
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний зарлигын дагуу авлигын хэргээр хорих ял эдэлж байсан Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өршөөлийн хуулиар суллажээ.
69 настай Пак Гын Хэг 2017 онд албан тушаалаас нь огцруулж, 2018 онд эрх мэдлээ урвуулан ашигласан, дарамт шахалт үзүүлсэн хэргээр ял оноосон билээ.
Энэ онд л гэхэд Пак Гын Хэ мөр болон нурууны архаг өвдөлтөөсөө болж 3 удаа эмнэлэгт хэвтсэн ба Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Мүн Жэ Ин шинэ жилийн баярын өмнөх өршөөлийн хуульдаа Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг эрүүл мэндийнх нь шалтгааны улмаас багтаажээ.
2018 онд Пак Гын Хэд авлигын хэрэгт холбогдсон, дарамт шахалт үзүүлсэн зэрэг 18 зүйл заалтаар буруутгаж байсан ба шүүхээс түүнийг тэдгээр 18 зүйл заалтын 16-д нь буруутай гэж үзсэн юм. Шүүх Пак Гын Хэг найзтайгаа нийлж Самсунг, Лотте зэрэг БНСУ-ын урдаа барьдаг томоохон компаниудыг дарамталж, олон сая долларын авлигыг хандивын мөнгө нэрээр авсан болохыг тогтоосон билээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг улсын нууцыг найздаа задруулсан хэрэгт буруутай гэж үзсэн юм. Шүүх ажиллагааны үеэр Пак Гын Хэ буруугаа хүлээгээгүй билээ. Шүүхээс түүнд анх 30 жилийн хорих ял, 20 тэрбум воны торгууль ноогдуулсан ч Дээд шүүх торгуулийн хэмжээг багасгаж, хорих ялыг 15 жил болгож бууруулсан юм.
Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн асуудал БНСУ-д олон тооны жагсаал цуглаан зохион байгуулагдахад хүргэсэн ба иргэд тухайн үед Пак Гын Хэг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байлаа.
Түүнчлэн Пак Гын Хэгийн хэрэг БНСУ-ын улс төрчид болон БНСУ-ын томоохон компаниуд хоорондын далд харилцааг ил болгосон юм.
Мөн Пак Гын Хэгийн хэрэг улс төрийн салбар дахь авлига, хээл хахуулийг таслан зогсоохыг амласан, либерал үзэлтэй Мүн Жэ Ин сонгогдох бас нэг шалтгаан болсон ч гэж үздэг.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.