслоо. Их баярлах согтох шиг болдог ажээ. Баяр, түгшүүр цээжинд нь багтаж ядсан өвгөн нисэгч бүхээгээ нээхээр гараа өргөх гэсэн боловч даасангүй. Түүний хоёр гар тугалган туухай зүүсэн мэт хүндэрч бяцхан барьц алдан сандарсандаа зүрх нь торонд орсон шувуухай адил цовхчин цохилж байхыг тэр бүүр түүрхэн мэдэрч байлаа. Хорин настай, хонгор зүстэй, исгэлэн залуу насандаа Рэнчин По-2 гэдэг сургуулийн онгоцоор анх удаа ганцаараа нисч буусныхаа дараа Тамсагийн хязгаарын халиун талыг тэврэн үнсэхдээ ч энэ дайтай тэнхэл алдатлаа догдлон баярлаж байсан гэж үү. Бурханы мэлмийд багтаж буух нь ч нэг юм буучихлаа. Буцаад одоо яаж нисэх вэ гэсэн бүрхэг бүрэнхий асуулт толгойд гялсхийн харван орж ирэх тэрхэн мөчид хэн нэг хүн бүхээгний цамхрааг гаднаас нь нээж цастай хүйтэн салхи хөлстэй нүүр лүү нь сэвхийн үлээхэд сая ухаан орсон мэт суудлаасаа бослоо. Түүнийг дөнгөж бүхээгнээс гартал үс сахал нь ургаж зүс царай нь харлаж онгосон хэдэн чийрэг эр мэнд ус мэдэхийн завдалгүй хүчирхэг гараараа хүүхэд адил өргөн авч "Чи ёстой гайхалтай нисэгч", "Эх орны бахархал" хэмээн ам амандаа хашгиралдан гурвантаа дээш шидэн баяр хүргэж газарт буулгаснаа тэврэн авч ойрын үед хутга хүргээгүй сахал үсээрээ хатган нүүр нүдгүй үнсэцгээлээ. Азарган цагаан шүдтэй нэг ханхар сайхан эр нүдээрээ тоглон инээмсэглэж:
- Бид чамайг ингэж гэнэт дээрээс буугаад ирэх юм гэж даанч санасангүй. Зүгээр л хайгуулын онгоц биднийг эрж яваа юм байх гэж бодлоо. Гэтэл чи минь Алтайн дэлт хүрэн бүргэд байж. За хүндэт зочин минь майханд ор. Аяга халуун цай ууж амаа бүлээцүүл гэхэд
- Цай хоол яах вэ? Нөгөө уулнаас унаж бэртсэн хүн чинь хаана байна гэж асуулаа.
- Майханд бий. Бие нь тун тааруухан байна.
- Гэнэт хуй салхи дайраад онгоц хийсгэчихэж юун магад. Алив гадас, олс дээс байна уу гэв. Рэнчин майханд орохынхоо өмнө хадан хавцгайн нэг үзүүрээс нөгөө ирмэгийг хүртэл нааш цааш хэдэнтээ алхан хэмжиж үзвэл түүний урт нь илүү ч үгүй дутуу ч үгүй яг хорин нэгэн алхам ажээ. Онгоц хэдий хөнгөн ч ийм богинохон зайнаас газраас тасрах тун осолтой. Як мэтийн жижиг онгоцонд хоёрын хоёр хүн гэдэг тийм ч бага ачаа бас биш. Рэнчинг майханд ороход нөгөө бэртсэн хүн аяны уутан хөнжилд нүдээ ч нээх чадалгүй болчихсон амьсгаатай үгүй нь мэдэгдэхийн аргагүй амьтан хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Хамар, хацар нь ялгагдахгүй бөмбөг шиг бөөрөнхий нүүртэй, цул усан хаван болсон тэр хүнийг энгийн нэгэн байтугай эхнэр, хүүхэд нь танихааргүй бүх бие нь хавдар боосон бололтой. Эрдэнэт хүний амь нас хутганы ирэн дээр ирсэн ийм хүнд цагт онгоц хөөрч чадах эсэх тухай өөрөөсөө асуух эрх Рэнчинд байсангүй. Онгоц газраас тасарч чадсан чадаагүй өөрийнхөө амь биеийг золиосонд хаяж тэр шархтай хүнийг эсэн мэнд бэлд буулгахын тулд ямаршуухан зэрэг зиндааны нисэгч болохоо хоёрын хоёр хүний амиар дэнчин тавьж Алтай сүрлэг уулсын өмнө шалгалт өгөх цөвүүн цаг иржээ. Оргилоос хөөрөх их цасны хаялга пүргэдэс үес үесхэн дээрээс нурангатан асгарч бүрэнхий цагаан манан татсанаа төдхөн ер юу ч болоогүй юм шиг хэдхэн мөчийн дараа нар тусч Рэнчинг майханд орж аяга цай уухын хооронд Алтай ханы лус савдаг уурлаж, инээхийн завсар мундахгүй ааш авир үзүүллээ. Энэ уулчид гэдэг хэн бүхний санаанд багтамгүй өширч ч болохгүй, өрөвдөж ч болохгүй хачин улс байдаг юмсанж. Амь наснаасаа уйдсан юм шиг хөхөө өвлийн хүйтэнд энэ их цас мөсөн дундуур уулын орой руу мацаж, дээр нь гарсан хойноо хормой хормойгоор алт мөнгө авах юм шиг ингэж зүтгэж явдаг нь юу ч билээ. Нөгөө, шувуунд нисч яваад үхэх сайхан гэдгийн үлгэр л энэ биз гэж бодсоноо Рэнчин:
- Цас шамраг будраад энэ тэнгэрийн янз нэг л биш. Эртхэн нисэхгүй бол онгоцны мотор царцчихаж мэднэ гэвэл түрүүхэн өөрийг нь "Агаарын зоригт шонхор" энээ тэрээ гэж гар дээрээ өндөрт өргөн магтаж байсан нөгөө азарган цагаан шүдтэй хууз хархүү:
- Мотор ч яахав. Хоёрын хоёр хүнтэй онгоц энэ жаахан зайнаас гүйж газраас тасарч чадах болов уу гэж эргэлзэнгүй дуугаар асуулаа. Нисэгч өвгөн тэр цаст уулын цагаан барс шиг хурц зоригтой хүний амнаас унамгүй аймхай асуултнаас баахан бишүүрхэж түүний нүүр лүү зэмлэнгүй харц чулуудсанаа:
- Бууснаас хойш нисч л таарна. Эргэлзэж тээнэгэлзсэн ийм аймхай хоёрдмол бодол нисэгч хүнд үхэл авчирдаг юм гэж хүйтнээр өгүүлээд гарахаар завдан малгайгаа авч өмслөө. Илүү ч үгүй дутуу ч үгүй яг хорин нэгэн алхам газар ... Амьдрал, үхэл хоёрын аль нь намайг хүлээж байгаа бол ... Ийм барих барьцгүй уулын хадан тагт дээр онгоцны суух, тасрах хоёр өдөр, шөнө шиг ялгаатай. Би ямар нэг аргаар энэ уулын хад чулуутай үг хэлээ ололцох л ёстой. Ингэж эс чадвал хорвоод дөнгөж хөл тавьж буй хорин хэдхэн настай энэ залуугийн хайран амьдрал хөөрхий болно. Цаг нь ирсэн бол миний хөгшин толгой, жагсаалаас гарсан сургуулийн хуучин онгоц хоёр газрын гав руу унасан ч гарзгүй, нэг их гашуудаж гаслах нь юун. Би чинь эх орны дайны үеийн "Зис-5" шиг амьтан. Зүрх минь ч гурил болж дээ хөөрхий. Шар ус хурж гүйцэж. Хатуу архи байдагсан бол ганц зуун грамм татах юмсан. Нисэгч хүний даль жигүүр бол зориг. Би залуудаа хэзээ ийм үхээнц дорой амьтан биш байлаа. Энэ бол миний сүүлчийн нислэг. Энэхэн алаг хорвоотой хийх эцсийн минь тооцоо буюу. Чи гучин есөн онд пулемётынхаа сумыг дуусчихаад Японы онгоцыг сэнсээрээ тас хярган унагах гэж залуу ирвэс адил ангуучлан хөөж явснаа мартав уу хэмээн өвгөн нисэгч өөрөө өөрөөсөө асууснаа уртаар санаа алдлаа.
Гэрэл, сүүдрийн хувилгаан Алтайн их уулсын гэрэлт цагаан оргилд нүд, сэтгэлд гэгээ цацаж, он цагийн урсгалд нэгээхэн бээр сэмрээгүй мөнх цас нарны гэрэлд үл мэдэг хөхөлбөр ягаан туяа харвуулан солонгорон гялалзана. Тэнгэр хялмаалж, уулын тагтын хүчтэй салхинд цасан хуй эргэлдэн исгэрэхийн тоолонгоор цан хүүрэг бамбарласан бут сөөг хүйтэн шуурганд дагжин чичрэх мэт мөсөн шигшрэг шаригуулан сэрвэлзэн хөдлөх нь жихүүдэс хүрэм. Дөрвөн уулчин гэмтсэн нөхрөө онгоцны бүхээгт оруулж хөнжил гудсаар нь чигжин хөвөнгөөр ороохоос наахнуур хэр чинээгээрээ аятай тохитой суулгав. Энэ алгын чинээ хадан хавцгай дээрээс энэ тэмээлзгэнэ шиг жижигхэн онгоц хөөрч чадах уу, үгүй юу гэдгийг эдүгээ бурхан ч хэлж мэдэхгүй. Амь, нас тэнссэн ийм эгзэгтэй мөчид эзгүй хээр салан одож буй эр улс бие биендээ нулимсаа үзүүлэхгүйг хичээцгээн, нүүр нүдэндээ сүүдэр гуниг унагахаас болгоомжлон аян замдаа сайн явахыг ерөөн тэврэлдэн үнсэлдэв. Рэнчин, хоёр хүнээр онгоцныхоо сүүлний далбааг бариулаад бүхээгтээ орж хөдөлгүүрээ асаагаад эргэж харвал мөнөөх бэртсэн эр "Та там, диваажин хоёрын аль руу нь нисч очнов өөрөө мэд" гэх шиг хавдартай зовхиныхоо цаанаас гал нь унтарсан өрөвдөлтэй нүдээр ширтэн сууж байлаа. Нисэгч хаазаа бага багаар нэмж хөдөлгүүрийнхээ эргэлтийг дээд хурданд нь шилжүүллээ. Онгоцны мотор модны цахилгаан хөрөө адил чарлан ээрч их биенийхээ хамаг хадаасыг сугартал сэгсчих нь араас нь аргамжаар оосорлоод гадаслаж уясан ч тогтохын аргагүй болов. Тэр торгон агшинд Рэнчин тооромсог дээрээсээ хоёр хөлөө зэрэг авлаа. Онгоц огцом ухасхийн гүйж, хашлагнаас нясалсан шагайны сум адил хадан хавцгай дээрээс нисэхдээ өндрөө үл мэдэг алдан бага зэрэг намсхийснээ өвлийн царцанги хүйтэн агаарыг дуугаараа өрөмдөн алгуурхан босоод ирлээ. Морь уургалсан мэт жолоогоо хар чадлаараа ханатал татаж суудалдаа налан гэдийсэн Рэнчин нүдэндээ хурсан баярын халуун нулимсаа хальтхан арчих зуур "Энэ Оросын Як ёстой тэнгэртэй унаа шүү” гэж бахархан дуу алдаад эргэж харвал арынх нь бүхээгт суусан уулчин эр инээх, ярвайхын хооронд эрхий хуруугаа өргөв.
Эсэн мэнд агаарт хөөрсөн нисэгч уулчдын бааз дээгүүр хагас тойргоор нэгэнтээ эргэж дор гар даллан үдэж буй хүмүүсийн зүг далавчаа үл мэдэг хөдөлгөн баяртай хэмээн салах ёс гүйцэтгээд өндөр авлаа. Онгоцны өехий дор Алтай таван богдын салбар улс ханаран хошуурч, түүний цас маналзсан эрмэг цагаан салхи эрчлэн эргэлдэнэ.
Ай бурхан минь! Хөх тэнгэрийн зарлигаар Алтай ханы онгон сахиус биднийг өршөөн алган дээрээсээ миний Як-ийг нисгэв биш үү. Ёстой алтан хором. Миний энэ нислэг намайг хорвоогоос буцахын цагт толгой дээр минь босгох чулуу буюу. Амьдралдаа би анх удаа мянгаас нэг нь ч үл чадах жинхэнэ нисэгчийн ёсоор газраас гайхуулан тасарлаа. Энэ ертөнцөд, энэхэн цөөхөн насанд цорын ганц удаа тохиох давтагдашгүй юм гэж байдаг. Түүний нэг нь Алтай хад чулуутай, хар толгойгоороо мөрий тавьсан миний энэ сүүлчийн нислэг мөнөөсөө мөн. Одоо өвгөн миний даль жигүүр цуцлаа. Дахин би хэзээ эх газраасаа тасрахгүй. Хөрст бор дэлхийдээ амар жимэр ясаа тавих минь гэж бодтол Халхын голын тэнгэрт Японы гурван онгоц унагасны шагнал аль эрт мартагдсан шарх нь гэнэт ер бусын хүчтэй шархиран өвдөв. Энэхэн мөчид хянах самбарын шатахууны хэмжүүрийн жижигхэн улаан зүү сүүлчийнхээ хэдэн хар зураасны дээр унаж босон чичирхийлэн савлаж байлаа.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(77.37.225.98) 2020-09-16 04:55Хамт нисэж, миний зүрх шархирах шиг л боллоо.
Хариулах