
О.Батнайрамдал гэж Харвард төгссөн Монгол залуу 250 мянган долларын цалинтай ажлаа орхиод алсын Америкаас эх орондоо ажиллахаар зорьсон тухай мэдээ эерэг сөрөг олон хандлагын бай болж байна.
Гэвч хүмүүс түлхүү хувь хүнийг нь хэн болох тухмй ярих юм. Гэтэл үйл явдал нь бидэнд байхгүй зөв хандлагыг төлөвшүүлэхэд хэрэгтэй байж болох.
Саяхан би Германы ШУ-ны сэтгүүлээс нэгэн сонирхолтой нийтлэл уншсан юм. "Хятадын эдийн засгийн хөгжилд диаспора болон хуацяогийн үүрэг" гарчигтай тус нийтлэлийг та бүхэнд орчуулж өгье.
Хураангуй: Хэдэн зууны туршид олон тооны хятад үндэстэн эх орноо орхин дэлхийн өнцөг булан бүрт суурьшжээ. Гэсэн хэдий ч Хятадууд өөрсдийгөө "нэг гэр бүл" гэж үзсээр ирсэн. 1949 оны сүүл 1950-иад оны эхээр Мао Зэдуны коммунист дэглэм засгийн эрхэнд гарч, олон сая чинээлэг хүмүүс эх газрын Хятадыг орхин явж "дүрвэгсдийн" нэг хэсэг болсон байдаг Гэвч эдийн засгийн шинэчлэл эхэлснээр тэд шинэ Хятадад чөлөөтэй хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ ухаарч, улмаар эх орондоо маш их тус хүргэсэн байх бөгөөд үүний хариуд эх орон нь ч хариу барьжээ.
Сүүлийн таван зуун жилийн хугацаанд олон тооны хятад үндэстэн янз бүрийн шалтгаанаар эх орныхоо хилийг орхин гарч, дэлхийн өнцөг булан бүрт суурьшсан байдаг. Цагаачлалын явцад олон үе солигдсон ч ард түмний эх оронч сэтгэлгээ хадгалагдан үлдсэн нь юуны түрүүнд Хятадын уламжлалт үнэт зүйлсийг бэхжүүлж ирсэнтэй холбоотой.
Элэг нэгтнүүдийн дийлэнх нь эх орноо хэзээ ч мартдаггүй бөгөөд үргэлж аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөдөг. Зөвхөн хүсээд зогсохгүй маш их зүйлийг хийсэн, үргэлжлүүлэн хийсээр ч байна. Тухайлбал:
• улс орон, олон улсын байгууллагуудтай найрсаг харилцаа тогтоох, түүнийг урт хугацаанд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх;
• хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи Хятад руу татах, нэвтрүүлэх, удирдлагын туршлага, мэдлэгийг шилжүүлэх замаар Хятадын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх;
• Хятадын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, сурталчлах ажлыг эрчимжүүлэх зэргээр...
Шинэчлэлийг эхлүүлж, нээлттэй бодлого тунхагласны дараа БНХАУ-ын төрийн бүтэц болон хуацяо, хилийн чанад дахь Хятадын диаспора хоорондын харилцаа тоон болон чанарын өндөр түвшинд шилжсэн байдаг.
1. Хуацяо болон хилийн чанад дахь Хятадын диаспора
БНХАУ-ын эдийн засгийг хөгжүүлэхэд хуацяо болон хилийн чанад дахь диаспора гийн гүйцэтгэсэн үүргийг авч үзэхийн өмнө "хуацяо", "хилийн чанад дахь диаспора" гэсэн ойлголтуудын албан ёсны тодорхойлолтыг мэдэж, хуацяо гийн талаарх төрийн бодлоготой танилцах хэрэгтэй.
1.1. "Хуацяо" ба холбогдох нэр томъёоны тодорхойлолт
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хуацяогийн хэрэг эрхлэх газар "Эх орондоо буцаж ирсэн цагаачид болон гадаадад байгаа эх орон нэгтнүүдийн төрөл төрөгсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах тухай" хуульд Хуацяо" ба холбогдох нэр томъёоны тодорхойлолтыг дараах байдлаар тусгасан байна.
• хуацяо - Гадаад улсад амьдарч байгаа, амьдран суугаа улс орондоо оршин суух зөвшөөрөлтэй БНХАУ-ын иргэд;
• Хилийн чанад дахь Хятадын диаспора - Өөр улсын иргэншил авсан хуацяо асан, тэдний үр удам.
1.2. Хуацяо үүсэх механизм ба хилийн чанад дахь Хятадын диаспора гийн бүтэц.
Дэлхийн 2-р дайны дараа Зүүн өмнөд Азийн орнууд цагаачдыг уусгах бодлого баримталж, үүний үр дүнд хуацяочууд оршин суугаа улсынхаа иргэншлийг хүлээн авчээ. Үр дүнд нь Хятадын хамгийн том гадаад диаспора бий болсон байна.
БНХАУ-д эдийн засгийн шинэчлэл хийж, нээлттэй бодлого зарласны дараа гадаадад гарах хятадуудын тоо эрс нэмэгджээ. Цагаачлалын гол шалтгаанууд нь ажил хайх, бизнесээ өргөжүүлэх, боловсрол эзэмших явдал байв.
Дэлхийн Хятадын бизнес эрхлэгчдийн 7-р хурлын мэдээгээр, Хятадын хилийн чанад дахь диаспора гийн тоо 41 сая 600 мянган хүн, үүний дотор Зүүн өмнөд Азийн арван улсад 32 сая 470 мянган хүн (нийт 79%), бол АНУ-д 3 сая гаруй хүн буюу (7%) нь амьдардаг гэжээ.
1.2.1. Зүүн өмнөд Ази дахь Хятадын диаспора.
Юуны өмнө бид Зүүн өмнөд Ази дахь Хятадын диаспора гийн 70 хувь нь амьдардаг Индонез, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг орны тухай ярьж байна. Тодруулбал, Индонезид хятадууд хүн амын 2.8 хувийг эзэлдэг ч хувийн хөрөнгийн 75 орчим хувийг хянадаг; Тайландад Хятадын цөөнх (хүн амын 10%) нь хувийн хөрөнгийн 60% -ийг эзэмшдэг бөгөөд үндэсний эдийн засгийн гол хөрөнгө оруулагч (нийт хөрөнгө оруулалтын 90%); Сингапурт хятад үндэстэн давамгайлж (77%), хуацяо гийн аж ахуйн нэгжүүд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 30 хувийг үйлдвэрлэдэг. Филиппинд хятадууд (хүн амын 1.5%) тус улсын нийт хөрөнгийн 45 хувийг эзэмшдэг. Малайзад хятадууд (хүн амын 32.1%) нийт хөрөнгийн 70 хувийг эзэмшдэг.
АНУ-ын хүн амын тооллогын мэдээгээр, сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад байгаа Хятад цагаачдын тоо 50%-иар өсч, 2 сая 880 мянган хүнд хүрчээ. АНУ-д бүртгэлтэй хуацяо эзэмшдэг аж ахуйн нэгжийн тоо 252,6 мянга; АНУ дахь Хятадын диаспора гийн арван төлөөлөгч бүрийн нэг нь бизнес эрхлэгч байдаг аж.
2. Хятадын эдийн засгийн хөгжилд диаспора, хуацяогийн гүйцэтгэх үүрэг
Дэн Сяопиний хэлснээр, "Хятад улс хурдацтай хөгжих боломж хомс байсан ч олон арван сая эх оронч элэг нэгтнүүдтэй гэдгээрээ дэлхийн бусад орноос ялгарч байв".
Эх газрын Хятад болон гадаадын диаспора хоорондын харилцаа хэрхэн тогтсон бэ? Эдгээр харилцааны үзэл суртлын үндэс нь Дэн Сяопиний эрх мэдэлд суурилсан гэвэл хэтрүүлсэн болохгүй.
2000 онд түүний гадаад дахь хятадуудын тухай ном БНХАУ-д хэвлэгджээ. Дэн Сяопиний хэлснээр, Хятадын иргэншилтэй цагаачид бол түүхэн эрхэм зорилго бүхий цорын ганц агуу Хятад үндэстний нэг хэсэг юм. “Эх газар, Тайвань, Хонконг, Макао, түүнчлэн хилийн чанад дахь хуацяод багтах эх орон нэгтнүүд бүгд Хятад үндэстний үр хойч, ач зээ нар юм. Бид хамтдаа тэмцэж, эх орноо нэгтгэж, улс үндэстнээ цэцэглэн хөгжүүлэхийн төлөө хичээх ёстой." гэж Дэн Сяопин номондоо бичсэн байна.
2.1. Хуацяо ба Хятадын хилийн чанад дахь диаспора-гийн сэтгэлгээ.
Хуацяо болон хилийн чанад дахь Хятадын диаспора олон үнэт чанаруудтай. ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга асан Ли Жуйхуань хуацяогийн гол чанаруудыг тодорхойлсон байдаг.
• урт хугацааны үр дүнд хүрэхийн тулд шаргуу ажиллах чадвар;
• оршин суугаа улсын хууль, ёс заншлыг дагаж мөрдөх;
• эх орончдын эв нэгдэл, харилцан дэмжлэг;
• үндэс угсаагаа санах;
• Хятад улсын хөгжил цэцэглэлтийг дэмжих
2.2. Хуацяо болон Хятадын эдийн засгийн харилцаа.
Үүнийг өнгөрсөн зууны эхэн үеэс харж болно. Нийгэм, эдийн засгийн байдал төдийгүй хууль шүүхийн системийн хоцрогдол зэрэг нь Чин Хятадыг гүн гүнзгий шинэчлэхэд чиглэсэн хуацаогийн объектив сонирхлыг өдөөж байсан.
Хуацяо нар Шинхайн хувьсгалыг талархан хүлээн авч, хувь хүний оролцоогоор зогсохгүй эд материалаар дэмжсэн.
Хятад эдийн засгийн шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжиж эхэлснээс хойш хуацао болон хилийн чанад дахь Хятадын диаспоратай эдийн засгийн харилцаа, ялангуяа хөрөнгө татах чиглэлээр чанарын шинэ түвшинд шилжсэн.
2.3. Орчин үеийн Хятадын болон хуацяогийн харилцаа. Анх 1980 онд гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулагдаж, Хятад руу хөрөнгө татах ажил хоёр үе шаттайгаар явагдсан.
Арав орчим жил үргэлжилсэн эхний үе шат нь шинэчлэлийн өмнөх үеийн үзэл суртлын хүнд ачааг үүрч, үзэл суртлын шалтгаанаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг сонгох тухай ширүүн хэлэлцүүлгийн дунд өрнөж байснаараа онцлог юм.
Энэ үе шатанд Хуацаогийн төв болсон Хонконг, Макао, Тайвань зэрэг бүс нутгаас эх орон нэгтнүүдээ татсан. Түүгээр ч зогсохгүй хөрөнгө оруулалтыг Хуацяогийн түүхэн дүрвэсэн бүс нутаг болох Жецзян, Фуцзян, Гуандун зэрэг газруудад төвлөрүүлжээ. Ийм учраас зүүн өмнөд бүс нутаг, тэр дундаа Гуандун хотын эдийн засгийн хөгжлийн түвшин улсын дунджаас хурдан давсан байна.
Хоёр дахь шатанд Үндэстэн дамнасан корпораци нь хөрөнгө оруулалтын гол бүтэц болсон. “Нэг цус” хүчин зүйл дээр суурилсан эдийн засгийн харилцаа нь" эдийн засгийн ашиг сонирхол" тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг харилцан ашигтай симбиоз болж хөгжсөн.
Азийн санхүүгийн хямралаас өмнө Хятад дахь хуацяо болон диаспора гийн хөрөнгө оруулалт хурдацтай өссөн. 1979-1994 онуудад Хуацао болон хилийн чанад дахь Хятадын диаспорагийн хөрөнгө оруулалтын хэмжээ 4.8 тэрбум доллар, өөрөөр хэлбэл гадаадын нийт хөрөнгө оруулалтын 5.04%-ийг эзэлж байв. 1995-1999 он хооронд зөвхөн Зүүн өмнөд Ази дахь хуацяо болон диаспораас БНХАУ-д ирсэн хөрөнгө оруулалт 2.62 тэрбум доллараас 3.29 тэрбум доллар болж нэмэгджээ.
Дүгнэлт. Хятад улс шинэчлэлийн замд ороход түүний гол түнш, хөрөнгө оруулагч нь хуацао болон хилийн чанад дахь Хятадын диаспора болсон юм. Тэд өвөг дээдсийнхээ улс оронд АНУ, Баруун Европ, Японыг нийлүүлснээс ч илүү их хөрөнгө оруулалт хийсэн. 2005 оны эцэс хүртэл Хятадад 550 мянган гадаадын аж ахуйн нэгж байгуулагдсаны 70 хувь нь хуацао болон хилийн чанад дахь Хятадын диаспора гийн хөрөнгө оруулалтаар бий болсон байна. Мөн хугацаанд Хятадад гадаадын бодит хөрөнгө орууалтын хэмжээ 670 тэрбум долларт хүрсний 60 хувийг мөн тэд бүрдүүлсэн байна.
Нийтлэлээс олж харах бидэнд байхгүй хандлага
1,4 тэрбум хүн амтай Хятад улсад хүн илүүдэхгүй байна. Тэд гадаад улсад амьдарч байгаа хийгээд гадаад улсын иргэншил авсан Хятад иргэд хийгээд үр удмыг “нэг гэр бүл” гэж үзэн, төрийн бодлогоор зангидаж байна. Энэ нь хөгжил цэцэглэлтийн нэгэн тулгуур болж, БНХАУ -ыг дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болгож байгаа нь баримт юм.
Харин 3 сая хүн амтай Монгол улсад хүн илүүдээд байгаа мэт. Гадаад улсад ажилаж, амьдарч байгаа хэсэг нь “харийн боол” зэрэг нэр шошготой, гадаад улсын иргэншил авсан хэсэг нь урвагч гэгдэж хараал зүхлийн бай болдог. Монголыг ядаж л үзэл санааны хувьд “нэг гэр бүл” болгон зангидах дорвитой төрий бодлого ч алга. Монгол “нэг гэр бүл” болох үедээ их гүрэн байгуулсан. Өнөө ад үзэгдсэн ч Монголын диаспора бол хүчирхэг Монголыг бүтээх нэгэн тулгуур юм.
Монголчууд бид Монголоо өөрийн адил хайрлаж, Монголоо гэр бүлийн адил хайрлаж сураагүй нь бидэнд байхгүй хандлага гэж бодогдлоо.
Э.Сарнай
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.