
Pfizer/BioNTech компанийн хамтран гаргасан коронавирусын эсрэг вакцины нэмэлт тун коронавирусын шинэ хувилбар Омикрон вирусээс үр дүнтэй хамгаалж байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Pfizer компанийн коронавирусын эсрэг вакцины гурван тун тус вакцины хоёр тун коронавирусын бусад хувилбараас хамгаалдагтай адил Омикрон вирусээс хамгаалдаг гэжээ.
Өмнө нь ДЭМБ-аас одоо хийгдэж буй коронавирусын эсрэг вакцинууд нь Омикрон вирусын халдвар хүндрэхээс сэргийлж чадна хэмээн мэдэгдсэн билээ.
Олон улсын эрдэмтэд Омикрон вирусын талаар олсон мэдээллүүдээ нэгтгэсээр байна. Одоогийн байдлаар Омикрон нь коронавирусын хамгийн олон мутацитай хувилбар болох нь тодорхой болоод байгаа билээ.
Өнгөрсөн лхагва гарагт Pfizer компанийн Гүйцэтгэх захирал Альберт Бурла Pfizer компанийн вакцины нэмэлт тун Омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй хамгаалж, коронавирусын тархалтаас сэргийлж чадна хэмээн мэдэгдсэн юм.
Нөгөөтэйгүүр энэ нь урьдчилсан үр дүн бөгөөд яг баттай хэлэхийн тулд дахин нэмэлт судалгаа шинжилгээ шаардлагатай гэдгийг онцолж байна.
Тэрчлэн Pfizer компани Омикрон хувилбарын эсрэг вакцин тусдаа гаргахаар ажиллаж байгаа ба уг вакцин нь 100 өдрийн дотор бэлэн болох аж.
Pfizer/BioNTech компаниуд болон Өмнөд Африкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар коронавирусын эсрэг вакцинууд нь Омикрон хувилбарын эсрэг цөөн тооны эсрэг бие үүсгэж байгаа нь тогтоогдсон билээ. Гэхдээ Pfizer компани вакциных нь 3 дахь тунг эсрэг биеийн тоог нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.