
17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдлээ
2009 он Монголын спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн. Тус онд манай улсын анхны жүдо, боксын дэлхийн аварга тамирчин төрсөн. Италийн Милан хотод сонирхогчдын боксын дэлхийн аваргын тэмцээн болоход Монголын ширэн бээлийтнүүд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн юм. Бээжингийн Олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба Миланы рингэнд 48 кг-д тулалдахдаа хагас шигшээд БНХАУ-ын Ли Жихаог 11:7, финалд ОХУ-ын Д.Аяраптянг 10:5-ын харьцаатай хожиж, алтан медаль хүртэхэд манай хэвлэлүүд “П.Сэрдамба Чингисээс хойш Орос, Хятадыг дараалан зодсон анхны Монгол хүн боллоо” гэж бичиж байсан. Мөн залуу боксчин Н.Төгсцогт мөнгө, боксын спортын төлөө бүхий л амьдралаа зориулсан У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын анхны хүрэл медалиа энгэртээ зүүсэн.
Н.Төгсцогт 1992 оны зургаадугаар сарын 23-нд төржээ. “Алдар” спорт хорооны А.Гантулга багш анхны дасгалжуулагч байв. Харин 2009 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэсний дараа Орхон аймгийн “Хангарьд” спорт хороонд шилжсэн юм. 2009 оны хавар БНХАУ-ын Жунхай хотод Азийн аваргын тэмцээн болоход Н.Төгсцогт хүрэл медаль авсан. Хүрэл медальтай галт тэрэгний буудал дээр ирэхэд гэр бүлийнхнээс нь өөр хүн угтаж аваагүй гэж хожим ярьж байсан. Харин намар нь дэлхийн аваргын мөнгөн медальтай эх оронд нь ирэхэд Монголын ард түмэн 17 настай хүүгээ баяртайгаар угтаж авсан. Үнэхээр ч Миланы рингэнд дэлхийн хүчтэнүүдийг өмнөө сөхрүүлсэн Н.Төгсцогтын тухай олон улсын хэвлэлүүд бичихдээ “17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдлээ” гэж онцолж байв.
Таван жилийн өмнөх намрыг эргээд дурсахад. Бээжингийн Олимпийн дараах дэлхийн аваргын тэмцээн Миланд болсон. Тухайн үед 51 кг-д хожим нь дэлхийн хошой алт, Олимпийн хүрэл авч, Европын аварга болсон ОХУ-ын М.Алоян, Дэлхийн аваргын алт, Пан Америкийн наадмын алтан медальт Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояа, Бээжингийн Олимпийн хүрэл медальт Кубын Я.Эрнандес, Олимп, дэлхий, Европын аваргын хүрэл медальт Италийн В.Пикарди, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, 2010 оны Азийн наадмын хүрэл медальт Тайландын А.Руенренг нар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ жинд Монголын Н.Төгсцогт өмнө нь хамгийн даруухан амжилтыг үзүүлсэн тамирчдын нэг байсан.
Тэмцээн эхлэхэд Н.Төгсцогт эхний тойрогт Энэтхэгийн С.Маенгбамыг , хоёрдугаар тойрогт Словакийн П.Сенкуг, гуравт Ирландын Г.Декланг, шөвгийн наймд эзэн орны буюу Италийн В.Пикардиг 12:7-гийн харьцаатай хожсон. Үүний дараа хагас шигшээд ОХУ-ын М.Алоянтай хүнд ширүүн, хүч тэнцүү тоглолтыг үзүүлж, 8:7-гоор буюу ганцхан онооны илүүтэй ялалт байгуулсан. 17 насандаа дэлхийн аваргын шигшээд үлдсэн манай тамирчин Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояад алтан медалийн төлөөх тулаанд 18:2-ын харьцаатай ялагдсан. Хэдийгээр тооны харьцаа хол зөрүүтэй байсан ч олон улсын тайлбарлагчид “Монголын Н.Төгсцогт гэдэг 17 настай тамирчин хүч тэнцүү тоглолтыг үзүүллээ. Энэ боксчин дараагийн тэмцээнүүдэд илүү туршлагатай болоод ирэхэд ямар ч тамирчин зогсооход хэцүү болно” гэж дамжуулж байлаа.
Энэ магтаал хоосон байсангүй. Дэлхийн шилдэг боксчдын эгнээнд багтсан Н.Төгсцогт 2012 оны Лондонгийн зуны Олимпийн их наадмаас мөнгөн медаль хүртсэн. ХХХ дахь удаагийн зуны Олимпийн боксын 52 кг-д манай тамирчин эхний тойрогт Азербайжаны Э.Мамишзадаг 18:11-ээр, хоёрдугаар тойрогт Миланы рингэнд хожиж байсан Италийн В.Пикардиг 17:16-гаар, шөвгийн наймд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Ж.Латиповыг 15:10-аар хожсон. Харин мөнгөн медалийн төлөөх тулаанд 2009 онд хожиж байсан ОХУ-ын М.Алоянг 15:11-ээр ялсан. Хамгийн хариуцлагатай даваа Олимпийн алтан медалийн төлөө Пан Америкийн аварга Кубын Р.Рамирест 17:14-өөр ялагдсан түүхтэй.
Дэлхийн боксын спортын нэгэн од болон гарч ирсэн Н.Төгсцогт энэ намар БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадмын шөвгийн наймд шалгарсан. Манай тамирчин Азийн наадмаас медаль авах зорилготой очсон ч эзэн орны тамирчин саад болсон. Хэдийгээр тоглолт Н.Төгсцогтын давамгайлалаар өндөрлөсөн ч шүүгч нутгийн тамирчинд ялалтыг өгсөн. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн нь шүүгчийн шийдвэр хэвээр үлдэж, манай тамирчин медальгүй үлдсэн аж. Олимп, дэлхийн рингэнд өөрийн нударгыг мэдрүүлсэн Н.Төгсцогт гавъяатдаа 2016 оны зуны Олимпийн их наадам, 2019 оны Азийн наадмын аварга болохыг Монгол түмнийхээ өмнөөс хүсэн ерөөе.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505