Цэнхэр дэлгэцийг минь цэвэр байлга

Twitter Print
2014 оны 12-р сар 12-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

МҮОНРТ-д захирлуудын халаа сэлгээ эхэлсэн гэнэ. Хов мундсан биш. Яагаад энэ сэдвийг бид анхаарах ёстой вэ. Энэ байгууллага бол төрөөс санхүүжилт авдаг цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Хариуд нь төрийн мэдээллийг иргэдэд үнэн бодитой, шуурхай хүргэх үүрэг хүлээдэг. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг болохоор хяналт байх нь зүй. Энэ хяналтыг гүйцэтгэдэг Үндэсний зөвлөл гэж бий. Энэ зөвлөл МҮОНРТ-ийн бодлого, бүтэц зохион байгуулалтыг зөв боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна төрөөс баримталж байгаа бодлоготой уялдуулах, хянах чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж ойлгогддог. Бага зэрэг явцуу харвал одоогийн захирал М.Наранбаатар, түүний багийн удирдлагыг хэм хэмжээтэй байлгаж хяналт тавьдаг эрх бүхий төрийн төлөөлөл гэж болно. Гэвч амьдрал дээр хараад байхад М.Наранбаатар захиралдаа базуулчихсан ч юм шиг харагдана.

Ер нь МҮОНРТ-д хаан ор суусан мэт ээлжгүй засаглах энэ хүнийг хашиж хязгаарлах эр зориг, ухамсар Үндэсний зөвлөлд нь байгаа эсэх нь эргэлзээтэй. Жил тойроход телевизийнхээ хоёр захирлыг таалал гажин халж явуулсан захирлынхаа талд Үндэсний зөвлөл нь 100 хувь зогсч байна гэж бодогдохоор байна. Байгууллагын дотоод асуудалд оролцох гэсэнгүй. Үндэсний телевизийг үздэг, татвар төлдөг мянга мянган иргэний нэг нь тул бодлоо хэлж байна. М.Наранбаатар даргын хувьд өнгөрсөн жилүүдэд үндэсний зөвлөлөө хөдөлгөөд сурчихсан мэт харагддаг. Түүний хоёрдахь бүрэн эрхийн хугацаа 2012 оны 10 дугаар сарын эхээр дуусах байсан. Гэтэл өмнө нь наймдугаар сард нь Үндэсний зөвлөлийн шинэ  бүрэлдэхүүн ажилдаа орохоос өмнө хуучин гишүүд нь амжин хуралдаж захирлыгаа улираан томилсон тогтоол гаргаад замаа хөөцгөөсөн тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Ингэснээр М.Наранбаатар захирал гурав дахь удаагаа МҮОНРТ-ийн захирлаар улиран сонгогдож нийт есөн жилийн турш тус газрыг даргалах түүхэн замаа нээсэн байдаг. Радио телевиздээ бол Оросын Путин шахуу болчихсон хүн гэж хэлж болохоор. Бүрэн эрх нь дуусгавар болсон Үндэсний зөвлөлийн гишүүдийн хийсэн тэрхүү томилгоо хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй гэж мэдээлэгдэж байсан ч шинэ зөвлөлийн гишүүдтэй хурдан ам хэлээ ололцсон бололтой, асуудал тэгсгээд дарагдсан.

Хуучин Зөвлөлийн бүрэлдэхүүн нь 2012 онд өөрчлөгдөхөөсөө өмнө амжин хуучин захирлыгаа дахин улируулан томилсон нь улс төрийн зорилготой гэсэн хардлагыг төрүүлж байлаа. Энэ бүхнээс харахад Үндэсний гэх сүржин нэртэй зөвлөл нь хяналт тавих хүнийхээ хараанд өөрсдөө орчихсон юм байна гэж дүгнэж болохоор.  Хэтрүүлэн харсан бол хүлцэл өчье. Энэ зөвлөлийн үйл ажиллагааны талаар ил тод мэдээлэл, шийдвэр гаргасан хурлын тэмлэглэлийг нь олж харж чадахгүй тул мэдээлэл хомс байна. Гэхдээ энд М.Наранбаатар захирлын сайн муу удирдагч гэдэг тухай бус хяналтын ямар ч нөлөөлөлгүй болж доошоо орсон Үндэсний зөвлөлийн тухай бодлоо хуваалцаж байна.

МҮОНРТ бол төрөөс санхүүжилт авдаг цорын ганц хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг дахин хэлье. Тийм учраас бүх төрлийн мэдээллийг иргэдэд үнэн бодитой, шуурхай хүргэх үүрэг хүлээдэг. Хэн нэгэн нэр дэвшин Үндэсний зөвлөлд багтсанаар Үндэсний радио телевизийн бодлого, бүтэц зохион байгуулалтыг зөв боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна төрөөс баримталж байгаа бодлоготой уялдуулах чиг үүргийг барьж төрийг төлөөлж хянаж ажиллах үүрэг хүлээдэг. Үүнийхээ төлөө цалин урамшуулал авдаг байх. Товчдоо зөвлөлийн гишүүд хэн нэгэн захирал эсвэл МҮОНРТ-ийн удирдлага нь хууль бус ажиллаж байвал түүнийг зогсоох, цаашилбал, үнэн бодитой мэдээллийг иргэдэд хүргэх, нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад гол бодлогоо чиглүүлж ажиллах үүрэгтэй гэж ойлгогдоно.  МҮОНРТ-ийн гэсэн тодотголтой бие даасан тусгай хууль хүртэл баталж мөрдүүлсэн. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргийг хүлээсэн ганц зөвлөл нь үүргээ умартвал М.Наранбаатар захирал олон нийтийн болоод төрийн хяналтаас сугараад гарчихаж байгаа хэрэг. Байгууллага толгойлж төсөв мөнгө барьж байгаа хүн сайн муу хэлэгдэж, элдэв хардлага, хэл аманд утуулна. Үүнд эмзэглэх хэрэггүй юм. Тэр тусмаа 9 жил нэг албанд тухалсан хүнд туршлага бас хоцрогдол, аливаа шүүмжлэлд эгдүүцэн хандах амбиц байх нь дамжиггүй. Гэхдээ олон нийтийн радио телевиз гэдэг онцгой статустай байгууллагыг нэг нь толгойлж нөгөө нь хяналт тавьж байгаагаа умартан найзан дундаа явж болохгүй юм.

Бид дарга цэрэг, жирийн иргэн хэн байлаа ч гэртээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө үзэгч л байдаг. Тийм болохоор олон нийтийн өмч энэ байгууллагын гэрэл сүүдэр гэрийн минь хойморт, үр хүүхдийн минь оюун санаанд тусч л байх юм. Үндэсний гэх телевизээрээ холливуудын хулгайн кино үзсээр л суудагтаа бид хэдийн эвлэрсэн байгаа. Хууль зөрчин реклам цацдагийг нь харж байвч төсвийнх юм даа гэж уучилж л суудаг. Өв соёл, түүхийн сайхан нэвтрүүлэг “ганган” кинонд мөнгө хаяхгүй хэрнээ хаа нэгтээ орон сууц барьж, бетонон хашаа барихад хөрөнгө хаяад байгааг нь харин ойлгож төвдөхгүй явдаг. Хариу тайлбарынх нь учирыг нь ч олохгүй бид. Харин нүдний өмнө харагдаж байгаа Үндэсний телевизийнхээ хоцрогдлын буруутнаар уран бүтээлчдийг нь бус энэ байгууллагад 9 жил хаан суусан М.Наранбаатар захирлыг л нэрлэнэ. Телевизийн саарал байшинд болж байгаа алдаа гажуудлыг өнөөх Үндэсний зөвлөл бидний өмнөөс харж хянаж байгаа гэж олон нийт боддог. Гэхдээ үгүй бололтой юм.

Үүнийг өгүүлэх учир нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн орон тооны бус гишүүдийн заримынх нь ажиллах хугацаа дуусгавар болсон бөгөөд сонгон шалгаруулалт эхлээд байгаа юм байна. Үүний цаана одоогийн захирлын бүрэн эрхийн хугацаа яригдах биз. Сэмхэн зарлагдсан Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх “комби” яаж явагдаж байгаа талаар мэдээлэл олон нийтэд алга. Урьдын байсан зөвлөлийн жишгээр ирээдүйд ажил үүргийг нь хянах ёстой захирлынхаа аманд унаж нэр дэвшицгээж яваа ч юм уу, бүү мэд. Ямартай үндэсний зөвлөлд сул гараад байгаа долоон орон тооны нэг нь Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх салбар байгаа бол дөрөв нь УИХ, хоёр нь Засгийн газарт хамаарч байгаа гэнэ. Нэгэнт Үндэсний зөвлөл нь бүхлээрээ шинэчлэгдэхгүй болохоор хуучин захирал М.Наранбаатар улиран сонгогдож хэдэн жилдээ радио телевиздээ “Путиндэх” байх гэсэн явган яриа сонсогдож л байна. Их дээгүүр яригдаж батламжлагдаад доошоо орж захиралдаа базуулчихдаг Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн нөхөн томилгооны шалгаруулалт эхэлсэн талаар өгүүлэхэд ийм байна.

Зурагт гэрийн хойморт залраад 46 жил болжээ. Бид дарга цэрэг хэн байлаа ч гэртээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө суухдаа үзэгч л байдаг. Монголын үндэсний телевизийн хоймроос цацах киноноос Ромын гладиаторуудын илдэний харшилдаан бус Монголын минь бахархал, зоригт баатруудын уухай хадаж зүрх огшоож байх учиртай. Энэ телевизийн эфирээс дэлхийд ганцхан Монголын аугаа их өв соёл, түүхийн гайхамшиг нь бидэнд мэдрэгдэж, цаашлаад дэлхийд танигдаж байх ёстой. Хөгжлийн хурдац, мэдээллийн их урсгалын нөлөөг мэдэрч  монгол язгуурын гайхамшгийг сурталчлан үзүүлдэг, үндэсний зан заншил, өв соёлын их сантай, эрдэмтэн мэргэд, уран бүтээлчдийн их чуулгантай, улс төржилтгүй цэв цэнхэр өнгөөрөө байх ганц дэлгэц нь Монголын үндэсний телевиз байх ёстой юм. Тийм болохоор цэнхэр дэлгэцийг минь “цэвэр” байлгаарай.

Тоймч Пүрэвжавын Баярхүү

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.