Охинтойгоо сарын тэмдгийн талаар хэрхэн ярилцах вэ?

Twitter Print
2020 оны 06-р сар 30-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Хүүхдүүд нүд ирмэхийн зуур л өсөж том болдог. Та тэднийгээ үргэлж өхөөрдөм, бага балчир байгаагаар нь харахыг хүсдэг ч бие мах бодь нь өдөр ирэх тусам өөрчлөгдсөөр байдаг. Энэ удаа бага болон өсвөр насны охидтой ээжүүд төдийгүй ирээдүйд охинтой болох бүх эхчүүдэд зориулсан бөгөөд хэрхэн охинтойгоо хэцүү сэдвийн тухай нээлттэй ярилцах талаар зөвлөж байна.

Хэдэн насанд нь сарын тэмдгийн тухай ярилцах нь тохиромжтой вэ?

Охидод 9-12 насанд бэлгийн бойжилт эхэлдэг бөгөөд 2-оос 2.5 жилийн дараа анхны сарын тэмдэг нь ирэх бөгөөд үүнийг менархе гэж нэрлэдэг. Менархе гэдэг нь хэрэв бэлгийн харьцаанд орвол жирэмслэх боломжтой гэсэн үг юм. Энэ сэдвээр ярилцахын тулд заавал сарын тэмдэг ирэхийг нь хүлээх шаардлагагүй. Анхны сарын тэмдгийн талаар ээж нь охинтойгоо ярилцаагүй үед мэдлэг ойлголт дутуугаас үүдэн айж сандрах, бусдаас буруу мэдээлэл авах гэх мэт олон сөрөг үр дагавар гарч болзошгүй тул та аль болох эрт илэн далангүй ярилцаж зөвлөөрэй.

Сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?

Өсвөр насны охидод анхны сарын тэмдэг ирсний дараа эхний 1-2 жилд мөчлөг тогтворгүй байж болно. Энэ үед охидод сарын тэмдгийн мөчлөг 21-45 хоног байх нь хэвийн бөгөөд 3-7 хоногоор үргэлжлэх нь элбэг. Сарын тэмдгийн мөчлөгийн талаар охиндоо тайлбарласнаар эрүүл мэндийн үзүүлэлтээ хянахад нь тусална.

Сэтгэл зүйгээр дэмжих

Анхны сарын тэмдэг ирж буй үед охидод айх, ичих, санаа зовох, цочрол төрүүлэх нь элбэг тухай дээр дурдсан билээ. Иймд охиндоо энэ бол жирийн нэг физиологийн үйл явц бөгөөд өсөж том буй болж бүх эмэгтэйчүүдэд тохиолддог хэвийн үзэгдэл гэдгийг тайлбарлан ойлгуулаарай.

Мөн сарын тэмдэг ирсэн үед витаминаар баяжуулсан хоол унд идүүлэн, аль болох ойр дотно байхыг хичээгээрэй. Хүүхэд байхдаа бас л адилхан энэ бүхнийг туулж өнгөрүүлсэн тул түүнийг хамгийн сайн ойлгох дотны хүн нь та шүү дээ.

Ариун цэврийн хэрэглэлийн сонголт

Дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй олон төрлийн ариун цэврийн хэрэглэлээс хэрхэн зөвийг нь сонгох вэ гэдэг нь хүүхдүүдэд төдийгүй бидэнд ч төвөгтэй байдаг. Хөвөн зөөлөн гадаргуу болон ариун цэврийн хэрэглэлийн тэмдэг, тэмдэглэгээнүүд, хэрхэн өөртөө тохирсон зөв ариун цэврийн хэрэглэл сонгох талаар зөвлөөрөй.

Ариун цэврийн хэрэглэл нь ихэнхдээ дараах хэдэн давхаргаас бүрдэнэ.

Өнгөн

Шингээгч

Гадна давхарга.

Эдгээр давхаргууд нь тэнцвэртэй байвал хамгийн сайн. Өнгөн давхарга нь хөвөн даавуу байвал хамгийн сайн, шингэнийг амархан шингээдэг бөгөөд чийг татаж тухгүй санагдахгүй. Шингээгч нь агаар нэвтэрдэг тусгай зориулалтын ус шингээгч материалтай байх шаардлагатай. Гадна давхарга нь заавал агаар нэвтэрдэг материалаар хийсэн байх хэрэгтэй.

Ариун цэвэрч байдлыг эрхэмлэх

Анхны сарын тэмдэг нь ирж буй охид ариун цэврийн хэрэглэлийг хэрхэн зөв хэрэглэх мэдээлэл дутмагаас болоод бохирдол оруулах, харшилтай болох, халдвар авах эрсдэл байдаг. Тиймээс охиндоо хэрхэн хэрэглэхийг заавал тайлбарлаж үзүүлж, зааж өгөөрэй. Мөн цүнхэнд нь ариун цэврийн хэрэглэлийг зориулалтын саванд хийж өгч явуулахаа мартуузай.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.