АНУ: Украинд 2 тэрбум гаруй ам. долларын зэр зэвсэг илгээхээр бэлтгэж байна

Twitter Print
2023 оны 02-р сар 01-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

АНУ Киевт 2 тэрбум гаруй ам. долларын үнэ бүхий зэр зэвсэг илгээхээр бэлтгэж буй тухай албаны хүмүүс Ройтерс агентлагт мэдээлжээ.

Энэ тухай Вашингтон албан ёсоор энэ долоо хоногт мэдээлэх төлөвтэй байгаа ба Вашингтоны илгээх зэр зэвсгийн дотор алсын зайн пуужин, Пэтриот агаарын хамгаалалтын системийн сэлбэг, байг өндөр нарийвчлалтай онох зориулалттай зэвсэг, танк устгах Жавелин систем зэрэг багтаж байгаа тухай Ройтерс мэдээлж байна.

Албаны хүмүүсийн Ройтерсд мэдээлснээр дээрх зэр зэвсгийн тусламжийн зардлын 1.725 тэрбум ам. доллар нь Украины Аюулгүй Байдалд Дэмжлэг Үзүүлэх Санаачлага нэртэй сангаас гарч байгаа учраас Ерөнхийлөгч Ж. Байдены засгийн газарт Украинд илгээх зэр зэвсгийг хувийн хэвшлийнхээс худалдаж авах боломж бий болж байгаа аж.

Вашингтон 150 км зайд байгаа байг онох чадвартай Боинг компанийн үйлдвэрлэсэн жижиг диаметрийн тэсрэх бөмбөгийг худалдан авч, Киевт илгээхээр төлөвлөж байгаа ба жг тэсрэр бөмбөгний ачаар Украины арми сөрөг довтолгоогоо үргэлжлүүлж, оросуудад эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авах боломж нээгдэх юм.

GPS буюу байршил тогтоогчоор удирддаг дээрх тэсрэг бөмбөгийг цахилгааны доголдол гарсан үед, цаг агаарын ямар ч нөхцөлд, хуягт машин техникийн эсрэг ашиглаж болох давуу талтай аж.

Түүнээс гадна уг тэсрэх бөмбөгийг онгоцноос унагахад 1 м диаметр бүхий жижиг объектийг ч онох чадвартай аж.

Украины Аюулгүй Байдалд Дэмжлэг Үзүүлэх Сан Киевт зориулж агаарын хамгаалалтын систем, дрон устгах систем, их бууны эсрэг систем болон хяналтын радар, харилцаа холбооны тоног төхөөрөмж, Америкт үйлдвэрлэсэн PUMA дрон зэргийг худалдан авч, илгээхээр төлөвлөжээ.

Түүнчлэн хээрийн 3 эмнэлгийг бүрэн тохижуулах хэмжээний тоног төхөөрөмжийг Киевт өөр нэг улсаас хандивлаж байгаа тухай мэдээлж байна.

Дээрх тусламжаас гадна Ерөнхийлөгч Ж. Байден АНУ-ын төрийн тэргүүний хувиар АНУ-ын нөөцөөс 400 сая гаруй ам. долларын үнэ бүхий зэр зэвсгийг авч, илгээх боломжтой бөгөөд үүнд тэсрэх бөмбөгөнд тэсвэртэй машин техник, пуужингийн систем багтах аж.

ОХУ Украин руу довтолсноос хойш Вашингтон Киевт ойролцоогоор 27.2 тэрбум ам. долларын үнэ бүхий зэр зэвсэг илгээжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.